МОСКВА ХОТНОО БУРХАНЫ ШАШНЫ СҮМ БАРИГДАЖ БАЙНА

ОХУ-ын Москва хотын Мөргөлийн уулан дээрх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдах Бурханы сүмийн шав тавих ёслол 2014 оны 11 дүгээр сарын 4-нд (Ард түмний эв нэгдлийн өдөр) болов.  Сүмийн ивээн тэтгэгч Зөвлөлийн шийдвэрээр Их ялалтын 70 жилийн ой ойртож буйтай холбогдуулан уг төслийг яаравчлуулах болсон юм.

Сүмийн шав тавих ёслолын ажиллагаанд ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Дум, Ерөнхийлөгчийн тамгын газар, Москва хотын Засгийн газрын гишүүд болон Тува, Буриад, Халимагийн шашны тэргүүнүүд, Өвөр Байгалын хязгаар, Эрхүү мужийн  бүрэн эрхт төлөөлөгчид, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл тэргүүтэй элчин сайдын яамны хамт олон,  "УБТЗ", "Эрдэнэт  үйлдвэр", "Монросцветмет" зэрэг компаниудийн төлөөлөгчийн газар, Москва дахь монголчуудын "Мөнх тэнгэрийн дор" нутгийн зөвлөл, оюутан, сонсогчдын төлөөлөл оролцов.

"ЗХУ-ын Эх орны их дайны анхны тулалдаан 1939 онд Халх гол дээр болсон гэж ярьдаг. Тэгвэл сүүлчийнх нь 1945 онд Хянганы нурууг давж Манжуурыг чөлөөлөхөд болсон гэж хэлж болно. Монгол цэргүүд эдгээр хоёр тулаанд хоёуланд нь оролцсон. Мөн монголын ард түмэн дайны жилүүдэд эдийн засгийнхаа бүхий л боломжийг дайчлан хөрш улсаа дэмжиж ирсэн. Монгол Улс бурханы шашинтай орон. Дайны баатарлаг дурсгалд зориулж буй эдгээр сүм нь манай хоёр ард түмний баатарлаг нөхөрлөлийн дурсгал болно гэдэгт итгэлтэй байна” гэж Элчин сайд Ш.Алтангэрэл хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)