“Муу” ногооны жагсаалт гаргажээ

Харвардын их сургуулийн мэргэжилтнүүд Америкийн хүнс судлаачидтай хамтран өргөн хэрэглэдэг ногооны ашиг шим, тэдгээр нь таргалалтад нөлөөлдөг, эсэх талаарх судалгааг сүүлийн хэдэн жилд хийжээ. Үүндээ үндэслээд хүний бие махбодод сүрхий ашиг тустай ч таргалуулах гойд нөлөөтэй хүнсний ногооны жагсаалт гаргахад эрдэнэшиш тэргүүлжээ.

Тэдний тайлбарласнаар, эрдэнэшиш илчлэг ихтэй. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд эрдэнэшиш тогтмол хэрэглэдэг нь илүүдэл жинтэй байсныг онцолсон байна. Тийм хэрэглээтэй хүмүүс жилд дунджаар хоёр хүртэл кг жин нэмэх эрсдэлтэй гэдгийг ч анхааруулжээ. Эрдэнэшиш төмс шиг цардуул агуулдаггүй хэрнээ илчлэгийн хувьд илүү байдаг гэнэ.

“Хар” жагсаалтын удаах байрт төмс бичигдсэн бол ногоон вандуй гуравдугаарт оржээ. 100 грамм ногоон вандуйны илчлэг 73 ккал, мөн чихрийн агууламж өндөртэй юм байна. Таргалалтад нөлөөлдөг өөр нэгэн ногоо нь кольраби буюу манжингийн төрлийн ургамал. Судлаачид “Эрүүл мэндэд хамгийн тустай хэмээдэг эл ургамлын 100 граммынх нь илчлэг 64 ккал. Маш шүүслэг хэрнээ ийм өндөр илчлэгтэй гэж хүмүүс мэддэггүй.

Бид таргалалтад нөлөөлөх илчлэгийг нь түлхүү барьж судалгаагаа хийснийг онцлох хэрэгтэй” гэжээ. Дараагийн ургамал нь яншуй. 100 граммдаа 40 ккал илчлэгтэй яншуй хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг, таргалуулдаг учраас бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөжээ.

Элсэн чихрийн “учир”

Израилын “DouxMatok” компанийн эрдэм шинжилгээний ажилтнууд төрөл бүрийн бүтээгдэхүүний чихрийн агууламжийг багасгах арга олсон гэнэ. Ийнхүү багасгаснаар амт, чанарт нь нөлөөлж, “үлбэгэр” болно гэсэн үг биш гэнэ. Тэдний боловсруулсан технологиор бол хүнсэнд агуулагдах чихрийг 40 хувь бууруулна. Үүний тулд элсэн чихрийн молекулд нөлөөлөх аж. Тийм тохиолдолд чихэрлэг, нялуун амтанд дуртай хүмүүсийн хүсдэг амт нь үгүй болохгүй гэнэ. Ер нь аливаа амтыг хэл л мэдэрдэг. Тэгэхээр хэлэнд хүртэх мэдрэмж нь хэвээр байна гэсэн үг буюу тэрхүү эрхтнийг “мэхлэх” гэнэ. Эм үйлдвэрлэлд үүнтэй адил технологи ашиглаж, гашуун амтыг мэдрүүлэхгүйн тулд хайлдаг бүрхүүл хийдэг гэдгийг израил эрдэмтэд өөрсдийн технологийг тайлбарлахдаа иш татсан байна.


Бэлтгэсэн: Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)