МСҮТ-үүд дэлхийн боловсролын сүлжээнд нэгдлээ

ЮНЕСКО Монголын мэргэжлийн боловсролын байгууллагуудын хөгжлийн өнөөгийн түвшинд дүн шинжилгээ хийх болжээ. Үүний дагуу өчигдөр ХНХЯ-наас “Мэргэжлийн боловсрол сургалтын шинэчлэл” олон улсын чуулган зохион байгууллаа. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-той хамтарсан уг чуулганы гол зочид нь ЮНЕСКО-гийн Парис дахь төв оффис, Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Бонн, Вашингтон, Хонконг, Лондон, Сөүл, Токио дахь Техник мэргэжлийн боловсрол сургалтын олон улсын төв буюу ЮНЕБОК-ийн төлөөлөгчид байв.

Тэд ирэх өдрүүдэд Монголын мэргэжлийн боловсролын сургалт дэлхийн хөгжлийн хаахна яваатай танилцаж, зөвлөгөө өгөх юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Дэлхийн жишигт хүрэх амаргүй, олон шалгуур давах шаардлагатай. Юуны өмнө мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хууль, эрх зүйн орчныг сайжруулна. Мэргэжлийн зэрэг дэв олгож, түүнээс хамаарсан цалингийн тогтолцоог бий болгох зорилт дэвшүүлсэн” гэв. 

Түүнчлэн ЮНЕСКО-гийн харьяа ЮНЕБОК-д Монгол Улс нэгдэн оржээ. Үүний дагуу өнөөдөр ХНХЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн дэргэд ЮНЕБОК-ийн салбарыг нээнэ. Ингэснээр суралцагсад болон багш нарт олон улсын хэмжээнд туршлага солилцох боломж бүрдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)