Мялзанг тэсвэрлэсэн бөхөнгүүд амьд үлджээ

Нэн ховор монгол бөхөн өнгөрсөн хавар бог малын мялзангаар өвчилж, олноороо хорогдсон. Тандалт судалгааг эрчимжүүлж, дараа дараачийн болзошгүй тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх, уг амьтныг хамгаалах арга хэмжээ төлөвлөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж буй. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Говь-Алтай, Ховд аймгийн Мал эмнэлгийн газар болон Бөхөн хамгаалах багийнхан хамт­ран уг амьтны тоо толгой, шилжилт хөдөл­гөөнийг тодорхойлохоор ажиллаж байна. Үүний хүрээнд бөхөнгөөс цусны сорьц авч шинжлүүлснээс гадна 10 орчимд нь сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, ажиглажээ. Судалгааны үр дүн хараахан гараагүй ч амьд үлдсэн бөхөнгүүдээс эхний ээлжинд мял­зангийн вирус илэрч буйг тогтоосон байна. Тиймээс мялзанг тэсвэрлэж, дархлаатай бол­сон нь амьд үлдсэн гэж урьдчилан таамаг­лахад хүрчээ.

2016 оны тооллогоор 10.908 бөхөн бүрт­гэгдсэн ч өвчний улмаас үрэгдсээр 4900-д хүрч, 60 хувиар цөөрснийг өнгөрсөн гуравду­гаар сард хийсэн судалгаагаар тогтоосон юм. Дулааны улирал эхэлснээс хойш бөхөн үхэж хорогдох нь эрс багассан гэж мэргэжлийн байгууллага, орон нутгийн холбогдох ал­баныхан мэдээлж байна. Хэдийгээр мялзан өвчний дэгдэлт саарсан ч зуншлага тааруу учраас байгаль, цаг уурын нөхцөл популяцад нь сөргөөр нөлөөлөх, эсвэл уг амьтан цусан суулгаар өвчилж болзошгүй гэнэ. Эдгээрийг талууд нарийвчлан судлаад, энэ сарын сүүл­чээр нэгдсэн дүн мэдээллээ гаргах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)