МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарын ялыг хөнгөдсөн гэж үзэв

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж дүнгээ гаргалаа. Хэргийг эргэн сануулахад, хурдан муудаж, чанараа алдах хүнсний бүтээгдэхүүнийг хил, гаалиар нэвтрүүлэх зөвшөөрөл олгохдоо Н.Баярсайхан нар нь импортлогч нараас их хэмжээний авлигыг удаа дараа авдаг байсан гэдэг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны тавдугаар сарын 7-нд хянан хэлэлцээд Н.Баярсайханыг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Мөн Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, улсын байцаагч Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэм буруутайд тооцож, тэдэнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулалгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсжээ. 

Ж.Батжаргал нарын 18 хүнийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан. Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны есдүгээр сарын 10-нд хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Харин Д.Хандсүрэн нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байдаг. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан болон Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилсөн, ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээлээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)