Мээр мэдэн будлив уу

Хүүхдийн зулай шиг нимгэн, хэзээ мөдгүй задарч мэдэхээр шугам нийслэлд цөөнгүй. Хангалттай хөрөнгөгүйн улмаас капитал засвар хийж чадалгүй, цоорхойг нь нөхсөөр 30-аад жилийг үджээ.

2015 оноос ашиглалтын шаардлага хангахгүй цэвэр, бохир усны шугамыг сольж, заримыг нь хэсэгчлэн нөхөх ажил олныг хийв. Хэрэглээний ус хязгаарлан, авто замын хөдөлгөөнийг хааж иргэдийг бухимдуулдаг уг засвар өнөө жил ч үргэлжилнэ. Ингэхдээ олон жил “гар хүрээгүй” шугамыг шинэчилж, засахаараа өмнөх жилүүдээс онцлог.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулгын хэлснээр энэ зун Улаанбаатарт инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийх нь.

Дулааны шугамын 32, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг, ус зайлуулах системийн 19 ажил үүнд багтжээ. Эдгээрийг хийх үеэр авто замын зорчих хэсгүүдийг хэсэгчлэн, түр хугацаагаар хаахын зэрэгцээ хэрэглээний халуун усыг ч мөн хязгаарлана.

Шугам, сүлжээний засварыг тойрсон маргаан мундахгүй. Гүйцэтгэж буй хүмүүсийнх нь дутагдал ч элбэг. Тавдугаар сар гарав уу, үгүй юү халуун ус хязгаарлах хуваарь сураглаж, бэлтгэлээ базаадаг уламжлал нийслэлийн иргэдэд тогтоод буй.

Гэвч холбогдох албаныхан хэлснээсээ буцаж, зарим хэсгийн оршин суугчид хүйтэн усаар өөрсдийгөө чийрэгжүүлж зуныг өнгөрүүлэх нь элбэг. Өнгөрсөн онд гэхэд л Таван шарын орчмынхон гурван сар халуун усны бараа хараагүй. XIII хороолол, Сансар орчмынхон ч нэг сар гаруй хүйтэн ус хэрэглэсэн.

Үүнээс гадна холбогдох албаныхан шуудайд хийсэн үхрийн эвэр шиг аашилж, өөрсдөдөө төдийгүй иргэдэд хүндрэл учруулдаг муу зуршилтай. Захирагчийн ажлын албаныхан тохижилтын ажлаа дуусгасны маргааш өнөөхийг нь сүйтгэж, ахиад нь халуун усыг нь хязгаарлан дулааны шугам зассан жишээ бий.

Тэгвэл нийслэлийн удирдлага өнөө жил эл байдлыг халах сурагтай. Мөн авто замын хөдөлгөөн, халуун усыг өмнөх жилүүдийнх шиг нэг, хоёр сарын хугацаагаар хязгаарлаж, хаалгүйгээр эл нүсэр ажлыг амжуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн гуравдугаар сард болсон зөвлөлийн хурлынхаа үеэр “Улаанбаатар дулааны сүлжээ”, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн газар, Захирагчийн ажлын алба зэрэг байгууллага ажлын уялдаа холбоогүйн улмаас засвар, шинэчлэлийг жил бүр хийдэг гэж хэлсэн.

Цаашид ийм байдал үүсгэхгүй байх анхааруулга өгч, засвар, шинэчлэлийн ажлыг иргэдэд чирэгдэлгүй хийхийг үүрэгдсэн юм. Тодруулбал, тэрбээр “Зун болохоор л дулааны шугам сүлжээ болон цэвэр усны шугам, ариутгах татуургыг солихтой холбоотой авто зам хааж иргэдийг бухимдуулдаг. Энэ онд тэгэхгүй. Дэд бүтэц, өргөтгөл шинэчлэлийн ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу хийлгэнэ.

Хэрэглээний халуун усыг хаах тохиолдол бүтэн сараар үргэлжилдэг байсан бол одоо хамгийн дээд тал нь долоо хоног хаахаар төлөвлөж байна. Болж өгвөл хязгаарлахгүй” гэж хэлсэн юм. Гэтэл энэ зун хийхээр төлөвлөсөн ажлуудыг долоо хоногт амжуулна гэдэг нь тун хэцүү даалгавар аж. Амжих, эсэх нь тун эргэлзээтэй, хугацаа алдаж сунжирч мэднэ гэдгийг ч холбогдох албаныхан хэллээ.

Хотын удирдлагын баталсан хуваарийн дагуу холбогдох хүмүүс өнөө жил хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаад бараг дуусчээ. Ус сувгийн удирдах газрынхан даралт унадаг цэгүүдийн усны хангамжийг сайжруулахын тулд нийслэлийн 13 хэсэгт төлөвлөгөөт ажил хийх бөгөөд дийлэнхэд нь авто зам хаахаас өөр аргагүй аж.

Ирэх сард төлөвлөсөн ажлынх нь хамгийн томд тооцогдох Чингүнжав, Сөүл болон Баруун Сэлбийн гудамжны 3.5 км шугамыг доторлож эхэлнэ. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд цэвэр, бохирын шугам шинэчлэх ажлыг ч мөн тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ.

Тэр үеэр Зуун айлын уулзвараас Тасганы овоо хүртэлх авто замын I эгнээний хөдөлгөөнийг 20 орчим хоног хязгаарлах шаардлагатай гэдгийг тус газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн хэлсэн. Уг бүтээн байгуулалтыг ирэх есдүгээр сарын 1 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй аж. Ийн урт хугацаа зарцуулж буй шалтгаанд авто замыг бүхэлд нь бус, хэсэгчлэн хаах шийдвэр нөлөөлж буйг тус газрын эх сурвалж онцолсон.

“Шугам солих ажлыг хэсэгчилж хаахад хугацаа алддаг. Газар ухаж, хуучин шугамыг шинээр солиод, эргүүлээд булна. Ингээд тухайн зассан хэсгийнхээ хөдөлгөөнийг нээж, залгуулаад газар ухахад их цаг зарцуулах нь дамжиггүй. Өөр өөр бус, нэг хэсэгт хийж буй засварын ажлыг ингэж хийх нь замын хөдөлгөөний ачаалалд дорвитой нөлөө үзүүлэхгүй” гэж тэр ярьсан юм. Өөрөөр хэлбэл, зам хэсэгчлэн хаах нь хугацаа алдахаас өөр үр дүнгүй байж мэдэх нь.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийнхан хотын аль хэсэгт, хэд хоног халуун ус хязгаарлах төлөвлөгөөгөө гаргаад дууссан аж. Ирэх долоо хоногоос цахим хуудастаа байрлуулж, иргэдэд мэдээлэл түгээх нь. Бөхийн өргөө орчмын айл өрхийн халуун усыг зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 4 хүртэл гэх мэтээр урсгал засвар хийх хэсгийн халуун усыг 7-10 хоног хязгаарлах хуваарь гаргажээ.

Гэхдээ энэ бол хотын удирдлагатай зөвшилцөж гаргасан тооцоо гэнэ. Зайлшгүй нөхцөл байдал үүсвэл хязгаарлах хугацааг сунгана гэсэн. Харин шүүрэн шанага шиг цоорч, энд тэндгүй нөхүүлсэн X хороолол, Саппоро орчмын шугамыг сольж, засахад долоо байтугай хоног хязгаарлалт хийх шаардлагатай гэлээ.

“UB palace”-аас Улсын III эмнэлэг хүртэлх шугамыг 1997 онд гадаадын тусламжаар барьсан байдаг. Гэвч үүнээс хойш дорвитой засвар хийгээгүй. Хөрсний усны нөлөөгөөр шугамын гадна хэсэг зэвэрч, нимгэрээд цэгэн цооролтууд үүссэн аж. Гэмтэл гарсан үед цоорсон хэсгийг нь сольж оруулга хийх эсвэл түр шугам холбох шаардлага гардаг тул иргэдийг олон цагаар халаалтгүй байлгахаас аргагүйд хүргэдэг гэнэ.

Тэгвэл энэ зун уг шугамыг засахад тухайн хэсгийн халуун усыг наанадаж нэг сар хаахаас аргагүй гэдгийг “Улаанбаатар дулааны сүлжээ”-гийнхэн хэлсэн. Тодруулж хэлбэл, нийслэлийн удирдлагын гаргасан шийдвэр тухайн хэсэгт хэрэгжих боломжгүй аж. “Шугамын засварыг ус хаахгүй хийх боломж хомс.

Гэмтэл ихтэй шугамуудыг сайн засахын тулд шаардлагатай хугацаагаар ус хязгаарлаж таарна. Амаргүй ажил тул хотын удирдлагын хэлснийг биелүүлэх боломж хомс. Ямар ч байсан бид айл өрхийн халуун усыг аль болох цөөн хоног хязгаарлахыг хичээнэ” гэсэн юм.

Энэ мэтээс үзвэл шугам сүлжээний засварын ажлыг хугацаа зааж, яаран хийх боломжгүй юм. Хотын мээр үүнийг мэдсээр байж үүрэг өгч, шавдуулах шалтгаан юу вэ. Манайхан өмнөх жилүүдэд долоо хоногт амжуулах ажлыг 2-3 сар хийдэг байсан уу, эсвэл одоо “гэрлийн хурдаар” ажилладаг болчихсон юм уу.

Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр нэг ажлаа хоёронтоо хийж, илүү зардал гаргах вий гэж холбогдох албаныхан анхааруулж буй. Нийслэлийн иргэд 14 хоног ус хязгаарлахыг нэг их тоохгүй. Харин хурдан хугацаанд “халтуурдах” бус, дараа жилүүдэд дахин засахгүй, хуумгай ажил хийхгүй байх нь л тэдэнд чухал шүү дээ, эрхэм дарга нар аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)