“Мөнхжин-Од”-ынхон хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй

Баянгол дүүргийн II хорооны нутагт архидан согтуурсны улмаас амиа алдсан таван хүний шинжилгээний урьдчилсан хариу болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон гурав хоногийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийнхөн мэдээлэл хийв.

ЦУСНААС НЬ МЕТИЛИЙН СПИРТ ИЛЭРСЭН

Н.ГАНБАЯР (Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын орлогч дарга, хошууч):

-Нас барсан иргэдийн цогцсонд үзлэг хийхэд цуснаас нь метилийн спирт илэрсэн. Шинжилгээний урьдчилсан дүгнэлтийг цагдаагийн байгууллагад хүргэсэн байгаа. Эсийн шинжилгээний хариу 7-14 хоногийн дотор гарна.

“МӨНХЖИН-ОД”-ЫГ ХААСАН

Л.ЭРДЭНЭЧУЛУУН (Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга):

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 22, манай газар 37 нэрийн архи, спиртээс дээж авч, үйлдвэрийн технологийн ус, спиртийг шинжиллээ. Цөм шаардлага хангасан байв. Харин 42 нэрийн архины 36 нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан гэж дүгнэлт гарсан. “Найрсаг” нэртэй зургаан архины хатуулгийн хэмжээ бага үзүүлэлттэй гарсан. Шошгон дээрээ 39 градус гэсэн ч шинжилгээ хийхэд 28-32 градус байсан гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, тус архи хүнийг үхэлд хүргэхгүй гэж дүгнэлээ. Мөн МХЕГ-ын даргын тушаалаар “Мөнхжин-Од” компанийн “Найрсаг” архины үйлдвэрийг шалгалаа. Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Тус үйлдвэрийнхэн “Манайх бүтээгдэхүүндээ саарал өнгийн таглаа ашигладаг. Гадуур хуурамчаар үйлдвэрлэж байгаа нь цэнхэр бөглөөтэй” гэж хэлсэн ч тэндээс цэнхэр өнгийн бөглөө олдсон.

Тиймээс үйлдвэрийнхээ нэр дор хуурамч архи хийсэн байж болзошгүй хэмээн үзээд тус компанийнхныг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ. Бас горимын болон дотоод хяналт сул зэрэг зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг нь энэ сарын 17-ноос эхлэн хаасан.

НИЙСЛЭЛД ГАРЧ БУЙ БҮХ ХЭРЭГ АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААТАЙ ХОЛБООТОЙ

Ж.ЭРДЭНЭБОЛД: (Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар)

-Энэ сарын 17-ны 18.00 цагаас 20-ны 00.00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Эдгээр өдрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт дуудлага 1402 буюу 22.5, гэмт хэргийн дуудлага 327 нэгж буюу 61.9, зөрчлийн дуудлага 1641 буюу 39, согтуугаар танхайрсан, агсам тавьсан, гудамжинд осгосон зэрэг дуудлага 1037 буюу 63.3 хувиар буурсан.

Гэмт хэргийн төрлөөр авч үзвэл дээрэм, булаалт тус бүр 50, хулгай 61.3 хувиар буурсан байна. Үүнээс нийслэлд гарч буй бүх хэрэг архи, согтууруулах ундаатай холбоотой болох нь нотлогдож байна.

ХОРИГ ТАВЬСАН ӨДРҮҮДЭД АРХИНД ХОРДСОН 96 ХҮН ЭМЧЛҮҮЛСЭН

Л.ТӨМӨРБААТАР: (Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга)

-Таван хүн амиа алдсаны дараах өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Энэ хугацаанд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, хордлогын шинжтэй 96 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Ноцтой хүндрэл гараагүй.

Энэ дашрамд хэлэхэд, манай улсын иргэдийн архины хэрэглээ хэт өндөр байна. 15-аас дээш настай нэг хүнд жилд 9.2 литр согтууруулах ундаа, өдөрт 18.9 грамм архи ногдож буй юм. 2010- 2014 онд архинд донтох эмгэг хоёр дахин нэмэгдсэн. Жилд 117 мянган хүнийг албадан эмчилж буй нь согтууруулах ундааны хэрэглээ өндөр төдийгүй хэтрүүлэн уух дадал тогтсоныг илтгэж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)