Мөнгө угаасан хэргүүдийг шуурхай шийдэж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулснаа 2019 онд зарласан билээ. Тэгвэл хэд хоногийн өмнө тус байгууллагын шинжээчид манай улсад ирж, нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, үнэлгээ дүгнэлт өгсөн. Тэр үеэрээ АТГ, цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн ажил, авсан арга хэмжээг өндрөөр үнэлснийг хууль сахиулах байгууллагын олон эх сурвалж баталлаа. Ялангуяа үндэстэн дамнасан зохион байгуулалттай хэрэг болох БНХАУ-ын 800 хүнтэй холбоотой, Нигерийн иргэн манай улсад зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөнгө угаасан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль зөрчин хувийн компанид шилжүүлсэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Баярцогт тэргүүтэй хүмүүсийн оффшор бүсэд хөрөнгөө хадгалсан зэрэг мөрдөн байцаалт нь удааширч, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан олон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, заримыг нь шүүхээр шийдвэрлүүлсэн нь “Саарал жагсаалт”-аас гарахад харгалзах тэргүүлэх чиглэл болно хэмээн ФАТФ-ын үнэлгээний багийнхан үзсэн гэнэ.

Манайх өнгөрсөн тавдугаар сарын 11-нд ФАТФ-тай онлайн уулзалт зохион байгуулсан бөгөөд “Монгол Улс өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн” хэмээн урьдчилсан байдлаар мэдэгдсэн билээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ФАТФ-ын багийнхан Монголд ирэх нь хойшлоод байсан бөгөөд удаан хугацааны яриа, хэлэлцээрийн дүнд энэ сарын 1, 2-нд манай улсад ажилласан юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)