МУЗЕЙ МӨНГӨ ЗАВШИХ БАЙГУУЛЛАГА БОЛОВ УУ

Монгол оронд нэгэн буруу жишиг тогтсоны харгайгаар төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй болсон. Ирэх сонгуулийн дараа ч ийм байдал давтагдана. Мэргэшсэн, урт удаан хугацаанд ажилласан төрийн албан хаагчдыг ингэж хоморголон халснаар төрийн алба эзэнгүйдэж, төрд данстай эд зүйл үгүй болж байгаа юм.

Үүнийг илэрхийлэх жишээ баримтууд соёлын салбарт, тэр дундаа музейд гарч эхэллээ. Үүний уршгаар түүхийн дурсгал үгүй болох нь их байна. Сүүлийн 10 гаруй жилийн дотор түүх, соёлын хосгүй үнэт эд зүйлс үгүй хийсэн, хулгайлсан, завшсан хэрэг жил бүр л гарч, хэвлэлээр мэдээлдэг ч илэрсэн нь цөөн.

2008 онд улс, аймгийн музейн сан хөмрөгт хийсэн тооллогод хамрагдсан 34 байгууллагын 208 мянга шахам эд өлгийн зүйлсээс 3146 үзмэр дутсан, 15 музейн 141 ширхэг үзмэр хулгайд алдагдсан гэх мэтээр соёлын өвийн эсрэг гэмт гарсаар байна.

Эдгээр хэргийн заримд нь музейн эрх бүхий албан тушаалтнууд холбогдож, харийнханд түүх соёлын хосгүй үнэт, дахин давтагдашгүй бүтээлээ хэдэн халтар төгрөгөөр өгчихөөд, оронд нь дуурайлган хийлгэсэн эд өлгийн зүйл авчирч тавьж байсан удаатай.

Зарим нь бүр ор мөргүй алга болгосон тохиолдол ч байна. Хамгийн сүүлд гэхэд хариуцсан эд өлгийн зүйлээ үгүй хийж, завшсан хэрэг Сэлэнгэ аймагт гарчээ. Бидэнд олдсон мэдээллээр аймгийн тус музейн захирлаар ажиллаж байсан хүнийг өөрчилж, оронд нь шинэ хүн томилсон аж. Шинээр томилогдсон захирал ажлаа хүлээж авахдаа эд өлгийн зүйлсээ тоолж, дүн бүртгэлтэй тулгатал олон тооны үзмэр дутжээ.

Тиймээс хуучин захирлыг нь эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр тус аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ. 2014 онд улсын хэмжээнд явуулсан музейн сан хөмрөгийн тооллогоор үүнийг илрүүлэх боломжтой байсан уу гэвэл бий. Харин тус тооллогыг учир дутагдалтай, мэргэжлийн хүмүүсийг оролцуулалгүй, орон нутгийнхан нь өөрсдөө тоолж, дүнг нь нийслэл рүү явуулснаас эд хөрөнгө завшигчдад боломж олгосон байгаа юм.

Гадаад, дотоодынхны нүдийг хужирлаж, мөнгө “саах” ёстой музейн зарим эрх бүхий албан тушаалтнуудын амин хувийн зорилгоо эхэнд нь тавьдаг байдлаас болж төрийн өмч ч бас үрэгдэж байгаа тохиолдол бий.

Тухайлбал, Хэнтий аймгийн орон нутгийг судлах музейн захирал нь ажиллаагүй хүний нэр дээр цалин бичиж мөнгө завшиж байсан асуудлыг хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн шалгасан ч тодорхой үр дүнд хүрээгүйгээр үл барам, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэр хүнийг жинхэлсэн гэх мэдээлэл байна.

Энэ мэтээр музейгээсээ мөнгө “саагчид” багагүй байдаг бололтой. Үүний нэг бодит жишээ нь Үлэг гүрвэлийн музейн удирдлагатай холбоотой үйлдэл. АТГ-т тус музейн захирал Ч.Дариймаагийн хууль бус үйлдлийг шалгуулах тухай гомдол ирсэн аж.

Дуулиан шуугиантайгаар нээгдэж, Т.Батаараас өөр үзмэргүй хэмээн гоочлуулдаг уг музейг олонд таниулахын тулд өмнөх захирал Н.Жавзмаа байргүй байхдаа үзмэрээ Чингисийн талбайд дэлгэж, улсын төсөвт хэдхэн сарын дотор 120 орчим сая төгрөг оруулж байсан гэдэг.

Гэтэл “Сахил хүртээд шал дордов” гэгчээр Лениний музейг МАН-ын эзэмшлээс авч байртай болсны дараа тухайн үеийн ССАЖ-ын сайдын тушаалаар тус музейн захирлыг нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Ингэснээр нөгөө төрд ордог байсан 120 сая төгрөг ч үгүй болж, нэг л үзмэртэй музей хэмээн гоочлуулахад хүрсэн.

Уг нь шинэ захирал нь менежментээ зөв хийгээд явсан бол хилийн чанадаас ирсэн үлэг гүрвэлийн чулуужсан олон ясыг гадаад, дотоодынхны хүртээл болгож, төсөвт ч, музейдээ ч орлого оруулах боломжтой байсан. Харин тэгээгүйгээс халаалт дулааны асуудлаа бүтэн хоёр жил болоход шийдэж чадахгүй, төсвөөс мөнгө татсаар сууна.

Хамгийн сүүлд гэхэд БСШУ-ы сайдын 2015 оны долдугаар сарын 7-ны А/269 тоот тушаалаар Үлэг гүрвэлийн музейд 500 сая төгрөгийн санхүүжилт нэмж олгохоор болсон байна. Үлэг гүрвэлийнх байх эсэх нь ч тодорхойгүй болсон, МАН-ын өмч үү, Г.Алтангийнх уу гэдэг маргаанаа ч тасалж чадаагүй байгаа энэ музейд 500 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хэр оновчтой байсан бол.

Эргээд нэг харчихад буруудахгүй л болов уу. Мэддэг, чаддаг хүмүүс нь тус музейд аудитын шалгалт хийж, хууль хяналтын байгууллагаар шалгуулчихад гэмгүй санагдана. Учир нь АТГ-т очсон гомдлыг хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрч байгаа юм билээ. Тус гомдолд дурдсанаар дээрх музейн захирал Ч.Дариймаа төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, эд хөрөнгө завшсан байж болзошгүй талаар ноцтой баримтууд дурдсан аж.

Тухайлбал, 2013 онд “Гуулин тал” компаниар цахилгаан халаалт тавиулахаар, 27.1 сая төгрөгийн гэрээ байгуулж, тушаал гаргажээ. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль зөрчин, үнийн ямар ч харьцуулалт хийгээгүй гэнэ. Ингээд бараа нийлүүлэх болоход гэрээнд зааснаар 30 халаагч авах ёстой байтал, 20-ийг аваад, үлдсэн 10-ынх нь мөнгө хэрхсэн нь тодорхойгүй алга болжээ.

Түүнээс гадна “Үлэг гүрвэлийн мөрөөр” нэртэй үзэсгэлэн зохион байгуулахын тулд 13.7 сая төгрөг төсөвлөжээ. Ингэхдээ шаардлагатай материалын зардал гэж “Ханбаян” компанид 11.3 сая төгрөг шилжүүлсэн ч тус компаниас цөөн тооны л бараа авсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй ханын төмөр авдраасаа бэлэн мөнгө гарган, ажилтнууддаа тараан өгч, ямар ч баримтгүйгээр бараа материал авч байсан гэнэ.

Улмаар тус компаниас авчирсан хоосон баримт гаргаж “Төсөвтөө тааруулаад үнийн дүнг бич” гэсэн хууль бус шаардлага удирдлага дороо ажиллаж байсан хүмүүст тавьж байсныг ч АТГ-т очсон гомдолд дурдсан байх юм. Мөн байгууллагад шаардлагатай эд зүйл болох хэвлэгч машины хор гэх зэргийг авах болоход хэзээ ч нярваараа дамжуулдаггүй, өөрөө нэхэмжлэх авчирч баримт бүрдүүлдэг, баримтгүй бүртгэж авахыг шаарддаг гэнэ.

2015 он гараад Үлэг гүрвэлийн музейн ажилтнуудын нормын хувцасны зардалд 3.2 сая төгрөг төсөвлөснийг хуурамч тамгатай нэхэмжлэхээр гаргуулан авахыг санаархсан талаар ч дээрх гомдолд дурджээ. Уг мөнгийг гаргуулж авчихаад 2015 оны зургадугаар сарын байдлаар нормын хувцсыг нь тавьж олгоогүй байснаа саяхан бүх ажилчдадаа өгчээ.

“Энэ мэтээр ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүд гаргадаг. Музейг татан буулгах талаар яригдах болсон нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй, идэж ууж, хөрөнгө завшихын дон шүглэсэн захирлаас үүдэлтэй тул шалгаж тогтоож өгөөч” хэмээн ажилтнууд нь АТГ-т гомдолложээ.

Хэрэв ажилтнуудынх нь хуулийн байгууллагад гаргасан гомдол нь үндэслэлтэй бол одоо олгох гэж байгаа 500 сая төгрөгийн хэдэн хувь нь энэ захирлын халаасанд орж, зарцуулах ёстой зүйлдээ зарцуулагдахгүй дутах бол. Төсвийн хөрөнгө завшчихаад өршөөгдөх юм чинь яадгийн хэмээн сууж байгаа болов уу. Юутай ч хууль хяналтын байгууллага үнэн худлыг нь дэнслэх биз. Бид цаг тухайд нь хэрхсэнийг хүргэх болно.

Г.РАВЖАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)