Мөрийтэй тоглосон залуусыг шалгаж байна

Баянгол дүүргийн нутагт тусгайлан бэлтгэсэн газарт 25-35 насны 10 гаруй залуус энэ сарын 12-нд мөрийтэй тоглоом тоглож байсныг Цагдаагийн ерөнхий газрын ЭЦА-ныхан илрүүлэн, шалгаж байна. Их хэмжээний мөнгөөр тоглосон байж болзошгүй тэдгээр залуус нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг аж. Энэ мэт хууль бусаар, зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглодог хэд хэдэн бүлэг хүнийг ЭЦА-ныхан илрүүлэн, шалгаж буй юм байна. Эл төрлийн гэмт хэргийг манай улсад далд хэлбэрээр үйлдэх тохиолдол цөөнгүй гарч буй гэнэ. Дээрх залууст хууль бусаар мөрийтэй тоглоом тоглосон, зохион байгуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эрүүгийн хуулийн 20.17-д мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 000-14 сая төгрөгөөр торгох, эсвэл нийтэд тустай ажил хийлгэх, цаашлаад зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгажээ. Харин мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан бол 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)