Мятаршгүй МАКСИМ

Максим Гавриленко

Эцэг, эхээс өвлөсөн бизнесээ Максим Гавриленко өргөжүүлэн, кофены шаараар нүдний шилний хүрээ үйлдвэрлэдэг болжээ. Эко санаачилгадаа 13 мянган долларын хөрөнгө оруулалт татсан нь олон улсын хэвлэлийнхний анхаарлыг татав. Манай гарагт жил бүр хоёр тэрбум гаруй тонн хог үйлдвэрлэдгийн 40 хувийг дахин боловсруулдаггүй, эсвэл технологийн бус аргаар шатаадаг гэж Дэлхийн банкнаас мэдээлжээ. Эл эмгэнэлтэй статистик мэдээллийн нөлөөгөөр хүмүүс хэрэглээндээ хариуцлагатай хандаж, нэг удаагийн бараанаас татгалзаж, байгальд шингэдэг материал сонгон, хог хаягдлаа ангилдаг болсон. 

Украины “Ochis coffee” төслийг санаачлагч Максим Гавриленко “Кофе нь манай гаргийн хамгийн алдартай ундаануудын нэг. Шаараар нь хийсэн хүрээ хуванцар материалтайнхаас 100 дахин их борлуулалттай” гэжээ. Хөрш кофены газрын хаягдлыг ашиглан гар аргаар анхны загваруудаа урласан Максим үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр “Kickstarter” кампанит ажил өрнүүлснийг хувийн хөрөнгө оруулагчид 13 мянган ам.доллароор дэмжсэн аж. Кофены шаараар хийсэн нүдний шилний хүрээний эхний үйлдвэрлэлээс тэрбээр 3200 ам.долларын орлого олж, гадаадын дэлгүүрүүдийн анхаарлыг татсан байна.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН УДАМ

Максим Гавриленко Украины Харьков мужийн Изюм хотод мэндэлсэн бөгөөд хараа зүйн мэргэжилтнүүдийн орчинд өсжээ. Изюм нь Оросын хараа зүйн нийслэл гэдэг. 1916 онд II Николай хааны тушаалаар тус хотод харааны шилний анхны үйлдвэр барьж эхэлсэн аж. Максимын эцэг, эх энэ л үйлдвэрт 1980 онд танилцжээ. Аав нь тоног төхөөрөмжийн инженер, ээж нь линзийн чанар хариуцсан ажилтан байв. Харин ЗХУ задарсны дараа тус үйлдвэр тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ худалдаж, хаалгаа барихдаа тулахад Максимын эцэг, эх хуримтлуулсан мөнгөөрөө нүдний 300 орчим шил аваад, Киев рүү нүүжээ. Тэнд нүдний шил худалдахын сацуу засвар, үйлчилгээ хийж, линз суулгадаг газар нээсэн байна. 

Үйлдвэрээсээ авсан нь дууссаны дараа Европын нийлүүлэгчидтэй гэрээ байгуулж, нүдний ховор загварын шил борлуулдаг болсон аж. 10 настайгаасаа Максим эцэг, эхдээ тусалж, сонгосон загваруудаа худалдааны захын үүдэнд борлуулах санаачилга гарган ажилладаг байж. Дунд сургуулиа төгсөөд, Киевийн Соёл, урлагийн их сургуульд элссэн ч хоёрдугаар дамжаанаас гарч, гэр бүлийн бизнестээ оролцохоор шийдсэнийг эцэг, эх нь эсэргүүцээгүй байна. Ажлынх нь эхний өдөр аав нь багажны жижиг чемодан өгч, засвар хариуцахыг даалгажээ. “Үйлчлүүлэгч засвар хийлгэхийг хүсэх бүрт гар салганана. Тэр болгонд ичдэг байж билээ” хэмээн Максим дурсав.

Хэдхэн сарын дараа тэрбээр ажилдаа гаршиж, засварын илүү олон захиалга авах арга хайж олжээ. 2012 онд Украины нүдний шилний нэг ч газар интернэтээр дамжуулан үйл ажиллагаа явуулдаггүй байв. Тиймээс Максим засварыг байгаа газарт нь очиж хийдэг, шуудангаар дамжуулан улс орон даяар үйлчилгээ үзүүлдэг болсон гэнэ. Засварын газартай болохын тулд байшин хүртэл түрээсэлжээ. Ийм ажлын гараанд аавынхаа хуримтлуулсан 4000 орчим ам.долларыг зарцуулсан аж. 

Төсөлдөө найз Евгения болон аавыгаа оролцуулан хамтран ажилласан байна. Өрсөлдөгчгүй тул засварын газар нь богино хугацааны дотор олонд танигдаж, “Google”-ийн хайлтад түргэн гарч ирдэг болжээ. Өдөрт эхлээд 5-10 үйлчлүүлэгчтэй байсан бол хоёр жилийн дараа 50-60-д хүрч, нэг үйлчлүүлэгч 50-150 гривений (1 ам.доллар=24 гривен) орлого оруулж байв.

“Аавын нүдний шилний газар хэзээ ч ийм орлоготой байгаагүй” гэж Максим тодруулжээ. Аав, ерөнхий мастер болсон найз Евгениягаас гадна эрхлэгч, Киев хотоор захиалга хүргэгч хөлсөлсөн гэнэ. “Би мөнгөн хуримтлал, гадаад машин, сайн мотоциклтой болсон” хэмээн тэрбээр бахархан ярьжээ.

СОРИЛТ

Бизнес нь хөл дээрээ зогсмогц Максим нүдний шилний өөрийн гэсэн загвар үйлдвэрлэхээр шийджээ. Хятадын олон өрсөлдөгчөөс хэрхэн ялгарах учраа олохгүй байтал 2015 онд найз Евгения нь 14 хоногийн чөлөө аваад, дараа нь эргэж ирэхгүй гэдгээ мэдэгдсэн аж. Удалгүй түүнийг хотын төвд өөрийн гэсэн засварын төв нээж, хямд үнээр үйлчлүүлэгчдийг нь татсаныг мэдэв. Ажил нь зогссон тул найзуудаа дагаж Америк руу гарах гэсэн боловч виз авч чадаагүй байна. Мөн оны зун эгч нь хувь хүний хөгжлийн төвийн сургалтад хамруулах үеэр Максим Киевийн барилгын дотоод засал, чимэглэл хийдэг Марина Луневатай танилцан дотносжээ. 

Максимын эцэг, эх бүсгүйн бизнесийг дэмжин, 2017 оноос шинэ орон сууц, хувийн байшингийн доторх жижиг заслыг байгалийн гаралтай материалаар, тухайлбал, модон залгуур, унтраагуур хийдэг болсон гэнэ. Загварыг хамтдаа гарган, Максим тэр болгоныг гараар урладаг болжээ. Улмаар Марина барилгын компанитай гэрээ байгуулснаар жишээлбэл, Украины нийслэлийн ойролцоох “Goodlife park” хотхоны захиалгыг гүйцэтгэсэн байна. Ийм захиалгаас тэд 1000-2000 ам.доллар сард олдог аж.

“FORBES” ДЭМЖСЭН ЗАЛУУ БИЗНЕСМЕН

Дотоод заслын ажлаа эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд эцэг, эхийнх нь бизнес олигтой хөгжихгүй, захиалга нь гарааны байдалдаа эргэн очжээ. Нүдний шилний өөрийн гэсэн цуглуулгатай болох мөрөөдлөө хаяагүй Максим урьд нь хэрэглэгчийг хэрхэн татах аргаа олохгүй байсан бол одоо байгалийн гаралтай материал хэрэгтэйг ойлгосон гэнэ.

Маринатай хамтран амьдарсан хэдэн жилд тэрбээр эрүүл амьдралын хэвшилтэй, хариуцлагатай хэрэглээтэй нэгэн болжээ. Тэрбээр бясалгал хийж, хогоо ангилж, махнаас түр хугацаагаар татгалздаг болсон аж. Нүдний шилээ эхлээд модоор хийх гэснээ болж, хоёрдогч түүхий эд ашиглахаар шийдэж, шүүсийг нь шахсан жимс, ногооны янз бүрийн хаягдал туршиж, хагас жил алджээ. Харин 2018 оны зун Марина засварын газарт кофены шаар авчраад, “Дэлхийн хамгийн алдартай ундаануудын нэг болсон эл бүтээгдэхүүний шаарыг нэгдүгээрт, шууд хаядаг. Хоёрдугаарт, хэрэглээд үлдсэн шаар хар өнгөтэй. Энэ нь нүдний шилний хүрээний хамгийн алдартай өнгө” гэсэн байна. 

Дахиад хэдэн сар Максим технологио боловсронгуй болгож, бат бөх материал хараахан бэлэн болоогүй байхад 2018 оны зун бүтээгдэхүүнээ сурталчлан, дэлхийд анх удаа кофегоор нүдний шил бүтээснээ Украины хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж, улмаар Америкийн “Forbes” сэтгүүлд бичигджээ. Тийнхүү украин залуугийн гарааны бизнес гадаадын гэрээт борлуулагчдын анхаарлыг ихэд татсан байна. АНУ руу явсан найз нь “Kickstarter”-ийн тухай ярьж, сурталчилгааны дүрс бичлэг бэлтгэхэд 5000 орчим ам.доллар зарцуулсан байна. Тийнхүү АНУ, Япон, Европын голдуу хувийн хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг авч чаджээ. 2019 оны хавар Максим кампанит ажилд нь оролцсон бүх хүнд захиалгыг нь илгээсэн байна. Тэдгээрийн 90 хувь нь амжилттай болжээ. Хоёр шил л хугарсан бөгөөд захиалагчид шинийг илгээгээд, хүчтэй нугалахгүй байхыг хүссэн аж.

АШИГТАЙ ХАЯГДАЛ

Хөрөнгө босгох кампанит ажил нь “Ochis coffee” төсөлд ашиг оруулаагүй ч, алдаршуулжээ. Өдгөө Максим өдөрт нэлээд хэдэн захиалга авч, ширхгийг нь 90-140 ам.доллароор худалддаг. Мэдээжийн хэрэг одоогоор эл бизнес ашигтай ажилд тооцогдохгүй. Кофены шаарыг одоогоор тогтмол биш ч, үнэгүй авдаг. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор “Ochis coffee”-гийн нүдний шилний өртөг 40 орчим ам.доллар аж. Үнээ бууруулахгүй бол олноор, ялангуяа хуучин Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад хэрэглэгчтэй болж чадахгүй. Эндхийн хэрэглэгч худалдан авагчдынх нь 10 хүрэхгүй хувийг эзэлж буй. Барааныхаа өртгийг багасгаснаар эл бүс нутгийн хэрэглэгчдийн тоог нэмнэ гэж Максим найдаж байна.

Одоогоор үйлдвэрлэлээ гар аргаар явуулж, материалыг бат бөх болгохын тулд нэг шилийг долоо хоног дардаг гэнэ. Хэрэв эл ажлыг автоматжуулбал өдөрт 5-10 бус, 50-ийг хийнэ гэж тэрбээр үзэж байна. Үйлдвэрлэлээ автоматжуулах санхүүжилтийг хоёр дахь удаа “Kick¬starter”-ээс босгохоор Максим төлөвлөж, юуны түрүүнд 50 мянган ам.доллартой болно хэмээн найдаж буй. “Ochis coffee”-д өдгөө найман хүн ажилладаг. Тэдний тоонд Марина Лунева ордоггүй. “Марина бид хоёр мөр мөрөө хөөсөн” гэж Максим ярьжээ. “Ochis coffee”-г компаниар албан ёсоор бүртгүүлээгүй байсан учраас тэдний дунд хөрөнгө хуваах асуудал үүсээгүй гэнэ. Максимаас гадна ацетатыг 100 хувь дахин боловсруулж хийдэг, органик “Etnia Barcelona”, модон “Woodsun” гэдэг Москвагийн брэнд бий аж. 

Модон шилийг дэлхийн олон компани үйлдвэрлэж эхэлсэн. “Woodsun”-ы загвар хосгүй, Орос болон гадаадын хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажилладаг, хөгжих боломжтойг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Харин “Ochis coffee”-г хөгжүүлэхэд маркетингийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж “Fashion consulting group”-ийн удирдагчдын нэг Анна Лебсак-Клейманс зөвлөсөн байна. “Гэхдээ эл брэнд өрсөлдөгчдөөсөө ялгарах онцгой материалтай нь давуу тал юм” гэж тэрбээр онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)