Москвад монгол хэлний мэргэжилтэн бэлтгэнэ

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, тус улс дахь Монгол Улсын ЭСЯ, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургууль хоорондын зөвлөлдөх уулзалт өнгөрсөн 29-нд болох үеэр талууд нэгэн чухал асуудлыг хэлэлцсэн нь монгол хэлний мэргэжилтэн бэлтгэх талаар байв. Тодруулбал, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуульд монгол хэлний анги нээж, сургалтын үйл ажиллагаа эхлүүлэхээр болжээ. Тус сургуулийн ректор, профессор И.А.Краева “Манай сургуулийн Дорно дахины хэл судлалын багш, эрдэмтэд энэ асуудлыг гурван жилийн өмнө дэвшүүлж, өнгөрсөн хугацаанд бид зохих бэлтгэлийг хангасан. Сургалтын үйл ажиллагаа эхлүүлэхтэй холбоотой зарим ажлыг ойрын хугацаанд хийнэ” гэж уулзалтын үеэр онцолжээ. Харин Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын референт М.М.Посельский “Монгол хэлийг Москва, Санкт-Петербургийн цөөн их сургуульд заадаг. Энэ санаачилга хэрэгжсэнээр монгол хэлний анги, тэнхимтэй, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шууд харьяаны анхны сургууль бий болно” гэж онцолжээ. Өдгөө Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуульд 19 монгол оюутан суралцдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)