МУИС-ийн эрдэмтэн багш нарын намтар, бүтээлээр “Мэргэдийн алтан ном” гаргажээ

Өнөөдөр МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооноос тус сургуулийн багш, эрдэмтдийн намтар бүтээлээр бүтсэн "Мэргэдийн алтан ном" номын нээлт боллоо. Тус номыг МУИС-ийг үүсгэн байгуулсан төр нийгмийн зүтгэлтэн, салбар бүрийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан, гавьяат багш нараа алдаршуулах зорилгоор бүтээсэн байна. Түүнчлэн  тус номонд нийт 116 эрхмийн хөрөг хайчилбар, намтар, эрдэм шинжилгээний хураангуй багтсан байгааг онцлон хэлэв.

Харин номын ахлах редактораар Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор С.Нарангэрэл ажилласан бол редакцийн зөвлөлийн гишүүдээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам, МУ-ын гавьяат багш, Эдийн засгийн ухааны доктор Г.Элдэв-Очир, Түүхийн ухааны доктор Ц.Жамбалсүрэн, Хэл шинжлэлийн ухааны доктор Ч.Чулуунбаатар, Хууль зүйн сургуулийн багш Ж.Жавзандулам, Д.Цэрмаа, МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны ажилтан О.Наран нар ажилласан байна.

Нээлтийн үеэр  МУИС-ийн Ахмад багш, ажилчдын нэгдсэн холбооны тэргүүн Ж.Жавзандулам хэлэхдээ "МУИС-ийн багш нар, сурган хүмүүжүүлэгч нартаа гүн талархал илэрхийлье. Бид МУИС-ийн үе үеийн багш нарын намтар бүтээлээр бүтсэн "Алтан ном"-оо өнөөдөр нээж байгаа маань түүхэн явдал юм. Энэхүү ном бүтээл цаашид залуу судлаач, эрдэмтдээр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Ном бүтээхэд оролцсон бүх хүмүүст баярлалаа. Дараагийн бүтээлээ МУИС-ийн 80 жилийн ойгоор гаргана" гэсэн юм.

Харин тус номын агуулга, ач холбогдлын талаар номын редакцын ахлагч, Академич С.Нарангэрэл "Бид багш, эрдэмтдээс номонд оруулахаар сонгохдоо МУИС-ийг анхлан үүсгэн байгуулсан, удирдсан багш нар болон ардын багш, гавьяат багш гэсэн дарааллаар сонгосон юм. Түүнчлэн МУИС-ийн олон салбар сургуулиудаас адил тэгш байдлаар багш нараа сонгосон. Энэхүү ном бол тус сургуулийн багш, эрдэмтдийн нөр их хөдөлмөр шингэсэн бүтээл юм" хэмээлээ.

Түүнчлэн МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооноос 2019 онд хийсэн судалгаагаар уг сургуулийн багш нараас Улсын баатар нэг, Хөдөлмөрийн баатар хоёр, Ардын уран зохиолч хоёр, Ардын багш долоо, Гавьяат багш 55, Төрийн шагналтан зургаа, Академич 4, МУИС-ийн Эмерит профессор долоон хүн төрөн гарсан бөгөөд Шинжлэх ухааны доктор, профессор нийт ахмад багш нарын 90 хувийг эзэлж байгааг мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)