Музейн 300 гаруй ажилтан туршлага солилцлоо

“Музейн хөгжил-2019” чуулган нийслэлд болж байна. Музейн ажилтнууд мэргэжил, арга зүйн мэдлэг, туршлага солилцох, эв нэгдэл, найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор арга зүйн сургалт, спортын тэмцээнийг 2009 онд зохион байгуулсан нь амжилттай болсноор цугларалтыг уламжлал болгожээ. Эдүгээ нийслэл, орон нутгийн бүх музей болон Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн нийлсэн 300 гаруй хүн хуран цуглаад байна.

Эхний өдөр “Ирээдүйн музей” форум зохион байгуулсан юм. Энэ үеэр “Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн болон соёлын агуулга бүхий бэлэг дурсгалын сонирхолтой бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгууллаа. Өчигдөр Үндэсний музейд “Музейн үзмэр, цуглуулгын судалгаа” сэдэвт сургалт болов. Үүгээр “Музейн нэхмэл эд өлгийн зүйлийн судалгаа хийх арга зүй”, “Археологийн судалгаанд орон нутгийн музейн оролцоо”, Шашны эд өлгийн зүйлд судалгаа хийх нь”, “Музейн археологийн үзмэр цуглуулгад судалгаа хийх арга зүй, Үзмэрт тулгуурлан боловсролын хөтөлбөр зохиох арга зүй” сэдвээр мэргэжилтнүүд хичээл заав. Энэ өдрийн хоёр дахь хэсгийн сургалтыг Монголын үндэсний, Байгалийн түүхийн, Дүрслэх урлагийн, Чойжин ламын сүм музейд байгууллага тус бүрийн удирдлага нь ажилтнуудын хамт явуулсан.

Бэлтгэсэн: Р.Оюунаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)