Мөрийтэй тоглоомчдыг илрүүлэв

Цагдаагийн байгууллагынхан энэ сард нууцаар мөрийтэй тоглоом тоглуулж байсан нэлээд олон хүнийг илрүүлэн шалгаж эхэлжээ. Тэднийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйл ангид зааснаар сэжигтнээр тооцсон гэнэ. Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж “Монголд мөрийтэй тоглоомыг хуулиар хориглосон.

Улсын Дээд шүүхээс ч төлбөрт таавар, бооцоот тоглоомын талаар тайлбарлахдаа покерийг хууль бус мөрийтэй тоглоом гэж үзнэ гэсэн байгаа. Тиймээс мөрийтэй тоглоомчдыг болон зохион байгуулагчдад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэлээ. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр мөрийтэй тоглоомоор гаршсан, энэ талаараа олон танигдсан хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрийтэй тоглож байсан залуус цагдаагийн байгууллагад “Бид мөрийтэй тоглоогүй.

Спорт покер гэж зурагтаар гардаг нэвтрүүлгийн адилаар тоглож байсан” хэмээн тайлбарласан гэнэ. Гэвч тэднээс нотлох баримт болгож покерийн хасаа болон их хэмжээний мөнгө хурааж авсан байна. Сэжигтнүүд нэг удаад хамгийн багадаа нэг сая төгрөг, түүнээс дээш хэмжээний мөнгө бооцоонд тавьж тоглож байсан нь шалгалтаар тогтоогдож буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)