М.Төмөрбаатар: Ерөнхийлөгч залгасан ч арын хаалгадах боломжгүй

  Тусгай дугааруудад ирсэн дуудлагыг төвлөрүүлж авдаг Мэдээлэл, шуурхай удирдлагын төв (МШУТ) рүү нэг дугаараас 1000 шахам удаа залган, даажигнасан тохиолдол гарсан аж. Ийм хүмүүст ямар хариуцлага хүлээлгэдгийг МШУТийн олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн, хурандаа М.Төмөрбаатараас тодрууллаа.

-Тусгай дугаар луу олон удаа залгаж тоглосон хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ?

-Манай байгууллага арга хэмжээ тооцдог газар биш. Харин хохирогч учраас харьяаллынхаа дагуу дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст ханддаг. Сая арванхоёрдугаар сар гараад цөөхөн тооны дугаараас давхардсан тоогоор хамгийн багадаа 247, ихдээ 1000 дуудлага ирсэн. Эдгээр дугаарын эзнийг тодруулж, арга хэмжээ авахуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст албан тоот явуулсан. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд сүүлийн хоёр гурван хоног хүмүүс тоглож залгахаа болилоо. Ер нь ганц нийслэл хотоос ч биш орон нутгаас хуурамч дуудлага өгч залгадаг.

-Цагдаагийнхан тэдэнд хуулийн дагуу ямар арга хэмжээ авдаг юм бол?

-Худал мэдээлэл өгсөн гэж Монгол Улсын Захиргааны хуулийн 30.2.3 дугаар зүйлийн дагуу 2000-10.000 төгрөгөөр торгодог. Мөн мэдээллийг шалгахад гарсан зардлыг төлүүлж, сануулга өгдөг. Өөр тусгайлсан хууль байхгүй.

-Ингэж хэн нэгэн олон удаа хуурамч дуудлага өгч байх үед цаана нь жинхэнэ тусламж хэрэгтэй байгаа хүн холбогдож чадахгүй байгаа шүү дээ. Энэ асуудлыг яах вэ?

-Энэ тухайд ямар ч арга байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч тусламж хүсэж залгасан ч арын хаалгадаж түрүүлж хариулах боломжгүй. Дуудлага ирсэн дарааллаар л хариу өгдөг.

-Удаа дараа утсаар тоглосон хүмүүсийн дугаарыг хааж болдоггүй юм уу?

-Бид үүрэн телефоны газруудтай гурвалсан уулзалт хүртэл хийсэн. Гэсэн ч тэд “Иргэдийн гар утасны дугаарыг хаах нь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал” гээд хүлээж аваагүй. Үнэхээр болдоггүй юм бол тусгай дугаар луу ордог эрхийг нь хаагаад өгөөч гэсэн ч болохгүй, хувь хүний нууц гээд гэрийн хаягийг нь ч тодруулж өгдөггүй. Тиймээс бид иргэдийг тусгай дугаар луу худал дуудлага өгөхгүй, хүүхдүүдээ утсаар тоглуулахгүй байлгахыг сэрэмжлүүлж мэдээлэл хийсэн. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудад сургалт хийж, сурагчдад үйл ажиллагаагаа танилцуулсан.

Э.НАМУУН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)