Мөнх цаст уулсын орон КИРГИЗ

Талаасаа дээш мөнх цастай, үүлэн дунд үзүүрээ нуусан шовх шовх оргилуудтай, гоо үзэсгэлэн, сүр жавхлан төгөлдөр Тэнгэр уул (Тянь-Шань), тэр сүрлэг хайрхнаас буусан, том том үхэр чулууг мөргөж, цагаан хөөс цахруулан эрчлэх ширүүн урсгалт гол сэтгэлээс мөддөө гарах шинжгүй. 

Онгон тансаг, үзэсгэлэнт байгалиас гадна төрх байдал, аж амьдрал, ахуй соёлын олон зүйлээрээ монголчуудтай төстэй киргизүүд ч дотно дулаан сэтгэгдэл үлдээжээ. Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод цөөн өдөр, шахуу хуваарьтай ажиллахдаа анзаарч, ажигласан, нүдэнд тод туссан зүйлсээ хуваалцаж байна. Хаа газрыг өөрийн улстай жишиж хардаг, бид тэднээс юугаараа илүү, аль талаараа дутууг харьцуулж явдаг нь хүний л араншин билээ.

ТӨВ АЗИЙН НОГООН СУВД БИШКЕК

Манайхны олонтоо бичсэнээр Бишкекийг 1990-ээд оны Улаанбаатартай адилтгаж болох ч бидний 1990-ээд онтой хамт алдсан олон зүйлийг тэд хадгалж үлдсэнийг харж, битүүхэн атаархаж явлаа. Бишкек хотод хамгийн түрүүнд нүдэнд тусаж, атаархал төрүүлэх зүйл нь ногоон байгууламж юм билээ. Дээхнэ үед Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” хэмээн хөөргөдөг байсан шиг Бишкекийг зорьж очсон зочид “Төв Азийн ногоон сувд” хэмээн тал засдаг аж. Энэ нь хоосон магтаал, цаасан малгай биш.

Киргиз ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеэс л Бишкек “Цэцэрлэгт хүрээлэн хот” гэсэн тодотголтой байж. Тусгаар тогтнож, бие даас наасаа хойш улсын дайтай улс болох гэж унаж, босож яваа ч ногоон байгууламжаа арчилж, тордох, тарьж ургуулах ажлаа анхаарлын гадна үлдээгээгүй нь илт. Хаашаа л харна олон жилийн настай, сагсайсан өндөр модод, хэлбэр гарган зассан бут, өнгө өнгийн цэцэг алагласан Бишкек ногоон байгууламжаараа Төв Азид тэргүүлдэг. Төв Азийн төдийгүй дэлхийн хамгийн ногоон хот гэх нь ч бий. Гудамж талбайд нь ойролцоогоор 150 гаруй нэр, төрлийн мод, бут байдаг гэхээр ямар баялаг ногоон байгууламжтай нь тодорхой болно биз ээ.

Киргиз хөгжлөөрөө манай улсаас арван жилийн ард хаягдсан, иргэдийнх нь амьдрал тааруу хэмээн манайхан баахан дорд үзэж, дээрээс харах маягтай байдаг. Төрийн тэргүүний албан ёсны айлчлал, дээд хэмжээний уулзалтын хатуу чанд протоколд баригдаад, зай завсаргүй ургуулсан ногоон модон хөшигнийх нь цаад руу өнгийж, энгийн иргэдийн амьдрал, гудамжин дахь нарийн ширийнтэй нь танилцах боломж ол доогүй ч өнгөц харахад Бишкек хүн амьдрахад зориулсан хот шиг санагдсан. 

Манайхан хүүхдээ салхилуулах талбай, дугуйгаар явах зам, машин тавих зогсоол, сүүдэрт нь суух модоо өдөр өдрөөр шахаж, өндөр үнэтэй шилэн барилгаа зай завсаргүй чигжин, үүнийгээ хөгжил гэж тодорхойлж буй. Харин Бишкек ийм биш болохоор бидэнд хөгжил буурай харагддаг. Гэвч манайд нэгэнт байхгүй болсон, цаашид бий болохоосоо өнгөрсөн олон зүйл тэнд байгаа нь өөрийн эрхгүй атаархал төрүүлэх аж.

Ногоон өнгө туйлын дутагдалтай Улаанбаатараас ирсэн бидэнд Бишкек хот тэр чигээрээ цэцэрлэгт хүрээлэн мэт санагдсан. Саруул цэлгэр өргөн чөлөөнүүд, нүд баясгаж, тайвшрал өгөх ногоон байгууламж, автомашины болон дугуйн хангалттай өргөн замууд, мод бут, цэцэрлэгт хүрээлэнгүүд, өглөө, оройд хүүхдээ түрэхийг нь түрж, хөтлөхийг нь хөтлөн гудамжиндаа салхилах хосууд, байшингийнхаа үүдэнд суугаад цэвэр агаар ханатлаа залгилах өвгөд, хөгшид, навчсын сэрчигнээн, цэцэгсийн үнэр, хаашаа л харна ногоон өнгө... Ийм амгалан тайван, амьдрахад таатай, иргэдэд зориулсан орчин Улаанбаатарт минь бий болох найдлага бараг тасарсан, замбараагүй, төлөвлөлтгүйн алдааг засах боломж үгүй болсныг тэнд очоод илүү тодоор ойлгосон. Киргизийг авлигад идэгдсэн, улстөрчдийг нь арчаагүй муугийн үлгэр жишээ болгож манайхан цэцэрхэх нь бий. Тийм ч биз. Гэхдээ тэд лав л манайхан шиг гудамж, талбай, нийтийн эзэмшлээсээ хумсалж, мод бут, ногоон байгууламжаа сүйтгэн, үүр шөнийн заагаар хулгайч шиг гэтсээр хувийн байшингаа барьчихдаг арилсан дотортнууд биш гэдгийг хотынх нь өнгө үзэмж хэлээд өгч байна. Ганц энэ шалтгаар Киргизийн улстөрчид манайхнаас хол илүү дээр юм гэсэн төсөрхөн дүгнэлт хийчихээд ирсэн минь ч аргаа барсан хүний л явдал биз.

1.3 сая хүн амтай гэх хэрнээ Киргизийн нийслэлд замын түгжрэл хэмээх аюул байхгүйтэй адил. Үүнийг Бишкек хот Улаанбаатарыг бодвол уужим талбиу хөндийд оршдог учраас харьцангуй сийрэг, иргэд нь машин унаж дэмий сэлгүүцдэггүй, дор бүртээ ажилтай байдаг, амьжиргаа нь сайнгүй тул машин цөөн гэх мэтээр тайлбарладаг л юм билээ. Энэ бүхнээс илүү хүндээ чиглэсэн, ирээдүйг харсан хот төлөвлөлт, өргөн цэлгэр замуудтайн хэрэг энд гардаг байх.

Ямартай ч Улаанбаатарын алдагдсан ногоон байгууламжийг сэргээх, хүн, машин техник, ер юунд ч зориулагдаагүй төлөвлөлтийг засаж залруулахаас нэгэнт өнгөрсөн бол Бишкекийн ирээдүйгээ харж, хүнээ таатай, тухтай амьд руулахыг бодолцсон зам, талбай, ногоон байгууламж бүхий төлөвлөлт дээр ямар ч гайхалтай хотыг босгох ирээдүй байна.

ЦАГААДАЙ ХААНЫ ЗУСЛАНГИЙН ГАЗАР-ҮҮЦЭЭ НЭЭГЭЭГҮЙ КИРГИЗ

Бас нэг атаархмаар нь Киргиз улс газрын хэвлийдээ асар их баялагтай хэдий ч манайхан шиг ухаж сэндийчээгүй, гайхалтай үзэсгэлэнт байгалиа онгон дагшнаар нь хадгалж буй. Эзэн Чингис эцгээ өөд болсноос хойш Төв Азийг насан эцэс болтлоо захирсан Цагаадай хаан таалж, зуслангийн газраа болгож асан Кирги зийн байгаль нүд, сэтгэл баясгам үзэмж төгсийн сацуу мөнгөн ус, уран, зэс, алт нүүрсний арвин нөөцтэй. Тус улс нөөцөөрөө дэлхийд дээгүүр бичигддэг алтны ганц ордоо л ашигладаг бөгөөд энэ нь жижиг улсын том зовлон болж, манай “Оюутолгой” шиг мөнхийн маргаан дагуулсаар иржээ. 

Монголын Бороогийн ордыг ашиглаж, Гацуурт руу гараа сунгаад амжсан “Сентерра голд” компани тэндхийн Кумторын алтны ордыг эзэмшиж, ашигладаг бөгөөд киргизчүүд эндээс хангалттай ашиг хүртэж чадахгүй байна хэмээн байсхийгээд жагсаж, тэмцдэг, энэ нь улс орны төсөв, мөнгө, эдийн засагтай холбоотой томоохон асуудал болдог гэнэ. Киргизийн экспортын 43 хувийг алт, үлдсэнийг хө дөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлдэг аж. Киргизийн жимс, жимсгэнийг элдэв бордоо, генийн өөрчлөлтгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн дэлхийн баячууд таашаан хүртэх нь улам нэмэгдэж буй. БНХАУ-ын дарга Си Зиньпин сая тус улсад айлчлахдаа хүнсний бүтээгдэхүүн авах 7.5 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан нь үүцээ задлаагүй Киргиз улс ухдаг биш, ургуулдаг баялгаараа амьжиргаагаа залгуулах боломжтойг нотолсон хэрэг билээ.

БИДЭНД ТАНИЛ ХЭРНЭЭ ТАНИЛ БУС КИРГИЗ

Киргиз, Монгол хоёрт холбогдох сэжим, түүх, соёлын улбаа олон бий. Хүрэл зэвсгийн үеэс эхлээд Киргиз, Монголын газар нутаг нүүдэлчдийн соёлын нэг ай савд багтаж ирсэн. Хүннүгийн их эзэнт гүрний үед нэг гол аймаг нь Киргизийн нутагт, Түрэгийн үед киргизүүд Монголын нутагт сууж байв. МЭ840 оноос Киргизийн хаант улс хэмээх хүчирхэг эзэнт гүрэн Монголын нутагт зуугаад жил оршин тогтносны ул мөр болсон олон түүхэн дурсгал манай улсын баруун хэсэгт бий. Монгол нутагт оршиж байсан харийн гурван эзэнт гүрэн (Түрэг, Уйгар, Киргиз)-ий нэг нь Киргиз.

Дараа нь Чингисийн хүү Цагаадай Төв Азийг эрхшээж байхдаа Киргизэд зусдаг байсан бөгөөд тэр үеийн түүх, соёлын олон дурсгал тус улсын нутагт үлдсэн.

Монголын эзэнт гүрний хувь заяаг шийдсэн, Таласын тулаан хэмээн түүхэнд үлдсэн том тулаан Тэнгэр уулын хормойд болсон. Киргизийн хөх сувд хэмээдэг Иссык-Куль нуурын хөвөөнд Монголын ихэс дээдэс цуглан, Зүчийн ахмад хүү Бат ханы удирдлагад их хуралдайгаа ёслол төгөлдөр хийж, Их Монгол Улсын хаан сууринд Толуйн ахмад хөвгүүн Мөнхийг залсан.

XVII-XVIII зууны үед Манжийн эсрэг бослого гарахад Зүүнгарын нутгаас Тэнгэр уулыг даван Киргизэд очсон ойрадын сарт халимгууд Иссык-Куль нуурын зүүн эрэгт нутаглаж, үлдсэн. Хэл, соёл нь бүдгэрэн ууссан ч өөрсдийгөө сарт халимаг гэдгийг мартаагүй хүмүүс тэнд нэгэн тосгон үүсгэн аж төрж буй.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа 1992 онд тогтоосноос хойш уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн ч худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа хангалттай түвшинд хүрээгүй, төдийлөн ахицтай бус байна. Өдгөө Монгол, Киргизийн худалдааны эргэлт ганц сая ам.доллар ч хүрэхгүй байгаа юм. Харин сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн улс төрийн яриа хэлэлцээр идэвхжин, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж буй бөгөөд улс төр, эдийн засаг, хүн амын тоо, нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй, хоол хүнс, хувцас хэрэглэл, хэл, ёс заншлын адил төстэй олон нийтлэг зүйлтэй хоёр орон хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр бие биенээ сонирхож буй.

Манай улс тус улстай тогтоосон харилцаандаа ач холбогдол өгч, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлж Элчин сайдын яам нээлээ. 40-өөд оюутан, консулын газрын албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн, киргиз эртэй амьдралаа холбож, тус улсад суурьшсан цөөхөн эмэгтэйг нийлүүлээд ч 60 хүрэхгүй монгол иргэн оршин суудаг улсад ЭСЯ нээх хэрэг байсан уу гэдэг асуулт олон нийтийн дундаас гарч буй.

Харин албаны хүмүүс “Төв Азийн бүс нутаг дахь манай улсын чухал түнш орны нэг Киргиз. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах санал дэвшүүлсэн. Хэлэлцээр байгуулахын тулд хамтарсан ажлын хэсэг байгуулах ёстой. Энэ ажлын хэсэгт холбооны гишүүн таван орон орох бөгөөд бүгд санал өгч байж манай улс чө лөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх боломжтой. Өнөөгийн байдлаар Киргиз улс хамгийн түрүүнд дэмжээд буй. ОХУ дэмжсэн. Казахстан дэмжихээ мэдэгдсэн. Чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэж, нэгдсэн тарифын системд орсон нөхцөлд Монгол Улсын уламжлалт бараа таваар, бүтээгдэхүүн энэ таван улсад гарах нөхцөл бүрдэнэ. Мөн эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлоход Киргиз томоохон гарц суваг болох боломжтой” хэмээж буй.

Мөнх цаст, мөнгөн дуулгат уулсын оронд хөл тавьж, цухас боловч танилцсан сэтгэгдлээ хуваалцахад ийм буюу. Энэ улсад очсон хэрнээ, Киргизийн утга зохиолын хамгийн том төлөөлөгч, хүүхэд ахуй насандаа “Цайран харагдах хөлөг онгоц”, “Далайн хөвөөний алаг хав толгой” туужийг нь уншаад л эрхэм дотнын хүмүүсийнхээ тоонд оруулчихсан Чингиз Айтматов авгайн гэр музейгээр орж амжилгүй ирсэндээ одоо ч харамссаар л суунам.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)