Мэдээллийн технологийн салбарыг боловсролын системд тусгах боломжуудыг эрэлхийлэв

Голомт банкнаас санаачлан, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай хамтран мэдээлэл технологийн салбарын өнөө ба ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх “Teach & Tech 2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Нийслэлийн Инновац, технологийн төслүүдийн удирдагч М.Халиунбат нээж, нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “10000 программист” хөтөлбөрийн мэдээллийг хүргэсэн.

Хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь мэдээллийн технологийн салбарын олон улсын чиг хандлагыг улс орнууд өөрсдийн боловсролын системдээ хэрхэн тусгаж байгаа болон энэхүү эрчимтэй хөгжиж буй салбарыг хэрхэн ашиглах, Монгол улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн ЕБС-уудын Мэдээлэл зүй, технологийн багш, сургуулийн удирдлагууд, хувийн болон Төрийн өмчийн их, дээд сургуулиудын багш төлөөлөгчид 300 хүн оролцож, Мэдээллийн технологи хэрхэн хурдацтай хөгжлийг авчирч байгаа талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдлээ. Хэлэлцүүлгийн үеэр “USP Mongolia” ХХК-ийн захирал Ш.Буянжаргал “Монгол Коосэн” технологийн коллежийн хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлсэн туршлагаа хуваалцаж, олон улсын төвшинд мэдээлэл технологийг өөрийн боловсролын системүүдэд хэрхэн нэвтрүүлсэн талаар илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг ихээр татаж байлаа.

Мөн арга хэмжээний үеэр Санхүү эдийн засгийн их сургууль, Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг есөн байгууллага өөрсдийн мэдээлэл технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй сургалт, хөтөлбөрүүдийг танилцуулж, нээлттэй үзэсгэлэн зохион байгуулж, оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл, зах зээл дээр буй боломжуудын талаар танилцууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)