Мөсний бүжгийн гайхамшгийг үсрэлтээс нь хараарай

Уран гулгалт

Уран гулгалт нь мөсөн дээр тэшүүрээр эргэх, үсрэх, уран сайхан гулгах спортын төрөл юм.

Энэ спорт хэзээ, хаана анх үүссэн нь одоо ч маргаантай. Гэхдээ Нидерландад XIII-XIV зууны үед төмөр тэшүүр хэрэглэж байсан баримт байдаг бол уран гулгалтын тэшүүртэй гутал Британид анх бий болсон гэж үздэг. Аливаа зүйлд анхдагч нь болдог британичууд уран гулгалтад өөрийн орон зайтай. Тухайлбал, анхны тэшүүрийн клубийг 1742 онд Эдинбургт байгуулж, анхны тэмцээний журам, дүрмийн ном хэвлэж байжээ.

1896 онд уран гулгалтын анхны ДАШТ албан ёсоор зохиоход тэр үед зөвхөн эрэгтэйчүүд ганцаарчилсан төрөлд өрсөлддөг байв. 1902 оны дэлхийн аваргад Мэж Сайерс Кэйв хэмээх бүсгүй эрчүүдтэй ана мана өрсөлдөж, мөнгөн медаль зүүсэн гэдэг. Удалгүй эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг тусад нь шалгаруулахыг ISU хүлээн зөвшөөрчээ. Ингээд 1906 онд уран гулгалтын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн болов. 1908 онд спортын хос, 1952 онд мөсний бүжиг дэлхийн аваргын хөтөлбөрт багтах болж, өнөөг хүртэл зохиож ирсэн юм.

Тэмцээнд тамирчид эрэгтэйчүүдийн ганцаарчилсан, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, хос уран гулгалт гэсэн төрлөөр өрсөлддөг.

Уран гулгалтын спорт нь 1908-1920 онд зуны олимпын наадмын хөтөлбөрт багтаж, 1924 оноос өвлийн олимп зохиож эхлэхэд бүрэн эрхт гишүүн нь болсон байна.

Уран гулгалтын спортын оноог шүүгчид ур чадвар буюу техник, хөдөлгөөний шилжилт, гүйцэтгэл, бүжгийн дэглэлт зэргийг харгалзан өгдөг. Оноонд хамгийн чухал нөлөөтэй зүйл бол үсрэлтүүд. Ихэнх үсрэлт анх гүйцэтгэсэн эздийнхээ нэрээр нэрлэгджээ. Тухайлбал, аксель үсрэлтийг Норвегийн уран гулгагч Аксель Паульсен 1882 онд анх гүйцэтгэсэн бол риттбергерийг Германы Вернер Риттбергер 1910 онд, сальховыг Шведийн домогт аварга Ульрих Сальхов 1908 онд, Лутцийг 1913 онд Австрийн Алонс Лутц анх гүйцэтгэснээр ийн нэрлэсэн аж. Эдгээр үсрэлтийг хэдэн эргэлттэйгээр гүйцэтгэснээр оноо харилцан адилгүй өгнө. Нэг эргэлтэд 0.4, хоёр эргэлтэд 1.3, гурван эргэлттэй бол 4.0, дөрвөн эргэлттэй бол 9.0 оноог тус тус өгдөг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)