Мэргэжлийн боловсролын сургуулиудын шигшээ багууд аварга боллоо

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлого тодорхойлогч болон хэрэгжилтийг хангагч байгууллагуудын удирдлага, ажилтнууд, сургуулиудын төлөөлөл болон өдөр тутмын сонинуудын сэтгүүлчдийн дунд өнгөрсөн бямба гаригт Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн болж, эрэгтэй, эмэгтэй нийт 14 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Эрэгтэй багийн төрөлд тэргүүн байрыг Мэргэжлийн боловсролын сургуулиудын шигшээ баг, удаах байрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, гуравдугаар байрыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тамирчид авлаа. Эмэгтэйчүүдээс Мэргэжлийн боловсролын сургуулиудын шигшээ баг түрүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам аман хүзүүдэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тамирчид удаалсан юм.

Харин шилдэг тоглогчоор эрчүүдээс “Өнөөдөр” сонины Эдийн засгийн албаны сэтгүүлч Н.Санжаасүрэн, эмэгтэйчүүдээс “Өнөөдөр” сонины Олон нийттэй харилцах албаны ажилтан Б.Уянга нар шалгарсан юм. Удаад нь ХНХЯ-ны Ц.Балжинням, С.Өнөрбилэг нар эмэгтэй, эрэгтэй тамирчдаас хоёрдугаар байранд орлоо.

Хэвлэл мэдээллийн салбарт “Өнөөдөр” сонины тамирчид чанга өрсөлдөгчид байдаг хэдий ч олон ажилтантай яам агентлаг, газар, мэргэжлийн тамирчидтай /биеийн тамирын багш нар/ сургуулиудын шигшээ багтай өрсөлдөхөд арай л хүчин мөхөсдөж байлаа. Манай эмэгтэй баг тамирчид хүрэл медалийн төлөө тоглолтод ердөө л гурван онооны зөрүүгээр хожигдсон.

Зохион байгуулагчдынх нь зүгээс дараа жил тус тэмцээнд хэвлэл мэдээллийн салбарын шигшээ багийг урив. Багийн тэргүүн байрыг 800 мянга, хоёрдугаар байрыг 600 мянга, гуравдугаар байрыг 300 мянга, шилдэг тамирчдыг 100 мянган төгрөг болон үндэсний хувцас оёулах эрх, үсчин гоо сайхны салоны эрх зэргээр шагнаж урамшуулсан.

Тэмцээнийг ХНХЯ, ХХҮЕГ, МБСБЗГ, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Өдөр тутмын сонинуудын холбооны гишүүн байгууллагууд хамтран зохион байгуулсан билээ. Тэмцээнийг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж маш өндөр түвшинд зохион байгуулсан нь харагдаж байлаа.

Тамирчдыг үүдэнд тосож угтахаас эхлээд анги танхимд хуваарилж, хоол ундаар хангаж, мэргэжлийн шүүгчдээр шүүлгэсэн зэргээс нь болоод зарим хүмүүс “Олон улсын тэмцээнд явж байгаа мэт санагдлаа” гэлцэж байлаа. Тус сургуулийн багш, оюутнууд өргөмжлөлүүдийг нь уран бичлэгээр бичсэн нь онцлог байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)