“Мөнгөтэй” музей

Дэлхийн санхүүгийн түүхийн музейг өнгөрсөн сарын 23-нд манай улсад нээсэн. Тус музейд дэлхийн санхүү, эдийн засгийн салбарын түүхийн 1000 орчим ховор үзмэрийг хадгалж байна. Энэ сарын 5-нд Олон улсын санхүүгийн музейнүүдийн холбоо (IFFM)-ны албан ёсны гишүүн болсон тус музейг үүсгэн байгуулагч Ө.Ганзориг олон улсын дуудлага худалдаанд оролцон, мөн нэр хүндтэй цуглуулагчдаас худалдан авч, дэлхийн өнцөг булан бүрээс 10 гаруй жилийн турш үзмэрүүдийг цуглуулжээ. Тэгвэл тус музейн үзмэрүүдийг мөнгө, санхүү, даатгал, төлбөрийн хэрэгсэл, эдийн засаг, хөрөнгийн зах гэж зургаан хэсэгт ангилжээ. Төмөр хамгаалалт бүхий хаалгыг онгойлгоход л өвөрмөц архитектуртай танхим угтана. 

Дэлхийд анхдагч гэх тодотголтой хумсын чинээ мөнгөн зоосноос эхлээд АНУ-ын санхүү, эдийн засгийн салбарын түүхийг харуулах томоохон газрын зураг ч байна. Дэлхийн анхны зоосон болон цаасан мөнгө, Төвбанкнаас гаргасан цаасан мөнгө, амьдралын даатгалын компанийн баримт, даатгалын сурах бичиг, хувьцаа, төлбөрийн карт, хөрөнгө оруулалтын бонд зэргийг эх хувиар нь дэлгэжээ. Чингис, Хубилай хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгө, Монголын түүхэн дэх санхүүгийн чухал үйл явдлыг дүрсэлсэн газрын зураг ч байна. Цаасан мөнгө үүсээгүй цагт Хятадад үнэт металлыг хэлбэржүүлэн загас, хутга, зоос урлаж, түүгээрээ бараа солилцдог байсан баримтыг ч тэндээс харж болно. Банкны анхны баримт зэрэг цаасан үзмэр нь эх хувиараа учир нэлээд элэгдэж, урагджээ. 

Тус музейгээс нэгэн онцлог үзмэрийг танилцуулъя. Хүн төрөлхтний түүхэн дэх зээлдэгч, зээлдүүлэгч хоорондын анхны гэрээ өвөрмөц хийцтэй бөгөөд бүтээсэн техник нь ч гайхширам байв. Нойтон шавар дээр дүрс үсгээр зээлийн гэрээг бичиж, хатаадаг байжээ. Одоогоос 5000 орчим жилийн тэртээд эртний Месопотамд хүн төрөлхтний анхны бичиг болох дүрс үсгийг зохиожээ. Ийнхүү бичиг үүссэнээр хууль, журам тогтоох, гэрээ хэлцэл байгуулах, түүхийг тэмдэглэж үлдээх, нягтлан бодох бүртгэл хөтлөх боломжтой бүрдсэн байна. Эртний Вавилон гүрний Хамурапи (МЭӨ1810-1750) хаан санхүүгийн харилцааг хамгийн анх нарийн хуульчилснаар түүхэн ач холбогдолтой аж. 282 заалт бүхий хуульд худалдаа, гэр бүл, хэлцэл, санхүү, гэмт хэрэг зэрэг олон харилцааг зохицуулжээ. Мөн гэрээг зөвхөн бичгээр хийснээр хүчин төгөлдөрт тооцдог байсан тул дэлхийн зээлийн анхны гэрээг ийнхүү бүтээсэн байна.

Бэлтгэсэн: Б.Уянга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)