Мэргэжлийн хяналтынхан нийтэд бус, цөөн хүнд үйлчилдэг боллоо

 -Шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аккумуляторын үйлдвэрийг улсын байцаагчид хамгаалж байна гэв-

Иргэдийн цахим сүлжээнд нийтэлсэн, худал, үнэн нь тодорхойгүй мэдээллийн хойноос хөөцөлдөж, ажил хийсэн дүр үзүүлдэг “моод” төрийн байгууллагын дунд дэлгэрэв. ЗЦА-ныхан зөрчил гаргасан жолооч нарын үйлдлийг зургаар баталгаажуулсан мэдээллийг иргэдээс авч, хуулийн хариуцлага хүлээлгэдэг цахим хуудастай. Мэдээж энэ нь сайн жишиг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хэнбугайн ч зургийг 160 гаруй мянган гишүүнтэй тус хуудсанд цаг, минуттай нь нийтэлдэг, түүний дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулснаар зохиомол ачаалал мэдэгдэхүйц багассан.

Өөрөөр хэлбэл, ийм шийдэл нэвтрүүлснээр хөдөлгөөний хэв журмыг сахиулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн гэж болно. Гэтэл нүдээ аньж, чихээ бөглөчихөөд, ямар нэг зөрчил гаргахаар “Бид мэдэхгүй. Хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу хийдэг” хэмээн бурууг өөрсдөөсөө зайлуулдаг байгууллагууд бий. Тэдний нэг нь мэргэжлийн хяналтынхан.

Байнга ярьдаг, амны уншлага болсон хэдхэн сэдэвтэй, ямар нэг зөрчил илэрч, нийгэмд шуугиан дэгдэхэд “Иргэдээс гомдол ирээгүй бол бид шалгадаггүй” гэсэн үгээр ам таглахдаа гаргууд. Бараг “заншил” болсон. Аз тохиож, хэн нэг иргэний мэдээллийн мөрөөр шалгалт хийж, зөрчил илрүүлбэл өөрсдийгөө дөвийлгөхөө мартдаггүй. Хотын зах орчмын авто зам дагуу үйл ажиллагаа явуулж буй болон жимс, жимсгэнэ ил задгай борлуулдаг хүмүүсийг л “онилсон” мэт торгож, бужигнуулдаг гэхэд буруудахгүй нь лав.

БҮХ ЗҮЙЛД “ДОТООД ХЯНАЛТ” БУРУУТАЙ

Аюулгүй байдлын горим алдагдсаны уршгаар саяхан хоёр хүүхэд хорвоог орхив. Хэрэв мэргэжлийн хяналтынхан хариуцлагатай байж, учирч болзошгүй аюулыг урьдчилан сануулаад, албан байгууллагуудад заавар, зөвлөмж өгч байсан бол тэд өдийд амьд мэнд суух байв. Харамсалтай нь тэгсэнгүй. Мэргэжлийн хяналт хэмээх данхар бүтэцтэй энэ байгууллага чухам ямар үүрэг гүйцэтгэх ёстойг лавлахад “Сургууль, эмийн сан, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн дотоод хяналтаа мөрдөөгүйгээс ийм осол гарсан.

Байгууллага бүр дотоод хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гарсан осол ч үүнтэй холбоотой. Бид тоглоомоо засах үүрэг өгсөн байсан. Түүнийг биелүүлээгүйгээс хүүхэд бэртлээ. Шалгалт хийгээд зарим тоглоомыг нь ажиллуулахаар болсон” гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэлсэн юм. Ингэхдээ сургуулийн орчны аюулгүй байдлыг сүүлийн хоёр жил шалгаагүй гэдгээ ч дуулгана лээ. Улсын байцаагчид нь ажил ихтэй, төлөвлөгөөт хяналт шалгалтад “дарагдчихдаг” тул шалгаж амжаагүй юм байх. Тэд ийм үгээр үргэлж ам тагладаг.

Тэдний хэлж буйгаар гарч буй осол, зөрчилд “дотоод хяналт” буруутай байх нь. Түүнээс биш, үүнийг мөрдөх учиртай аж ахуйн нэгжүүд, мөрдүүлэх үүрэгтэй мэргэжлийн хяналтынхан ямар ч буруугүй бололтой юм.

САДАР САМУУНЫГ СУРТАЛЧЛАГЧИД ХЯНАЛТААС ЗУГТАВ

“Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэсэн зорилго Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынх. Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийнхэн ч үүнийг дагаж, мөрдөх ёстой. Гэтэл тэдний хамар доогуур хачирхалтай олон зүйлс болох юм.

Өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг, Баянцээл орчимд “+18 VIP кино театр” гэх байгууллага үйл ажиллагаа явуулж байхтай таарлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анддаггүй юм билээ. Хааш хаашаагаа хоёр ам метр хүрэхгүй жижиг өрөөнүүдэд нэг компьютер, сандал, ариун цэврийн цааснаас өөр зүйл байхгүй. Ингэж тохижуулсан “бичил” өрөөнд насанд хүрэгчдийн кино л үзэх боломжтой. Уг нь садар самууныг сурталчилсан иймэрхүү үйл ажиллагааг таслан зогсоохын тулд гадаадын цахим хуудсуудад

Монголоос нэвтрэхийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүртэл хориглосон. Гэтэл тус байгууллага улайм цаймдаа гарч, насанд хүрэгчдийн киногоор иргэдийг “урхидах” хаяг самбар байрлуулаад нэг сар болсон юм даг. Эл кинотеатр зөвшөөрөлтэй, эсэх, үйл ажиллагаа нь зөрчилгүй юү гэдгийг Баянзүрх дүүргийн Үйлдвэр, үйлчилгээ, мэргэжлийн хяналтын хэлтсийнхнээс лавлахад “Бид шалгахаар очтол нүүчихсэн байна лээ.

Өмнө нь бас ингэсэн. Нэг газарт удаан үйл ажиллагаа явуулдаггүй бололтой юм” гэв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ч “Мэдээгүй юм байна. Энэ тухай ёстой дуулаагүй” гэсэн. Бүтэн сарын турш хэн нэгэн ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байхад эднийх мэдээгүй л сууна.

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛЖ БУЙ КОМПАНИЙНХАН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХНЫ ХАМГААЛАЛТАД БАЙДАГ ГЭВ ҮҮ

Дээрх жишээнүүдээс мэргэжлийн хяналтынхан зорилгынхоо эсрэг үйл ажиллагаа явуулдаг гээд хэлчихэж бараг болох нь. Тэгвэл тэдний үйлдэл өдгөө ил цагаандаа гарчээ. Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхорт үйл ажиллагаа явуулж буй “Заламт гол” компани иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулж мэдэх аюултай нөхцөл үүсгээд буй. Гэтэл саяхнаас тухайн орчимд аккумуляторын хоёр үйлдвэр нэмэгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Тус дүүргийн удирдлага, хорооны иргэд мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан ч улсын байцаагчид үл ойшоосон байх юм. Ажлын хэсэг байгуулж, түүндээ дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийг оруулсан ч шалгалт хийх үеэр огт очиж байгаагүйг эх сурвалжууд хэлсэн. Энэ талаар ХI хорооны Засаг дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагч Х.Эрдэнэсайхан “Манай хорооны нутагт байгаль орчин ихээр сүйдэж байна. “Заламт гол” компани яамнаас зөвшөөрөл авсан тул бид хүчин мөхөстсөөр өдий хүрлээ.

Үүний уршгаар хөрс ихээр бохирдсон. Гэтэл өнгөрсөн хавраас дахин хоёр үйлдвэр аккумулятор хайлуулж эхэллээ. Нэг нь тахианы ферм байгуулах нэрээр газрын зөвшөөрөл аваад хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа. Нөгөөх нь өнөө, маргаашгүй ажлаа эхлэхээр зэхэж байна. Бид улсын байцаагч биш. Тэдэнд хариуцлага ногдуулж, үйл ажиллагааг нь зогсоох эрхгүй.

Тиймээс эрх бүхий байгууллага буюу Мэргэжлийн хяналтын хэлтэст хандаж, ажлын хэсэгтээ байцаагчийг нь оруулсан. Гэтэл нэг ч удаа бидэнтэй уулзаагүй. Тухайн үйлдвэрт ч очиж ажиллагаагүй. Учрыг нь лавлахаар “Байгаль орчны улсын байцаагч амарсан” гэдэг хариуг хэлтсийнх нь дарга өгсөн. Уг нь ийм хариулт хэлж буй дарга нь өөрөө ажлын хэсгийн гишүүн шүү дээ. Тэр хүн хууль бус үйлдлийг таслан зогсоох эрхтэй. Тэр үйлдвэрүүдийг зөвшөөрөл авахаас нь өмнө үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй. Аргаа бараад Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандлаа” гэсэн юм.

Тус үйлдвэрийнхэн бага насны хүүхдийг үйлдвэртээ ажиллуудаг гээд олон зөрчил гаргадаг гэсэн. Гэтэл дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн “Босоо удирдлагатай” хэмээн таахалзах нь зүйд нийцэхгүй байлтай.

УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХИЙГ ХУУРААЖЭЭ

Арван настай хүү эмийн сангийн хаалгаар дамжсан цахилгаанд цохиулж амиа алдсаны дараа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийнхан “Энэ 100 хувь хариуцлагагүйтэй холбоотой. Тэдний үйл ажиллагааг шалгадаг байгууллага ч үүнд буруутай. Уг нь манай хүмүүс улсын байцаагчийн эрхтэй байсан. Гэтэл хураагаад авчихсан. Тэгэхээр бид дур мэдэн цахилгаан холбосон зөрчилд хариуцлага ногдуулж чадахаа больсон юм” хэмээн халагласан.

Учрыг нь лавлавал МХЕГ-ынхан цахилгааны улсын байцаагчдын эрхийг хураажээ. Эрх хураах, өгөхөөс татгалзах үйлдэл удаа дараа гардаг тухай “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Гаалын ерөнхий газрынхан ч хэлсэн. Гэтэл МХЕГ-ынхан “Бид улсын байцаагчийн эрхийг хүссэн даруйд нь өгдөг. Хугацаа нь дуусаад, салбарын яам нь хүсэлтэй өгөөгүй болохоор л эрх нь сунгагдаагүй байх” хэмээн тайлбарлав. Эх сурвалжууд эрх хураасан гэдгийг нотолж байхад ийнхүү мэлзэж буй нь хачирхалтай.

Иргэдийн эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хяналт тавих учиртай байгууллагын дүр төрх ийм байна. Хэнд ч захирагддаггүй, ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй энэ байгууллагынхан ард түмэнд үйлчлэхдээ хойрго, харин цөөн хүнд туслахдаа гаргууд болжээ.


Бэлтгэсэн: Г.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)