Мөрөөдлөө биелүүлж буй Хятад орны ядуурал бууруулсан түүх

Нэг минут. Энэ хугацаанд бид юу хийж амжуулдаг билээ. Уур савсуулж, үнэрээрээ далласан аяга халуун кофе ууж амжихгүй, хоол идэх тухайд бүр ч ярилтгүй. Юм бичлээ гэхэд ганц бүтэн өгүүлбэр тэрлэж амжихгүй, юу ч бодохгүй, юу ч хийхгүй зүгээр суусан ч ядаж цөхөх зүйлгүй нисэн өнгөрөх ганц минутанд Хятадад юу болдог гээч.

Луугийн улсад минут тутамд 26 хүн ядуурлаас гарч, дундаж давхрага руу шилжиж байна. 2012-2017 онд Хятадын ядуусын тоо 68.53 саяар цөөрсөн. Энэ нь нэг минутанд дунджаар 26 хүн ядуурлаас ангижирсан гэсэн үг.

Ирэх жилүүдэд Хятад улс минут тутамд 20 хүнээ ядуурлаас гаргахыг зорьж байгаа. Тодруулбал, 2020 он гэхэд чинээлэг нийгэм байгуулж дуусах болон үнэмлэхүй ядуурлыг арилгах зорилт тавьсан, амалсан, төлөвлөснөө ажил хэрэг болгодог тус улс жилд 10 сая иргэнээ ядуугаас дундаж давхрага руу шилжүүлнэ. Үүнийг минутаар тооцвол 60 хоромд 20 хүнийг ядуурлаас ангижруулах тоо гарч байгаа юм.

40 жилийн өмнө Хятад орон өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улс орныг хамарсан ядуурлыг бууруулах шинэ арга зам хайсан. Тэр үеэс Хятад орон ядуурлыг бууруулж, хөгжилд хүрэх өргөн хүрээтэй арга хэмжээ авч, 700 сая иргэнээ ядуурлаас гаргасан гэсэн тоо гаргасан байдаг. 2012 оны ХКН-ын XVIII их хурлын дараа Си Зинпинь даргын ядуурлыг оновчтой бууруулах бодлого хэрэгжүүлж, үүний дагуу Хятадын Засгийн газар 2020 он гэхэд ядуурлаас ангижрах зорилт дэвшүүлээд буй. Өмнөд хөрш маань сүүлийн жилүүдэд ядууралтай жинхэнэ утгаараа дайн зарлаж, энэ “дайсан”-аа бүрмөсөн бут цохиж, ялалт байгуулахад ойртсоор байгаа. 2012 онд тус улсад ядуурал жилд 10.2 хувиар нэмэгдэж байсан бол 2017 онд энэ тоо 3.1 хувь болж буурав.

Хятадын Төрийн тэргүүн Си Зинпинь “Би хөдлөөгийн тосгоноос эхлээд хот, муж болон Төв хороонд 40 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд ядуурлыг бууруулах нь миний ажлын чухал хэсэг болж, ихээхэн хүч, хөдөлмөр зарцуулсан” гэж хэлсэн удаатай. Улс орон нь урагшлан хөгжиж, ядуурал хурдацтай буурч байгааг Хятадын иргэд удирдагчийнхаа зөв бодлогын үр шим хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг билээ. 2017 онд Бээжинд болсон дээд хэмжээний чуулга уулзалтад ирүүлсэн мэндчилгээнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес “Ядуурлыг оновчтой бууруулах стратеги бол 2030 он гэхэд тогтвортой хөгжилд хүргэх агуу зорилтыг биелүүлэх цорын ганц арга зам” гэсэн нь дэлхий нийт Си Зинпиний бодлогыг хүлээн зөвшөөрч, сайшаасны баталгаа байлаа. НҮБ-ын “2015 оны мянганы хөгжлийн зорилт” илтгэлд ядуурлыг хамгийн их бууруулсан улсаар Хятадыг нэрлээд, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг тэргүүлэн биелүүлсэн улс хэмээн тэмдэглэгдсэн.

Хятадын ядуурлыг бууруулсан бодлогыг “Тахиа зээлж, өндөг төрүүлэх” хэмээн томъёолж болох аж. Өдгөө тус улсын алслагдсан, ядуурал хамгийн ихтэй нутгийнхны орлогын өсөлт бүх Хятадын орлогын өсөлтийн дунджаас даваад байгаа юм.

  1. 2013 оны арваннэгдүгээр сарын 3. Хунань мужийн Шянши тужя мяо үндэстэн иргэн Шы Чивэний гэрт Си Зинпинь ядуурал хамгийн их 14 бүс нутагт ажиллаж, иргэдийн амьдралтай биечлэн танилцаад ядуурлыг оновчтой бууруулах бодлого хэрэгжүүлэхээ хэлсэн байдаг.

  2. 2016 оны арваннэгдүгээр сарын 25. Нү үндэстэн Ма Фүгүй эмээдээ туслан, эрдэнэ шиш хатааж буй нь Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Юньнань мужийн Нүжянгийн лисүгийн өөртөө засах орны Фүгүн шяны Түөпин гацаа бол улсын зэрэглэлийн ядуу бүс. Хятадын баруун бүсэд ядуурал бат бэх үндэс суурьтай оршдог. Эдгээр газарт их хэмжээний хөрөнгө оруулалт, хүчин чармайлт шаардлагатай. Хятад улс 2020 он гэхэд эдгээр ядуурал ихтэй бүс нутгийнхныг мөр бүтэн, гэдэс цатгалан байх асуудлыг шийдвэрлэж, албан журмын боловсрол олгон, суурь эмчилгээ хийж, орон сууцаар хангах билээ.

  3. 2017 оны зургадугаар сарын 3. Жи Дэминь болон түүний эхнэр Хан Рүй. ӨМӨЗО-ы Сөнөд баруун хошууны Зүрх суурингийн Гүн худаг гацаанд Тэд 2016 оноос мал үржүүлээд ядуурлаас ангижирчээ. Хятадын Засгийн газар 2016 онд “XIII таван жилийн төлөвлөгөөний хугацааны ядуурлыг бууруулах төлөвлөгөө” баталж, 261 баримт бичиг, хэрэгжүүлэх төсөл боловсруулав. Тухайн нутгийн захиргаа ч нөхцөл байдалдаа тохирсон цуврал арга хэмжээ авсны ачаар Жи Дэминь, Хан Рүй нар шиг 88.4 сая хүн энэ бодлогын дэмжлэгийг хүртэж, амьжиргаа нь дээшилжээ.


  4. 2017 оны аравдугаар сарын 29. 67 настай Дай Банлинь Хятадын Гуаншигийн жуан үндэстний өөрөө засах орны Рүншүйн мяо үндэстний өөртөө засах шяний Сырүн шянгийн Жянтань гацааны нэг нугасны үйлдвэрт ажилладаг. Тухайн газар нь “Компани+хоршоо+баяжлын дагуулагч+ядуу өрх” гэсэн хөгжлийн загвараар, Жянтань гацаанд нугас тэжээх хоршоо байгуулсан бөгөөд Дай Банлинь энэ хоршооны нэг гишүүн. 2013-2017 онд Гуаншид зургаан сая хүн ядуурлаас ангижирчээ.


  5. 2016 оны долдугаар сарын 27. Хятадын баруун хэсгийн Ганьсү мужийн Динши хотын Лүжягөү суурингийн Шаньлинь гацаанд Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн сангаас гацааны иргэдэд бэлэглэсэн усан зоориос ус татаж байгаа нь. Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан нь 2001 оны гуравдугаар сард усны гачигдалтай Ганьсүд “Ээж зоорь” хэмээх төсөл хэрэгжүүлсэн байна. Ойролцоогоор 40 мянган зоорьт борооны усыг цуглуулж, усаар хангах эл төсөл хэрэгжсэнээр 370 мянган хүн усны гачигдлаас гарчээ.
  6. Зүүн гар талын зураг 2012 оны есдүгээр сарын 3-ных. Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах орны Дахуагийн яо үндэсний өөртөө засах шяний Баньшэн шянгийн Нүн-Юн гацааны хүүхдүүд хичээлийн цүнх болон ор дэвсгэрээ үүрээд сургуульд очдог байжээ. Баруун гар талын зургийг 2017 оны нэгдүгээр сарын 11-нд авхуулжээ. Цементен автозамыг сургуулиас гацаанд хүртэл барьсан байна.


  7. Хятадын баруун өмнөдийн Сычуань мужийн Ляншаний и үндэстний өөртөө засах жөүгийн Шидэ шяний Лизы шянгийн төв сургуулийн сурагчид гэр орныхоо тухай зуржээ.
  8. Шинэ будааны баяр бол жинпө үндэстний уламжлалт баяр. Жил бүрийн билгийн тооллын 8, 9 дүгээр сард усан тутарга боловсрох үед хүмүүс баяраа тэмдэглэдэг. Ядуурлыг бууруулах хөдөлгөөний хүрээнд иргэдийг хүр хорхой болон үхэр тэжээхийг урамшуулж, айл өрхүүдийн амьдралын түвшин үлэмж дээшилснээр улам ч баяр хөөртэй байна.


  9. Сүүлийн жилүүдэд Хятадын баруун өмнөдийн Сычуаний Шичангийн Чуаньшин суурингийн амьд цэцгийн аж ахуй цэцэглэн хөгжиж, тухайн газрын иргэдийн ядуурлыг бууруулах ажилд ихээхэн дэмжлэг болжээ.


  10. 2016 оны аравдугаар сарын 10. Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах орны Дү-Аний яо үндэстний Лүнфү суурингийн Юйдүн бага сургуулийн сурагчид тоглож байгаа нь. 2016 оны намар хичээл эхэлсний дараа Гуаншийн ядуу гэр бүлд 15 жилийн төлбөргүй, албан журмын боловсрол олгохоор болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)