Мэдээлийн эрх чөлөөг нээх биш хаах төсөл

Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөө хүндхэн зам туулж явна. Ардчилсан хэмээх тодотголтой ч төрийн, байгууллагын, хувь хүний нууц гэх нэр дор мэдээлэл авах эрх хязгаарлагдсан хэвээр байна. Гол нь Байгууллагын нууцын тухай хуулийн “Байгууллага өөрөө нууцаа тогтооно” гэсэн заалт иргэдийн мэдээлэл олж авах эрхэд хаалт болсоор удав. Монгол Улсын иргэн Танд ямар нэг ажлаар төрийн байгууллагын хаалга татаж, мэдээлэл цуглуулах хэрэг гардаг. Гэвч жижүүр нь хүртэл “дарга” болчихсон тэр байгууллагад нэвтэрч, хайсан хүнтэйгээ уулзаж, хүссэн мэдээллээ олж авах маш хэцүү.

Янз бүрийн хүн рүү түлхэж, ийш тийш нь явуулсаар хэдэн ч өдрийг үрж мэдэх. Бас дург үй нь хүрвэл “Байгууллагын нууц” гээд л ам таглахад хэдэн өдрийн чармайлт хөөс мэт замхарна. Ийм аргаар ард нь хууль бус үйл ажиллагаа явуулахыг ч үгүйсгэхгүй. Иргэний мэдээлэл олж авах эрхийг нээх, саад болсон ажилтанд арга хэмжээ авах, байгууллага юуг нууцлах, ил байлгахыг зохицуулсан хууль гаргахаар 10 гаруй жилийн хичээж байна. Хэдэн ч удаа өөрчлөн, нэрийг нь сольж, сайжруулж төсөл боловсруулсан ч УИХ хэмээх “хад”-ыг мөргөөд уначихдаг юм.

Мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан хуулийн анхны төслийг 2003, удаахыг 2007, 2009 онд шинэчлэн боловсруулж, өргөн барьжээ. Санаачлагч нь гишүүн Сү.Батболд, Э.Бат- Үүл, С.Оюун, Ц.Мөнх-Оргил нар. “Мэдээллийг ямар аргаар авч, өгөх нь тодорхойгүй, Нууцын тухай хуулиудтай хамт оруулж ирэх хэрэгтэй” гэх мэтээр түшээд шалтаг тоочсоор байлаа.

Хоёр УИХ дамжуулан 2-3 жилийн завсарлагаатайгаар ярьж байж хэлэлцэх эсэхийг нь арай гэж шийдсэн. Энэ нь УИХ мэдээлэл олж авах эрхэд хэрхэн хойрго хандаж буйг илтгэнэ. Дахин хоёр жилийн ээлжит завсарлагаа авсны эцэст зовлон үзсэн хуулийг гишүүд биш Засгийн газраас сар гаруйн өмнө өргөн барилаа. Нэр нь хувирсаар одоо “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай” болоод буй. Төсөл зургаан бүлэг, 25 зүйлтэй. Эхний хоёр бүлгийг төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдалд зориулжээ.

Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зохион байгуулалтын өөрчл өлт, үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалт зэргийг тухай бүрт нь шинэчилж, цахим хуудас болон самбарт ойлгомжтойгоор байрлуулах ёстой аж. Мөн сул орон тооны тухайн зарлал, албан хаагчийн цалин хөлс, ёс зүйн дүрмийг ил тавина. Тухайн жилийн төсвийг жил бүрийн нэгдүгээр сарын 10-ны дотор, урьд оны төсвийн гүйцэтгэлийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор танилцуулах гэх мэтээр тусгажээ. Мэдээлэл авах эрхтэй холбоотой зохицуулалт гуравдугаар бүлгээс эхэлж байна.

Төслөөс сонирхуулъя. Зургадугаар бүлэгт хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан байна. Хуулийн хугацаанд иргэнд мэдээлэл гаргаж өгөөг үй албан тушаалтныг “гэмт хэргийн” зэрэглэлээс нь хамаараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү мөнгөөр торгох юм байна. Олон жилийн турш уг хуулийг батлахгүй уяхдаа УИХ “Нууцын тухай хуулиудад холбогдох зохицуулалт оруулж хамтад нь хэлэлцэх” гэдэг үгийг л шалтаг болгодог байв.

Харамсалтай нь энэ төслийг өргөн барихад Нууцын тухай хуулиудыг хөндсөнгүй. “Нууцын тухай хуульд харшлахгүй мэдээллийг л өгнө” гэжээ. Тэгэхээр ийм хууль байгаад ч одоогийнхоос дээрдсэн үр дүн гарна гэдэг нь эргэлзээтэй. “Байгууллага нууцаа өөрөө тогтооно” гэдэг заалтыг хасахгүй бол нэмэргүй учраас өмнөх төслүүдэд тухайн газар ямар мэдээллийг ил зарлаж, ямрыг нь нууцлахыг зааж өгсөн байлаа. Гэтэл одоогийн төсөлд тийм заалт байхгүй. Юутай ч мэдээлэл олж авах эрхийг тоосонд даруулан ор тас мартаагүй нь сайн хэрэг.

Дутуу дулимаг ч гэлээ хүсэл байвал УИХ түүнийг өөд нь татаад баталж болно. Хөгжлийн томоохон төслүүдийг хамтарч шийдсэн хэмээн “онгирдог” УИХ хаврын чуулганаараа иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг хуульчилж дөнгөх нь үү. Тэр үед олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр ч ойртсон байна.

Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль:

11 дүгээр зүйл. Мэдээлэл авах эрх, эрх чөлөө

11.1.1-3 тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракт, эд зүйл, үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл (Гэхдээ тэр нь нууцад харшлахгүй байх ёстой)

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан тохиолдолд бичгээр хүсэлт гаргана. Иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасан үндэслэлээ тайлбарлах үүрэггүй. (Хүсэлт гаргахдаа иргэн овог, нэр, оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаяг, иргэний үнэмлэхийн, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин, гарын үсгээ зурсан байх хэрэгтэй аж)

13 дугаар зүйл. Мэдээлэл өгөх

13.2.Мэдээллийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр өгч болно. Иргэн, хуулийн этгээд нь мэдээлэлтэй биечлэн танилцаж болно. /Цахим хэлбэрээр мэдээлэл авч, өгөх талаар нэлээд заалт оруулжээ/

13.3.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын долоо хоногийн дотор өгнө. Мэдээлэл авах хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээрийн төлөөлөл болох нэг иргэнд мэдээллийг өгнө. (Иргэд мэдээлэл авахдаа тодорхой хөлс төлнө)

17 дугаар зүйл. Онцгой нөхцөл

17.1.Дараахь тохиолдолд мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:

17.1.1.тухайн мэдээллийг нийтэд ил болгосноор Монгол Улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бодитой үндэслэл байгаа бол;

17.1.2.тухайн мэдээллийг нийтэд ил болгосноор Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах бодитой үндэслэл байгаа бол;

17.1.3.тухайн мэдээлэл нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, өрсөлдөөний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хяналт шалгалтын шатанд байгаа хэрэг явдалтай холбоотой бол;

17.1.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол;

17.1.5.тухайн мэдээлэл нь олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах явцтай холбоотой бол (Төрийн болон байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг авч болохгүй. Дээрээс нь ийм тохиолдлуудад мэдээлэл өгөхгүй. Өгнө, нээнэ гэхээсээ илүү өгч болохгүй, хаалттай гэсэн заалт нь олон орчихжээ)

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)