МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг шагнажээ

Өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудад өртсөн малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар орон даяар өрнүүлж хамтарч дуулснаас хойш 13 жилийн дараа уран бүтээлийн тоглолтоо үзэгч олондоо толилуулсан билээ.

Тэдний санаачлан өрнүүлсэн энэхүү сайн санааны хүмүүнлэгийн аянд Монголчууд нэгдэж, малчиддаа хандивын гараа сунган малын нэмнээ, дулаан хувцас, лаа, шүдэнз, өвс, тэжээл зэрэг олон түмний сэтгэл шингэсэн тусламжийн цувааг орон нутагт үдэж байсан.

Малчин түмэн ч Монгол Улсын Засгийн газар, пүүс компани, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тусламж, сайн санааны дэмжлэгээр хахир хаврыг ажралгүй давж, урин зуны улиралтай золгоод байна.

“Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж,  нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд үнэтэй хувь оруулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр гардуулсан юм.

Тус шагналыг гардан авсан МУГЖ Т.Баясгалан, бид цаашид ч нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлэх, бусдыг манлайлж уриалан оролцож ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

МУГЖ С.Жавхлангийн хувьд орон нутагт ажиллаж байгаа тул хүрэлцэн ирж амжаагүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)