М.Пүрэвсүрэн: Сайхан хамт олон дунд цаг хугацааг ч анзаараагүй. 30 жил нэг мэдэхэд л өнгөрчихсөн байсан

Улсын драмын эрдмийн театрын Байр, үзвэр үйлчилгээний албаны дарга, Соёлын тэргүүний ажилтан М.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Театр хэмээх ариун сүмд амьдралынхаа 32 жилийг өнгөрүүлж буй тэрбээр хоёр дахь гэр нь болсон хамт олныхоо тухай ярихдаа аньсага чийгтүүлээд авсан. Тайзан дээр гарч, жүжигт тоглохоос бусдыг нь өнгөрсөн хугацаанд хийж үзсэн болохоор арга ч үгүй биз.

Өдгөө М.Пүрэвсүрэн эгч улаан байшингийнхаа булан тохой бүрийг цэвэр цэмцгэр байлгаж, театрт ирсэн үзэгчдийг ая тухтай, сэтгэл хангалуун байх орчин нөхцөлийг бүрдүүлдэг арын албаныхнаа хариуцаж буй.

-32 жилийн өмнө энэ театрын босгоор анх орж байсан түүхээс тань хоёулаа яриагаа эхэлье?

-Миний аав Монгол кино үйлдвэрт насаараа ажилласан хүн бий. Мижиддорж гуай гээд аавыг минь кино үйлдвэрийнхэн сайн мэднэ. Би багаасаа аавтайгаа хамт кино натурт их явдаг байв. Урлагийн замаар явах хүсэл мөрөөдлийг минь хамгийн их хөглөж өгсөн натур бол “Хоньчин Найдан” кино. Тэр үед л нэг зүйл дотроос хатгасан шиг байгаа юм.

1985 онд нийслэлийн 47 дугаар сургуулийг төгсөөд, тэр үеийн Политехникийн дээд сургууль буюу одоогийн ШУТИС-д элсэлтийн шалгалт өглөө. Тэгээд барилгын коллежийн хуваарь авсан ч миний сонирхол шал өөр байсан тул “Би барилгын чиглэлээр сурахгүй шүү. Намайг драмын театрт цэвэрлэгчээр ч хамаагүй оруулаад өг” гэж ээжийгээ шалсаар энд хамт ирж байв.

Театрынхаа цэвэрлэгчээр сар орчим хугацаанд ажиллаад дэвшин, үйлчлэгч болж байлаа.

-Дунд сургууль дөнгөж төгссөн охин цэвэрлэгч ч хамаагүй хийе гээд театрт ирэхэд буцаагаагүй тэр үеийн удирдлагууд бас сайхан байжээ. Аав, ээж хоёр тань охиныхоо сонголтод хэр сэтгэл хангалуун байсан бол?

-Тэр үед манай Үндэсний жүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга хоёр тус тусдаа үйлчлэгч, цэвэрлэгчтэй байв. Аль нэгэнд нь цэвэрлэгчээр орсон хүн ажлаа сайн хийвэл үйлчлэгч болох зэргээр цаашаа дэвших боломжтой. Чадахгүй бол зай бөглөөд байлгүй, дараагийн хүндээ байраа тавьж өгдөг хатуу зарчим, шалгууртай байсан.

Манайх гэхэд л үзвэрийн 13 үйлчлэгчтэй, тэдэнд тус бүрт нь 50, 50 тасалбар борлуулах үүрэг өгнө. Өдөр нь тасалбаруудаа борлуулах гэж үйлдвэрүүдээр орж, Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй нь уулзана. Орой нь тоглолт эхлэхэд үзэгчдээ угтаж авдаг байв.

Аав, ээж хоёр минь намайг ажиллаж байгаад, дундуур нь хүссэн сургуульдаа элсэж суралцаг гэж бодсон байх. Тухайн үед хүмүүс нэг газар ажиллах явцдаа дахиж конкурс өгөөд, цаашаа суралцдаг явдал их байсан юм. Миний хувьд ч ажиллангаа СУИС-ийг төгсөж, магистрын зэрэг хамгаалж, сүүлд Удирдлагын академийг дүүргэлээ.

Энэ дашрамд, намайг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд тусалж дэмжин, боломж нөхцөлөөр хангаж өгч байсан театрынхаа үе үеийн удирдлагуудад маш их баярлаж явдгаа хэлье.

-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг танд урлагийн ямар нэг авьяас бий юү?

-Багадаа би гитар, шанз, ятга тоглочихдог, шүлэг уншдаг хүүхэд байсан. Үндэсний хөгжмийн хамтлагт хүртэл тоглодог байв.

Манай ангийн урлагийн үзлэг надгүйгээр болдоггүй байлаа. (инээв) Гэхдээ цааш нь хөгжүүлээгүй болохоор одоо бараг олигтойхон дуу аялж ч чадахаа байсан байна билээ.

-Ингэхэд танай үйлчлэгч нар театрынхаа бүх жүжгийг үзэж амждаг болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Шинэ уран бүтээлийн нээлтээс өмнө манай театрынхан дотоод үзлэг гэж хийдэг. Ер нь театрыг зорин ирж байгаа үзэгчдэд ямар сэтгэгдэл үлдээх вэ гэдэг нь тэднийг угтаж буй үйлчлэгч нараас ихээхэн хамаардаг гэж би боддог. Ямар утга учиртай жүжиг тоглогдох гэж байгааг үзэгч асуувал мэдэхгүй гээд зогсож байлгүй, бүрэн дүүрэн хариулт өгөх хэрэгтэй.

Тэр дундаа одоогийн үзэгчид мэдлэг, мэдээлэл, мэдрэмжийн хувьд өмнөх үеийнхнээс огт өөр болсон учраас үйлчлэгч нар тэднээс хоцрогдож болохгүй.

-Социализмын үед драмын театр ямархуу байсан хийгээд 1990-ээд онд зах зээлийн шуурганд яаж ганхаж, өдгөө харин ямар болсныг та хамгийн сайн мэдэх хүн.

Урлагийн бурхдын өргөөнд "уяатай" өнгөрүүлсэн он жилүүдээ эргээд харахад та юугаар бахархдаг вэ?

-Зах зээлийн үед театр оршин тогтноход хэцүү байсан нь үнэн. Үзэгчид тун хомс, цөөнгүй тоглолт цуцлагдаж ч байлаа. Гэхдээ л манайхан үүдээ барилгүй, байдаг арга чаргаа хэрэглэсээр хүнд үеийг давсан даа. Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд дотроос хамгийн анх маркетингийн албыг бий болгосон газар бол манай театр.

Тухайн үед би театрын зохион байгуулагчаар ажилладаг байв. Одоогийн манай маркетингийн албаныхны хийдэг зар сурталчилгаа, тасалбар борлуулалт, идэвхжүүлэлт гэх мэт төрөл бүрийн ажлыг ганц зохион байгуулагч гүйцэтгэдэг байлаа. Яваандаа “Зах зээлийн нийгэмд хүмүүсийн эрэлт хэрэгцээ, шаардлага өөрчлөгдөж байна, түүнд нь тааруулж маркетинг хийх хэрэгтэй” гээд энэ албыг байгуулж, анхны даргаар нь Ганбаатар гуай ирж байсан юм.

Хамгийн анх бид хоёр Анагаахын дээд сургуульд болсон их, дээд сургуулиудын удирдлагуудын уулзалтад очиж, театрт шинээр тавигдах гэж буй жүжгээ танилцуулж, аман сурталчилгаа хийж байв.

Ардын жүжигчин С.Сарантуяа эгч, Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, жүжигчин Б.Отгонбат бид дөрөв ярьж байгаад Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийг анх байгуулсан нь Гэгээн Муза академи болтлоо өргөжөөд явж байгаад баярладаг. “Гэгээн Муза” наадмын маань цар хүрээ улам өргөжин, өдгөө олон улсын чанартай томоохон фестиваль болсныг манай үзэгчид андахгүй.

Гэхдээ Гэгээн Муза академи бол зөвхөн наадам зохион байгуулах бус, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм шиг байдаг. Тухайлбал, аль 2002 онд Драмын мэргэжлийн жүжигчдийн төв гэж байхад нь миний бие Соросын сангаас санхүүжилт авч, “Театр: Хүүхэд ирээдүйн үзэгчид” гэсэн хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд хэрэгжүүлсэн юм.

Театрын үзэгчдийг багаас нь бэлтгэх, театраар дамжуулан хүүхдүүдэд гоо зүйн мэдрэмж олгоход чиглэсэн энэхүү ажил маань үр дүнгээ өгсөн гэж боддог.

-Театрын үзэгчдийг багаас нь бэлтгэх үнэхээр чухал шүү. Өнөөг хүртэл манайхан драмын театрт жүжиг үзэх гэж ирсэн атлаа энд тэндгүй чихрийн цаас дуугаргаж, хийжүүлсэн ундаа хээв нэг задлаад ууж байдаг.

Зарим нь нялх хүүхдээ аваад ирчихсэн, уйлуулаад л. Хүүхдийг нь саатуулах газар театрт байдаг болоосой ч гэж бодогддог...

-Хүүхдүүд саатуулах орчин нөхцөл бий болгох тухай манайхан олон жил ярьж байгаа. Хүүхэд саатуулах байр гээд нэг өрөө гаргаж болох л доо. Гэхдээ наад зах нь ариун цэвэр, эрүүл ахуйн маш олон шаардлага хангах хэрэгтэй болдог юм билээ.

Энд тэндээс ирсэн хүүхдүүдийн аль нь ямар өвчтэй байхыг мэдэх аргагүй тул эмч хүртэл байх ёстой гэдэг. Яваандаа энэ асуудлыг шийдэх байх аа.

Театрын үзэгчдийг бодлогоор багаас нь бэлтгэх маш чухал юм билээ. Хэдхэн хоногийн өмнө манайх “Театр, үзэгч” хөтөлбөрийнхөө хүрээнд БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газар, СУИС-тай хамтран “Царцаа намжил” жүжгээр хүүхдүүдийн дунд бүтээлийн уралдаан, “Үлгэрч хүүхэд” гэсэн нэртэй уран уншлагын, “Миний нүдээр сонгодог ертөнц” сэдэвт илтгэлийн тэмцээнүүд зохион байгууллаа.

Бүтээлийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж, илтгэлийн тэмцээнд түрүүлсэн Билгүүн гээд хүү “Театрын амьд орчин, амьд харилцаа миний сэтгэлийг эрхгүй татдаг учраас нэг жүжгийг 3-5 удаа үзсэн тохиолдол ч бий” гэж бичсэн байсан. Тэгэхээр хүүхдүүд хүртэл театрын тийм амьд орчинд эрхгүй уусдаг байх нь.

Тийм ч учраас хүүхдүүд рүү чиглэсэн манай театрын бодлого үр өгөөжөө өгч байгаа юм байна гэж ойлгосон.

-Зураач Т.Аянга танай гэр бүлийн хүн гэсэн. Та нөхөртэйгөө хэрхэн танилцаж байв?

-Тийм ээ. Манай гэр бүлийн хүнийг Т.Аянга гэдэг. Бид энэ театрт анх танилцсан юм. Аав нь Б.Төмөрхуяг гээд театрын ерөнхий зураач байсныг хүмүүс мэдэх болов уу. Аянга маань аавынхаа ажил дээр их ирдэг байсан. Сүүлдээ манай театрт гүйцэтгэх зураачаар хэсэг ажилласан.

Тэр үед би үйлчлэгч, тасалбар түгээгч, хувцасны ангийн эрхлэгч гэх мэтээр хийгээгүй ажил ховор доо (инээв). Том хүү А.Дөлгөөн маань бас зураач. Манай гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс учраас бие биенээ их ойлгож, дэмждэг.

-Хадам аавтайгаа хэдийд танилцаж, нүүр хагарч байв?

-Хадам аав минь Аянга бид хоёрыг үерхэж байгааг сонсоод, намайг битүүхэндээ ажигладаг байсан шиг байгаа юм. Эхэндээ бол тийм ч таатай хүлээж аваагүй гэдэг.

Сүүлдээ аргагүй хүлээн зөвшөөрсөн л дөө. Би өөрөө ч ажил дээр ааваас ер нь их зугтааж гүйдэг байсан (инээв). Гэрт нь очихоороо Аянгын өрөөнөөс гарахгүй, аавыг ажилдаа явахаар нь гарч ирдэг байж билээ.

-Урлагийнханд цалин хангамжаас илүү сэтгэл гэдэг хамгийн том хөрөнгө байдаг юм болов уу гэж боддог. Таныг энд энэ олон жил уясангол шалтгаан ч сэтгэл байх?

-Тийм шүү. Миний хувьд энэ театр үнэхээр увдистай газар. Хар багаасаа энд ажиллаж, бараг амьдарсан гээд хэлчихэж болохоор он цагийг театртаа өнгөрүүлсэн болохоор тэгж санагддаг байх. Бас бүхий л сэтгэл зүрхээ зориулж, өдий хүртэл үнэнчээр зүтгэхэд минь надад өмөг түшиг болж байсан зүйл бол миний хамт олон.

Энэ сайхан хамт олон дунд ажилласан болоод ч тэр үү, цаг хугацааг анзаараагүй юм билээ. 30 жил нэг мэдэхэд л өнгөрчихсөн байсан. Найзууд маань л хааяа “Хүүе ээ, чи одоо хүртэл театртаа байсаар л байгаа юм уу” гэж цаашлуулдаг юм. Харин надад энэ нь харамсмаар зүйл огт биш.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)