МҮХАҮТ-аас төсвийг бодитой төлөвлөх санал гаргалаа

МҮХАҮТ-аас 2020 оны төсвийн төсөлтэй холбоотой зарим саналыг гаргаж, өнгөрсөн баасан гарагт УИХ-д хүргүүлжээ. Тус байгууллага төсвийн алдагдлыг боломжит түвшинд багасгаж, өр нэмэх, сангаас ашиглах байдлыг бууруулах санал гаргасан аж. Үүнийг “Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг байгаа нь өндөр. Эдийн засаг эерэг, төсвийн орлого өндөр байгаа нь үнэн ч их хэмжээний алдагдал бий болгож зээл авч, тогтворжуулалтын сангаас нөхөхөөр төлөвлөснийг анхаарах нь зүйтэй” гэж тайлбарлажээ.

Мөн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг өөрчилж, орлого, зарлагыг хэт өндрөөр төлөвлөснийг эргэн харах хэрэгтэй гэж үзсэн байна. “Төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн зорилгууд нь хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна. Өнөөгийн өсөлт, эерэг үзүүлэлтүүдийг халхавч болгосон нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх үндэслэл болгожээ. Жишээ нь, 2019 онд 42 сая тонн нүүрс экспортлох боломжгүй нь тодорхой байхад хэмжээг энэ хэвээр оруулж ирсэн нь эргэлзээтэй” гэж тус байгууллагынхан дүгнэв.

Түүнчлэн төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг өрийн удирдлага, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн багасгах, эдийн засгийн үр ашигтай төлөвлөлт хийх хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Тэд эдийн засгийн үр ашиг гэхээс илүү сонгуулийн амлалт, намуудын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхээр урсгал зардлыг өсгөсөн, төсвийн хөрөнгө оруулалтыг 614 тэрбум төгрөгөөр нэмж, хэт тэлсэн гэж шүүмжилж байна.

Бэлтгэсэн: Т.Бат


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)