МЭДЭЭЛЭЛГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БАРИМЖААГҮЙ ХҮҮХДҮҮД АЛДСААР БАЙНА

Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 гаруй мянган хүүхэд бүртгүүлжээ. Боловсролын үнэлгээний төвөөс авсан мэдээллээр тэдний 5000 орчим нь уг уралдаант шалгалтад хоёр, гурав дахиа өөрсдийгөө сойх гэж буй “хашир бурхинууд” гэнэ. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг дээ. Өмнөх удаад буруу сонголт хийснийхээ горыг амсан, сургуулиа дундаас нь орхиж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирсон М энэ жил ёстой л долоо хэмжиж нэг огтлохын үлгэр жишээг бодитоор үзүүлж буй нэгэн. Мэргэжлээ зөв сонгоход анхны гишгүүр нь болох учиртай элсэлтийн ерөнхий шалгалтыг өнгөрсөн жил өгөхдөө л тэрбээр мордохын хазгай гэгч болсон юм. Физикт “гавал” учраас цаашид энэ чиглэлээрээ суралцана гэж боддог байсан хэрнээ ЭЕШ өгөхдөө “Юмыг яаж мэдэх вэ” гээд нөөцөнд хэдэн хичээл нэмж сонгосон нь “буруудах” эхлэл болсон аж. “Хамгийн өндөр оноо авсан хичээлээ л сонго” гэсэн аав, ээжийнхээ захиасыг биелүүлж, газар зохион байгуулагчийн ангид элстэл амьдралаа авч явах насан туршийн мэргэжил нь биш байсныг ойлгож оройтоогүй дээрээ гээд орхижээ. Түүн шиг төөрч будилсан залуус Монголд өчнөөн бий. 

Мэргэжил бүхэн сайхан гэж монголчууд ярьдаг ч үнэндээ тэр нь аль ч хамаагүй их, дээд сургуульд элсэж, ямар нэг диплом өвөртлөхийг ухуулан сурталчилсан хэрэг огт биш билээ. 2017 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 95 их, дээд сургуульд 157 мянга гаруй оюутан өдгөө суралцаж буй. Тэдний 27 хувь нь бизнес, эрх зүйн чиглэлээр сурдаг. Дээрх “хуульч”, “эдийн засагчдын” хэдэн хувь нь ирээдүйд хүнсний мухлагийн худалдагч, баарны зөөгчөөр ажиллах бол...

Өнөөгийн Монголын бодит дүр төрх ийм л байгаа. Ямар мэргэжил сонговол ирээдүйд ажлын байр элбэг олдох вэ, Монгол Улсад тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлүүд юу юу байна вэ, ямар мэргэжлүүд нэн ховордоод байгаа юм, мэргэжил сонгохдоо ямар мэдээлэл, судалгаанд үндэслэвэл илүү бодитой байх вэ гэх мэт мэдээллийг хүүхдүүд болон эцэг, эхчүүдэд хангалттай өгч чадахгүй байгааг шат шатандаа хүлээн зөвшөөрдөг. Хаврын хаварт л төгсөх ангийн сурагчдад зориулан “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” гэсэн өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг ч үнэндээ бодит үр дүн гарахгүй байна. Ганцхан жишээ татъя. 

Монголын их, дээд сургуулиудын консорциумаас 2015 онд есөн аймаг, дөрвөн дүүргийн ахлах ангийн 1500 орчим сурагчийг хамарсан судалгаа хийжээ. Судалгааны явцад хүүхдүүдийн мэргэжлээ сонгоход тулгардаг гол бэрхшээл нь ажил мэргэжлүүдийн талаарх тодорхой мэдээлэл, танилцуулга дутмаг байдаг гэж 44 хувь нь хариулсан байх юм. Нийслэлийн Боловсролын газрынхан өнгөрсөн жилээс ахлах ангийн сурагчдыг барилга, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт болон үндэсний үйлдвэрүүдтэй бодитоор танилцуулах аялал зохион байгуулж эхэлсэн нь харин хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан гэнэ. Тиймээс цаашид тэднийх дэргэдээ Мэргэжил сонголтын төв байгуулахаар судалж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтныг энэ чиглэлээр мэргэшүүлэн сургаж, хүүхдүүдэд бодит мэдээлэл, ойлголт өгдөг болгохоор төлөвлөж буйг тус газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул ярилаа. Төр, засгаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ мэт ажил биеллээ олбол ядаж Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсад тэргүүлэх ач холбогдолтой 40 мэргэжилд ямар салбараас чухам юу нь орсныг хүүхдүүд, тэдний сонголтод голлох нөлөө үзүүлдэг аав, ээжүүд мэдэж авна. Дээрх 40 мэргэжил дунд хөдөө аж ахуйн салбараас гэхэд л мал эмнэлзүй, тэжээл, бэлчээр судлал, зоо инженер технологи, газар тариалан гэсэн дөрвөн чиглэл багтсаныг өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэдэнд хангалттай мэдүүлж дөнгөөгүй. Уг нь энэ чиглэлээр гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт залуусаа түлхүү хамруулах бодлого баримталж буй юм билээ.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй хүүхдүүд ихэвчлэн ямар мэргэжил сонгож байна вэ, сонголт хийхэд юу чухал талаар зарим хүний байр суурийг сонирхлоо.

ЭЕШ ӨГСӨН ХҮҮХЭД ДАХИН БҮРТГҮҮЛЭХ ЯВДАЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

Л.ГАНБАТ (Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга): -Боловсролын үнэлгээний төв их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөн- хий шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулаад 12 жил өнгөрч байна. Жил бүр 35-40 мянган хүүхэд ЭЕШ өгдөг. ЭЕШ-д хэрхэн хамрагдах вэ, мэргэжлээ зөв сонгохын тулд юуг анхаарах вэ, ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байгаа талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх сургалтыг жил бүрийн нэгдүгээр сард хот, хөдөөгийн сургуулиудаар явж хийдэг юм. Өнгөрсөн хугацаанд ЭЕШ өгсөн хүүхдүүдийн дүнгээс харахад 70-90 хувь нь математик, физик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг гэсэн хичээл сонгодог. Энэ нь тухайн сургуулиудын элсэлтийн журамд тусгасан мэргэжлийн бүлгийн жагсаалтын шаардлагатай холбоотой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манай дийлэнх их, дээд сургууль эдийн засаг, хууль эрх зүй, инженер гэх мэт чиглэлээр голлон мэргэжилтнүүд бэлтгэж байгаа тул энэ талын хичээлийг сонгон шалгалтаа өгдөг. Гэхдээ ЭЕШ- ын бүртгэлийн явцад хүүхдүүдийн гаргадаг нийтлэг зөрчил дутагдал нь анх сонгосон хичээлээ хасуулах, солих, шинийг нэмэх тухай асуудал байдаг. Мөн өмнөх жилүүдэд ЭЕШ өгсөн хүүхдүүд дахин элсэлтийн шалгалтад орохоор бүртгүүлдэг явдал жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Сонгосон мэргэжил нь, элссэн сургууль нь таалагдаагүй учраас дахин шалгалт өгч байна гэж эндээс дүгнэж болно. Тэгэхээр энэ бүхэн монгол хүүхдүүд өнөөг хүртэл мэргэжил сонгохдоо яг өөрсдөдөө хэрэгтэй, бодит мэдээллийг авч чадахгүй байгаатай холбоотой юм. Тиймээс хүүхдүүдийг мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр ерөнхий боловсролын сургуулиуд идэвх санаачилгатай байж, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын гаргасан судалгаа, үнэлгээнд үндэслэн төгсөгчдөдөө бодит мэдээлэл олгоход анхаармаар санагддаг. 

МЭРГЭЖИЛ СОНГОХДОО ЧАДДАГ ЗҮЙЛТЭЙГЭЭ УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

С.БАЯРМАА (Нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн ахлах бүлгийн багш): -Ажиглаад байхад хүүхдүүд өөрсдийн сонирхлоос илүүтэй эцэг, эхийнхээ хүслээр мэргэжил сонгож байна. Түүнчлэн бусдыг даган дуурайх, олны үгээр явах нь цөөнгүй. Тодруулбал, ийм сургууль сайн гэнэ, тийм мэргэжил сонговол цалин сайтай байдаг юм байна гэх ярианд итгэж, сонгосон мэргэжилдээ эргэлздэг. Гэвч гоо заслын мэс засалч, шүдний эмч болно гээд хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгох хүүхэд ч бий. Хамгийн чухал нь хүүхэд эцэг, эхийнхээ хүслийг биелүүлэх биш өөрийнхөө дуртай, чаддаг зүйлийг хийх хэрэгтэй. Учир нь маш их сонирхол, дэврүүн хүсэлтэй байгаад ч авьяас чадваргүй бол нэмэргүй. Тиймээс чаддаг зүйлтэйгээ холбоотой мэргэжил сонгох нь чухал. Тэгвэл ажилдаа амжилт гаргах боломжтой.

ХҮҮХДИЙНХЭЭ ХҮСЭЛ, СОНИРХЛЫГ ХҮНДЭТГЭЭРЭЙ

Б:ЧИМЭДЦЭРЭН: (Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн): -Хүү минь энэ жил сургуулиа төгсөж байна. Программ хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмшинэ, ШУТИС-ийн КТМС- д орно гэж өөрөө шийдсэн. Одоо элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж, сургуулиа амжилттай сайн төгсөх чухал. Мэдээллийн эрин зуунд уг мэргэжил хамгийн эрэлттэйд тооцогдож буй гэж сүүлийн үед нэлээд яригдаж байгаа болохоор би ч хүүгийнхээ сонголтыг дэмжсэн. Мэргэжил сонгоход хамгийн чухал зүйл бол хүүхдийн хүсэл, сонирхол гэж боддог. Хэчнээн эрэлттэй мэргэжил байлаа гээд тухайн хүүхэд өөрөө сонирхохгүй бол амжилт гаргаж чадахгүй. Нэгэнт эзэмшсэн мэргэжлээрээ насаараа ажиллах учраас энэ үедээ л маш хариуцлагатай чухал сонголт хийх нь хамгийн чухал гэж боддог. Бас сургуулийн нэр хүндийг харж, улсын сургуульд л элсэж байвал ямар ч анги байсан хамаагүй гээд хувиар авчихдаг тохиолдол дээхнэ үед цөөнгүй байлаа. Одоо ч арилаагүй байж мэднэ. Тиймээс сургуулийн нэр хүндийг харах бус, өөрийн хүсэл сонирхлоо дагаарай гэж хүүхдүүдэд захья. 

ДЭЛХИЙН ЖИШИГ - Хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж мэргэжлээ сонгодог

Гадаадын орнуудад төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгоход төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүхэл бүтэн сүлжээ хамтран ажилладаг. 

Францад энэ асуудлыг хуулиар зохицуулдаг. Сургууль бүрт эцэг, эх, сурагчтай уулзаж, мэргэжлээ сонгох талаар зөвлөгөө өгөх мэргэжилтэн байдаг гэнэ. Боловсролын яам нь Боловсрол, мэргэжлийн асуудал хариуцсан мэдээллийн үндэсний товчоотой хамтран тусгай хөтөлбөрийн дагуу үе шаттайгаар сурагч, эцэг, эхийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж, ирээдүйн ажлын байртай нь танилцуулдаг ажээ. 

Их Британид сурагчдад зөвхөн мэргэжил сонгоход төдийгүй хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад өөрийгөө нийцэх, эсэхээ үнэлэхэд сургадаг байна. Өөрөөр хэлбэл, сурагч бие даан мэргэжлээ сонгох чадварыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, сонирхож буй мэргэжлийн онцлогтой нь биечлэн танилцуулж, ирээдүйн ажлын талбарын туршлага хуримтлуулахад нь ач холбогдол өгдөг байна. Ингэхдээ тус улсын хөдөлмөрийн зах зээлийн онцлог, ажиллах өөрийн гэсэн арга барилтай болох, ажилгүй болсон нөхцөлд ямар арга хэмжээ авах, гэр бүл болон ажил хоорондын тэнцвэрт байдлыг хангах гээд нийгэмд, ажлын талбарт учрах хүндрэлийн талаар ойлголт өгнө. 

Германд эцэг, эхийнх нь ажлын газартай хамтран ажиллаж, санал асуулга явуулах, зөвлөгөө өгөх замаар сурагчдыг мэргэжлийн чиг баримжаатай болгодог аж. Сурагч бүр тусгай дэвтэртэй. Түүнд гэр бүл, хувийн сонирхол, ямар мэргэжил сонгох гэж буй талаарх ерөнхий мэдээлэл, хичээлүүдийнх нь дүнг бичсэн байдаг. Энэ дэвтрийг нь үндэслэн мэргэжлийн зөвлөх эрүүл мэнд, сэтгэл зүйн шаардлагатай мэдээллийг өгдөг гэнэ. АНУ-д коллеж, их сургуулиудын дэргэд мэргэжил сонгоход зөвлөгөө өгөх төвүүд, хувийн агентлагууд ажилладаг. Тус улсын Хөдөлмөрийн яамны дэргэд төрийн 1200 төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилд нэг сая гаруй хүүхэд ханддаг. Тэдгээр төв сонирхож буй мэргэжлийн онцлог, сонгох сургуулийнх нь орчныг харуулсан 60 секундын дүрс бичлэг бэлтгэсэн байдаг нь өсвөр үеийнхэнд тодорхой нөлөө үзүүлж, сургуулиа “хаядаг” оюутны тоо элсэгчдийн 5-8 хувийг эзэлдэг болтлоо буурчээ. 

Канадын мэргэжлийн чиг баримжаа олгох төвүүдээс мэргэжлийн тухай мэдээлэл авах боломжтой. Бүрэн автомажсан мэдээллийн систем, дүрс бичлэгийн техниктэй, цахим хэлбэрээр шалгалт авдаг тэдгээр төвөөс нэгдүгээрт, ирээдүйд сонгох мэргэжлийнх нь ажлын орчин, хоёрдугаарт, хувийн зан чанар нь нийцэх, эсэх хийгээд ерөнхий мэдлэгийн түвшин, гуравдугаарт, мэргэжлээрээ өсөж, дэвших боломж, ажиллаж болох салбарууд, дөрөвдүгээрт, тухайн бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн талаар мэдээлэл авч болно. 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА - “Эцэг, эхийнхээ үгнээс зөрж чадахгүй болохоор...”

Элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирсэн энэ үед төгсөх ангийнхан ямар мэргэжил эзэмших вэ гэдэг амьдралынхаа хамгийн хэцүү сонголттой тулгардаг. Гэвч үр хүүхдээ зөв замаар алхуулахад эцэг, эхийн оролцоо чухлаас гадна багшийнх нь тусламж нэн хэрэгтэй. Тэгвэл сурагчид мэргэжлээ сонгосон, эсэх түүнд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчид нь хэрхэн нөлөөлснийг сурвалжлахаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд очлоо. Сурагчид анги төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтынхаа бэлтгэлд шамдан орсон нь тус сургуулийн хүүхдүүд хэсэг хэсгээрээ хуваагдан “сонгон”-ы хичээлд сууж буйгаас илхэн. 48 дугаар сургуулийн XII ангийг өнөө жил 216 сурагч төгсөх аж. Тэдгээрийн олонх нь ирээдүйд хэн болохоо хэдийнэ шийдсэн гэдгийг сургуулийн сургалтын менежер, багш нар нь хэлэв. Тус сургуулийн 12Д ангийнхантай хэсэг хөөрөлдсөн юм. Тэдний анги 37 хүүхэдтэй бөгөөд охидын олонх нь анагаахын чиглэлээр их, дээд сургуульд суралцах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн бол хөвгүүд нь ихэвчлэн цагдаа, цэргийн албан хаагч болно хэмээн сэтгэл шулуудсан байв. 

-Сурагч н.Баянтөр: Миний сонирхол газар зүй. Үүнийхээ дагуу геологич болохыг хүссэн ч аав, ээж эрс эсэргүүцсэн. Тэд намайг цагдаа болгоно гээд байгаа. Геологич болох нь миний ирээдүйд “ашиггүй” гэсэн. Цалин багатай, эрэлт хэрэгцээ муутай мэргэжил гэж манай гэрийнхэн үздэг. Заримдаа гэртээ баг болж хуваагдан, мэтгэлцэх үе ч байна. Гэвч би хоёрын эсрэг нэг болохоор яалт ч үгүй ялагддаг. Тиймээс цагдаа л болох байх даа.

-Сурагч У.Хангарьд: Миний хүсэл бол СУИС-д элсэх. Би дуучин эсвэл, жүжигчин болохыг хүсдэггүй. Харин хөгжмийн багш болох сонирхолтой. Өнгөрсөн намраас хойш энэ тухай зөндөө бодсон. Анхандаа маш олон мэргэжил дунд төөрсөн. Нэгийг нь сонгочихоод эргээд бодлоо өөрчилдөг байв. Гэвч одоо СУИС-д орно гэсэн эцсийн шийдвэрээ гаргасан. Шалгалт өгөөд тэнцвэл мөрөөдлөө дагана. Тэнцэхийн төлөө элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхийг хичээж байна. Монгол, англи хэл, нийгмийн хичээлээ түлхүү давтаж байгаа. Хэрэв тэнцэхгүй бол орчуулагч болно доо. Жуулчдыг дагуулан Монгол орноо хөндлөн гулд тойрох бас сайхан л байх.

-Сурагч Н.Үүрийнцолмон: Өмгөөлөгч болохоор шийдсэн. Уг нь багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Гэтэл том болох тусам аав, ээж эсэргүүцэх нь нэмэгдэж, өөрөө ч дүгнэлт хийсэн. Тэгээд маш олон охин, хөвгүүн жүжигчин мэргэжилтэй болох хүсэлтэй байдгийг мэдээд бодлоо өөрчилсөн. Багш, орчуулагч аль нь болох вэ гэж ч удаан эргэлзсэн. Мэргэжил сонгох хүндхэн үүрэг тулгараад байсан үед дотнын нэг ах маань автобусанд дайруулж нас барсан юм. Гэвч тэр ахын ажиллаж байсан компани гэнэтийн ослын тэтгэмж гэж ердөө нэг сая төгрөг өгсөн нь оршуулах ёслолд нь ч хүрээгүй. Тиймээс ар гэрийнхэн нь шүүх, цагдаагийн байгууллагад хандсан. Нэлээд удаан хөөцөлдсөн ч одоо болтол шүүхийн хаалга татсаар л байгаа. Эндээс шүүх, прокурорын газарт таньдаг хүнгүй бол хэн ч биш юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд хүн бүл муутай, мөнгөгүй, ядуу, өөрийгөө хамгаалж чаддаггүй хүмүүст туслахыг хүсэж, өмгөөлөгч болохоор шийдсэн. Тийм хүмүүсийн ирээдүйг бага ч гэсэн гэрэл гэгээтэй болгох чадварлаг мэргэжилтэн болно оо. 

-Сурагч Н.Монголжин: Эдийн засагч болно. Оффисын ажил хийх гоё гэж багаасаа боддог байсан. Ийм мэргэжил эзэмшсэн хүн Монголд олон байгааг мэднэ. Гэхдээ мэргэжлийнхээ хажуугаар сонирхлоо хөгжүүлэх хүсэлтэй. Тухайлбал, би зураг авах хообийтой. Үүнийгээ хаяхгүй. Ер нь ямар нэгэн мэргэжил сонгосон ч сонирхлоо орхих нь буруу. Дуртай зүйлээ хийж, мөрөөдлөө биелүүлэх нь амжилтад хүрэхэд нөлөөлдөг гэдэгт итгэдэг. Хүүхдүүд ийнхүү сонгосон мэргэжлийнхээ тухай ний нуугүй хуучилсан. Харин тухайн ангийн олонх хүүхэд эцэг, эхийн зөвлөгөө, шаардлагыг биелүүлж, мэргэжлээ сонгосон байсан нь хачин. “Яагаад өөрийнхөө хүсэл, сонирхлоор мэргэжлээ сонгоогүй юм бэ” гэхэд тэд нэгэн дуугаар “Эцэг, эхийнхээ үгнээс зөрж чадахгүй болохоор...” гэж хариулав. 

12д ангийн багш С.Баярмаа “Ангийнхнаа мэргэжлээ сонгоход нь туслах үүднээс сүүлийн хоёр жил Гэр бүлийн хөгжлийн боловсролыг дэмжих сангийн сургалтад суулгаж, судалгаанд хамруулсан. Нийтдээ найман долоо хоногийн сургалт байсны дөрөвт нь мэргэжил сонголтын талаар ярьсан. Энэ нь сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь нөлөөлсөн болов уу. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх гэж буй хүүхдүүд одоо мэргэжлээ сонгоогүй байна гэж байхгүй” гэв. 

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн XII ангийн сурагч Т.Номингийн ээж “Манай охин эмч болох гэж байгаа. Гэхдээ олон удаа эргэлзэж байж энэ мэргэжлийг сонгосон. Ангийнх нь хүүхдүүд янз бүрийн юм ярихаар тэднийгээ дуурайх хүсэл төрдөг байсан бололтой. Одоо харин шийдвэрээ гаргасан байх аа. Хими, биологийн хичээлээ маш идэвхтэй давтаж байгаа” гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)