Мэхлэгчдийн халаасыг бид 25 тэрбумаар зузаатгажээ

“Мөнгө гуйхааргүй нэг найз минь фэйсбүүкийн чатаар “Мөнгө зээлээч” гэхээр нь “Ятгах тусам нягтал” гэж бодоод “Утсаар ярья” гэлээ. Утасдаж байна аа... хоолой нь лав мөн. “Нягтална, уулзъя” гэхэд хөөрхий минь гүйгээд ирлээ шүү. Яалт ч үгүй мөн байна аа... гэвч надад мөнгө байсангүй” гэсэн хөгжилтэй ч гэмээр пост саяхан уншсан юм. Гэвч үнэндээ цахим залилангийн гэмт хэрэг инээдэм биш, ханиадам болсныг цагдаагийн байгууллагаас хэлж, сануулж анхааруулсаар байна. Манай улсад фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрсэн. Энэ хэрээр хэдэн зуун хүн залилангийн гэмт хэргийн золиос болсоор байна. Залилах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзлэх болсныг албаны хүмүүс нь хэлдэг. Өнгөрсөн онд уг гэмт хэргийн улмаас улсад 300 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар иргэд 25 тэрбум 500 сая төгрөгөө мэхлэгчдийн халаасанд хийжээ.

Иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүй, санхүүгийн боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба (МБА) Монголбанктай хамтран “Ятгах тусам нягтал” гэсэн нэг сарын аян зохион байгуулсан. Аян үр дүнгээ өгч энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан билээ. Тиймээс тус аяныг үргэлжлүүлж ирэх сарын 20-ныг хүртэл “Нягтлах тусам аюулгүй” арга хэмжээг МБА-ныхан зохион байгуулж байна. Хөл хорионы улмаас иргэд хоол, хувцас, гоёл чимэглэлээс эхлээд юу хүссэнээ онлайн худалдаагаар гэртээ хүргүүлэн авч байгаа нь сайн ч нөгөө талаасаа залилагчдад бэлэн өгөөш болох болжээ. Тухайлбал, нэгэн танил минь “Алт, монет худалдаа” гэсэн пэйж хуудаснаас монетен ээмэг, бөгж захиалж. 

Ингэхдээ урьдчилгаа гэж 200 000 төгрөг дансаар нь шилжүүлсэн гэнэ. Гэвч удалгүй өөртэй нь холбогдсон мэдээллийг устгаж, тухайн пэйж хуудсанд нэвтрэх эрхгүй болгосон байж. Ингээд залилуулснаа мэдэж, харьяа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Тухайн пэйж хуудас одоо ч идэвхтэй буй бөгөөд өөр нэгнийг ч мөн аргаар залилсаар байгааг үгүйсгэх аргагүй. Тус пэйж хуудасны зар мэдээлэлд итгэж, түүнтэй адил аргаар залилуулсан хүн нэг биш гэнэ. Захиалагч этгээд урьдчилгаа мөнгөө З гэх хүний нэр дээр бүртгэлтэй ХААН банкны ... тоот дансанд шилжүүлсэн ч уг данс нь залилагч этгээдийнх мөн, эсэх нь эргэлзээтэй. Учир нь мэхлэгчид данс, нэрээ өгсөн тохиолдолд ихэвчлэн өөр хүнийхийг ашигладгийг албаны хүмүүс хэлдэг. Энэ мэт сэжигтэй зард хууртаж, залилуулсан тохиолдол цөөнгүй. МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахмад Ц.Отгоннямаас залилах гэмт хэргийн нөхцөл байдал, хохирлын талаар тодруулсан юм. Тэрбээр “Он гарснаас хойш улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 1558 гарсныг цагдаагийн байгууллага бүртгэжээ. 

Фэйсбүүк болон иргэдийн интернэт банканд халдаж залилсан гэмт хэрэг цөөнгүй гарах боллоо. Фэйсбүүк хаягаар нь нэвтэрч дотнын хүмүүсээс нь мөнгө шилжүүлж авсан тохиолдлууд буурахгүй байна. Одоогийн байдлаар фэйсбүүкээр залилсан 15, данстай холбоотой 24 хэрэг бүртгэгдсэн. Цахим залилангийн хохирогч болох вий гэж цагдаагийн байгууллагаас үргэлж сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэсээр байгаа ч иргэд хохирсоор л байна. Хэвлэл мэдээллийн байгууллага болон зарын самбаруудад нууц мэдээллээ хэнтэй ч битгий хуваалц гэсэн утгатай зурагт хуудас байршуулж, сэрэмжлүүлэг хүргэж байгаа. Орон нутгийн хэсгийн төлөөлөгч нар малчны хотонд очиж цахим луйвраас сэргийлэхийг анхааруулж байна шүү дээ.

Иргэд гэнэн, итгэмтгий зан, цахим худалдааны талаар ойлголт, мэдлэггүйгээсээ болж залилах гэмт хэргийн золиос болсоор. Цар тахалтай холбоотойгоор иргэдийн санхүү тааруу байгааг ашиглан “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг өндөр үнээр худалдаж авна гэж иргэдийг залилах тохиолдол гарч байна. “Хувьцаа худалдаж авна” гэсэн хуурамч пэйж хуудас нээсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Мөн фэйсбүүк зарын дагуу интернэт банк ашиглан урьдчилгаа мөнгө шилжүүлж луйвардуулсан тохиолдол цөөнгүй гарлаа. Дэлгэцийн цаана хэн байгааг нь мэдэхгүй байж, сайхан үгтэй, хямд үнэтэй гэсэн зард итгэж, мөнгө шилжүүлэх нь аюултай. Эхлээд сайн нягталж, тодруулсны дараа гүйлгээ хийх хэрэгтэй” гэлээ.

Мөн тэрбээр бусдын данс ашиглан луйвар хийх тохиолдол гарсаар байгаа тул интернэт банк, картынхаа нууц дугаарыг хэн нэгэнд хэлэхгүй байхыг сануулав. Худалдаа үйлчилгээний газруудад гүйлгээ хийхдээ картныхаа нууц дугаарыг чанга хэлснээр гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй. Хэн нэгэн таны хэлсэн нууц үгийг цээжлээд боломж гармагц картыг чинь сэмхэн өөрийнх болгож дураараа дургидаг жишээ цөөнгүй аж. Хэн нэгний данс, нэр ашиглан бусдаас мөнгө залилсан бол картаа ашиглуулсан тухайн хүний тусламжтайгаар мэхлэгч этгээдийг содон шинж тэмдгээр нь илрүүлэх боломжтойг хэлэв.

Цахим орчинд залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн хэрэг цөөнгүй гэнэ. Эрүүгийн хуулийн 17.3-т зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Эл гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар болон зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорихоор чангатгасныг хэлэхэд илүүдэхгүй биз.

Нэг төгрөг залилсан ч мэхлэгч этгээд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой учраас иргэд бага хэмжээний хохирлоо ч цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэйг ахмад Ц.Отгонням хэлсэн. “50, 100 мянган төгрөг залилуулчихлаа, эргэж олдох биш” гээд цагдаад хандалгүй орхих нь мэхлэгчдийг өөгшүүлж буй хэрэг юм. Залилангийн гэмт хэрэгт хохирлын хэмжээ чухал биш учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Нэг хүний гомдлын мөрөөр ажиллахад цаана нь олон хүн хохирсон байдаг. Цахим залилангийн хэргийг залуус голдуу үйлддэг бол, нүүр тулж уулзан, хуурамч бичиг баримт, гэрээ ашиглаж мэхлэх үйлдлийг нас тогтсон хүмүүс үйлдэх нь түгээмэл. Мөн бусдыг цахим орчинд залилдаг өөр нэг арга нь өвчтэй хүмүүсийг “ашиглаж”, эмчилгээний зардал, хандив цуглуулах нэрээр хууран мэхлэх явдал. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” өвчний улмаас хил хаагдсан учир гадаад улс руу эмчилгээнд явах нэрээр бусдыг залилах гэмт хэрэг он гарснаас хойш гараагүй аж.

Хачирхалтай нь, хөл хориотой байгааг мэдсээр байж “Виз гаргана” гэсэн зар мэдээлэлд хууртаж, залилуулсаар байгааг албаны хүмүүс хэлэв. Мөн “Танай аймаг, сумд олон улсын байгууллагаас хандив, тусламж үзүүлэхээр болсон” гэж орон нутгийн удирдлага руу нь утсаар холбогдон луйвардах явдал цөөнгүй гарч байгаа гэнэ. Тодруулбал, ЖАИКА байгууллагаас амьдралын боломжгүй өрхүүдэд тусламж хүргүүлэх гэсэн юм. Судалгаагаа явуул” гэж итгүүлэн, дараа нь ирэх, очих зардлын тал хувийг тухайн байгууллага хариуцах ёстой хэмээн мөнгө залилсан хэрэг гарчээ. Хохирлын хэмжээ нь хэдэн арван сая төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн “Каргогоор ирсэн барааг тань орон нутгийн шуудангаар явуулах гэж байна” хэмээн ачаа тээш хүргүүлсний хөлс гэж нэг хүнээс 50-150 мянган төгрөг залилсан хэрэг гарчээ. Энэ аргаар 56 иргэнийг залилсан бөгөөд шүүхээс буруутай этгээдэд 5-8 жил хорих ял оноосон аж. Цахим залилангийн хэрэг үйлдэж ял эдэлсэн хүмүүсийн 50-60 хувь нь дахин ийм хэрэг үйлддэг бөгөөд олонх нь амьдралын эх үүсвэрээ болгосон байдаг гэнэ. Тиймээс хямдрал, урамшуулал гэсэн чихэнд чимэгтэй үгэнд хууртаж, мэхлэгчдийн халаасыг хэдэн арван тэрбумаар зузаатгахаа зогсооцгооё. Үүний тулд илүү нягтлах хэрэгтэй юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)