“Мэдлэгийн гол дайсан нь мунхаглал биш, төөрөгдөл юм”

50 гаруй жилийн тэртээ эмч нар нэгэн залууг удаан амьдрахгүй гэж итгэлтэйгээр хэлсэн байдаг. Гэхдээ тэр эр өнгөрсөн сарын эхээр 75 настайгаа золгосон. Энэ хүн бол Английн физикч Стивен Уильям Хокинг. Хүн төрөлхтний урагшлах зам бол шинжлэх ухааны хөгжил.

Тиймээс л эрдэмтэн мэргэдийг дэлхийг хөдөлгөгч хүчний хөшүүрэг гэдэг буй за. Энэ утгаараа түүнийг цэнхэр гаригийн хэдэн тэрбум иргэн эчнээ танина.

Дэлхийн гарал үүслийн онол, хар нүхний онолоороо алдартай буурал эрдэмтэн оны өмнө нэлээд чилээрхсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа. Одоо түүний бие хэвийн байгаа гэнэ.

1962 онд буюу 20 настайдаа Оксфордын их сургуулийг төгсөж, 1966 онд докторын зэрэг хамгаалсан гээд л намтарчилсан түүхийг нь бичвэл нэлээд урт жагсаалт болно. Юмс, үзэгдлийн магадлалын онол болон квантын механикийн энергийн онолын судалгаандаа үндэслэн “ Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг” гэсэн дүгнэлтэд хүрсэн тэрбээр “Нэгэнт өнгөрснийг буцаах боломжгүй гэдэг ойлголтыг залруулах ёстой. Учир нь өнгөрсөн цаг үед ч сонголт, боломжууд бий, яг л ирээдүй цагтай адилхан. Хүн оюун ухаанаараа ирээдүйгээ, бас өнгөрснөө ч өөрчлөх боломжтой” гэсэн байдаг.

Хүмүүн бидний нүд, тархийг нээсэн олон нээлтийн эзэн, дэлхий гариг бурхны биш, байгалийн бүтээл гэсэн үзэл баримтлалдаа үнэнч, тодруулбал аливаад үргэлж шинжлэх ухаанчаар ханддаг энэ хүний амьдралын зарчим, дотоод ертөнцийг нь “Esquire” нээхийг оролдсоныг товчлон хүргэе.

  • Мэдлэгийн гол дайсан нь мунхаглал биш, харин мэдлэгийн төөрөгдөл юм.
  • Миний оюуны чадамж ямрыг би өөрөө мэдэхгүй. Хэрэв үүнийг сонирхох хүн байгаа бол хэмжээд, тогтоох гээд үз л дээ. Хэмжигчийнх нь үзүүлэлтүүдийн чадал нь хүрэхгүй дээ.
  • Би ямар нэгэн зүйлдээ сайн байж мэдэх л юм. Гэсэн ч би Эйнштейн биш, түүнд хүрэхгүй.
  • Миний зорилго маш энгийн. Би ертөнцийг ойлгохыг хүсэж байна. Дэлхий хэрхэн үүсэж, яаж бий болсон юм бэ, эцэст нь бид яагаад энд байгааг мэдэхийг хүсдэг.
  • Математикаас хамгийн уйтгартай зүйл нь тэгшитгэл. Би аливаа юмс, үзэгдлийг геометрийн хуулиар харахыг оролддог.
  • Хүн гэдэг нь ердөө л онцлох зүйлгүй жижигхэн одон гариг дээр хувьсан, хөгжсөн сармагчны үр удам. Гэхдээ бид орчлон ертөнцийг ойлгох боломжтой. Энэ нь хүмүүнийг онцгой болгоно.
  • Миний бодлоор, компьютерын вирусүүд энэ амьдралын хэлбэр юм болов уу. Ингэж үзэх нь зүйтэй. Тэдгээр нь байгаль дэлхийн тухай ихийг ярина.
  • Энэ ертөнц амьдралд зориулагдан бий болсон гэдэгт бид эргэлзэх учиргүй. Гэхдээ энэ нь ертөнцийг хэн нэгэн, ямар нэгэн хүч бүтээжээ гэсэн нотолгоо биш юм.
  • Бид дэлхийг бий болгосон эзэнтэй холбогдож болно. Гэхдээ бид бурхан гээд байгаа тэр эзэн хувь хүн биш юм. Физикийн хуульд ямар нэгэн хувийн шинж гэж байхгүй. Тэгэхээр мэдлэгийн төөрөгдөл хамгийн аюултай.
  • Хүн төрөлхтөнд тулгарч буй асуултын хариуг олохынтулд би амьдралынхаа туршид хичээж, шинжлэх ухаанч тайлбар олохын төлөө явж байна. Магадгүй, үүний тулд би шинжлэх ухааны тайлал болсон номоо илүү олноор зарах хэрэгтэй юм болов уу.
  • Бие махбодийн минь нөхцөл байдал ажилд нэмэргүй ч , уйтгартай лекц, хурлаас зайлсхийхэд харин тус болдог юм.
  • Амьдрал байгаа газарт итгэл найдвар ч бий.
  • Би хаа нэгтээ явахыг хүсвэл тэр нь дэлхийгээс гадна, огторгуйн орон зай байх болно. Хэрэв би Билл Гейтс шиг өөр хэн нэгэн байхыг хүсвэл сансрын хөлөг түрээслээд ажиллах болно.
  • Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажил надад их орлогоос илүү таашаал авчирдаг. Үүнд би тун итгэлтэй байна.
  • Нисэх онгоцны буудлын мухлагт худалдах тийм нэг ном бичих нь миний хүсэл мөрөөдөл. Хэрэв тэгвэл хэвлэлийн компани номын хавтсан дээр нүцгэн эмэгтэйн зураг тавих хэрэг л гарах байх даа.
  • Би бурханд итгэдэг гэж бодъё. Тэгвэл хүн бурхны тааллаар ертөнцийг захирах хүчний биелэл гэдэгт итгэдэг.
  • Одоо хэр нь ертөнц дээр ирээдүйн зочид ирээгүй гэдгийг би баттай хэлнэ.
  • Шинжлэх ухааны зөгнөл нь төсөөллийг өдөөхөд, бас ирээдүйн төлөөх айдсыг арилгахад хэрэгтэй, тустай байж болно. Гэсэн хэдий ч шинжлэх ухааны баримтууд түүнээс ч илүү гайхалтай. Шинжлэх ухааны зөгнөлд хар нүх мэт зүйлийн тухай ойлголт байхгүй.
  • Хүн төрөлхтөнд тулгарч буй хамгийн хэцүү асуудал бол өөрсдийнх нь түрэмгий зан. Тэр зан араншин нь агуйн хүнд амьд үлдэхэд хэрэгтэй байсан. Одоо хэр нь Байгалийн шалгарлын дүнд бий болсон тэр зүйл бидний генд “тамгалагдсан”. Тэгвэл цөмийн зэвсэгтэй болсон энэ үед хувьсал биднийг түрэмгий зөн, зангаас минь чөлөөлөхийг хүлээгээд суух нь утгагүй. Өөрсдөө ухамсартайгаар өөрчлөгдөх хэрэгтэй байна. Үгүй бол бид генийн өөрчлөлт хийхээс өөр аргагүйдэх вий гэхээс айж байна.
  • Математикийн теоремтой маргаж чадах хүн байхгүй.
  • Хүн төрөлхтөн сансрын орон зайд гарах арга, боломж олохгүйгээр дахиад ядаж л 1000 жил оршин тогтноно гэдэгт би итгэлтэй биш. Жижигхэн цэнхэр гаригтаа бүгдээрээ хэрхэн сөнөж буйг харуулсан кино зөндөө л байна. Тийм л зүйл болно шүү дээ, хэрэв өөр одон гариг руу явахгүй л бол. Гэхдээ би өөдрөг үзэлтэй хүн л дээ.
  • Цахим ертөнцөд тархи хоосруулж, төөрөгдүүлэх мэдээлэл үй олон бий.
  • Миний ууган хүү Роберт шинжлэх ухаан сонирхдог. Тэрбээр “Майкрософт”-ын программ хангамжийн мэргэжилтэн. Охин Люси маань сэтгүүлчээр ажилладаг. Орос, франц хэл судалж байгаа. Харин бага хүү Тим оюутан. Франц, испани хэл судлалаар сурдаг. Би бас хоёр ачтай хүн. Вильям маань дөнгөж л хэлд орж байгаа хэрнээ компьютерт ухаанаа “өгчихсөн”.
  • Амьдрал ийм зугаатай, инээдтэй биш бол ёстой л гунигийн далай байх нь мэдээж.
  • Хүнд хамгийн чухал нь юу гэхээр, зүгээр л бууж өгөхгүй байх.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)