Морио мотоциклоор сольсон монголчууд өөрсдийгөө хохироож байна

Г.Орчлон

Дэлхийн дайдыг мориороо туулж, харийн олон орныг эрхшээж байсан монголчууд бид өнөөдөр аргамаг хүлгээ голж, уналга, эдэлгээнд ч сургахаа больсон гэхэд хилсдэхгүй. Хүлэг сайн морьдынхоо оронд “Хүлэг”, “Аргамаг” гэх мэтээр нэрлэсэн хоёр дугуйт хурдан хөлөг сойж хурдлах болсон. Тэр дундаа нүүдэлчин монголчуудыг гэж илтгэх малчид өвөл зунгүй, өглөө, оройгүй, хүүхэд өтгөс, эр эмгүй л морио бус, мотоциклоо илүүд үзэж байна. 

Гэвч моторт хөлгөөсөө унаад амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал жилээс жилд өсөх боллоо. Уг нь монголчууд бид “Дааганаас унаад үхдэггүй” хэмээдэг дээ. Харин моторт хөлгөөсөө ойчоод ар гэртээ үхэл, хагацал авчирдаг нь эмгэнэлтэй. Тэр дундаа урин дулааны улиралд мотоциклтой явж байгаад осолдох тохиолдол эрс нэмэгддэг юм.

ЗУРГААН ЖИЛИЙН ДОТОР 561 ХҮН МОТОЦИКЛТОЙ ЯВЖ БАЙГААД ҮРЭГДЖЭЭ

Морио мотоциклоор сольсон бидний цөөхөн монголчуудад 561 хүн нас барсан гэдэг бол маш их тоо. Энэ бол сүүлийн зургаан жилд хийсэн судалгаагаар тогтоогдсон нь энэ. 2016 оноос хойших хугацаанд мотоциклтой хүмүүс холбогдсон зам тээврийн осол 1391 гарч, үүний улмаас 228 хүний амь хохирч, 683 иргэн гэмтжээ. Тээврийн цагдаагийн албанд бүртгүүлсэн нь л энэ. Бүртгүүлээгүй хэчнээн осол гарч, хэдэн хүний эрүүл мэнд хохирсныг тооцох аргагүй юм. 

Яагаад гэхээр мотоциклтой явж байгаад осолдсон хүмүүсийн олонх нь орон нутагт байдагтай холбоотой. Монгол Улсад 2018 оны жилийн эцсийн тооллогоор 970 880 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 5.7 хувь буюу 55 926 мотоцикл байна. Үүний 13.6 хувь буюу 7594 нь нийслэлд, үлдсэн 86.4 нь (48 332) хөдөө орон нутагт бүртгэгджээ. Мотоцикл жолоодох эрхийн “А” ангиллын үнэмлэхтэй 52 858 жолооч байгаа гэнэ. Харин гаалийн байгууллагын бүртгэлээс харахад 2017 оноос хойш 2019 оны I улирал хүртэлх хугацаанд 79 835 мотоцикл импортоор орж ирсэн гэх тоон мэдээлэл бий.

Энэ бүхнээс үзэхэд бүртгэлгүй 30 000 орчим хоёр дугуйт хөлөг байна. Өмнөд хөршөөс ийм ихээрээ орж ирэх болсон шалтгаан нь үнэ хямд, эмэгтэй хүн ч унаад явахад хөнгөн байдагтай холбоотой. Дээрээс нь эдэлгээ даадаггүй нь ч нөлөөлдөг нь гарцаагүй.

Хөдөөгийн нэг айлын гадаа эвдэрч тоногдсон 1-2, хонь, малаа эргүүлэхдээ унадаг хуучирсан, хол саахалтындаа буухдаа, сумын төв орохдоо гангардаг шинэ гээд 3-4 хоёр дугуйт моторт унаа байх болсон. Хонины “бор”-оо бол хүүхэд хөгшидгүй эдэлнэ. Гэтэл тэр нь нэг л өдөр унаж яваа эзнээ хээр авч шидэн амь, эрүүл мэндээр нь хохироогоод өөрөө ч талийдаг юм билээ. Унасан эзэн нь хурдтай давхидаг, унуулсан хөлөг нь Монголын тал нутагт тохироогүйгээс ийм явдал их гарч байгаа гэхэд хилсдэхгүй. Бас унаж яваа хүний цөөнгүй нь согтуудаа барьж шуугьдаг нь ч нөлөөлж байна. 

ТЦА-наас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он)-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд мотоциклын хөдөлгөөнтэй холбоотой бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг, нас баралт, гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор баталсан календарьчилсан төлөвлөгөөний дагуу “Мотоцикл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй юм. Энэ арга хэмжээний хүрээнд 2018 онд гарсан, мотоцикл хөлөглөж яваад осолд холбогдсон шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд 38 хувь нь согтуудаа унаж давхиснаас гарчээ. Харин 34 хувь нь хурд хэтрүүлснээс болсон аж. 

Согтуу ч бай, эрүүл ч бай унаж яваад осолдсон тохиолдлын цөөнгүй нь өмнөд хөршөөс оруулж ирсэн мотоцикл Монголын замд тохирохгүй байгаатай холбоотой. БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклын ихэнх нь хайлшин обудтай, хигээсгүй, засмал замд зориулсан дугуйтай байдаг. Тэр дугуй нь манай энхэл донхол ихтэй хөдөө замд нэг томхон чулуу дайраад цав гарчихна. Улмаар нааш цааш давхиж, доргиоход цуурсан хэмжээ нь тэлсээр хурдтай давхиж явахад хагаран “будаа” болдог. Өмнөд хөршөөс оруулж ирж буй мотоциклын өөр нэг согогийн нь монголчууд тэр бүр анзаардаггүйгээс осолд орох тохиолдол их.

Мотоциклын залуурт хязгаарлагч гэж байдаг юм. Хятад мотоциклын тэр хязгаарлагч нь амархан элэгдэж, улмаар нэг доргиход урд тэнхлэг нь тэр чигтээ хөндөлдөн хурдтай явж байсан мотоциклыг авч шиддэгээс хүний амь хохирч байна. Хөдөөнийхөн ихэнхдээ хамгаалах малгай, хантааз өмсдөггүй. Сумын төв орохдоо буюу замын цагдаагийн хяналттай газраар явахдаа л хамгаалах малгай нэртэй стандартын шаардлага хангахгүй хуванцар толгой дээрээ тавьчихаад явдаг. Ямар нэг осол болоход өнөөх хуванцар нь хамгаалахаасаа илүүтэй амь, биед нь гэмтэл учруулж, хагарсан шовх үзүүртэй хэсгүүд толгой руу нь шаах тохиолдол гардаг юм билээ.

Уг нь техникийн мэргэжлийн хүмүүс урд хөршөөс оруулж ирдэг мотоциклын дээр дурдсан, осол гарахад нөлөөлж буй эд ангиудыг нь сайжруулах чиглэлд анхаарч стандарт батлуулахаар болсон ч эрх мэдэлтнүүд нь үл ойшоож явсаар зөвхөн хамгаалах малгайны стандарт баталсан гэдэг. Ийм стандарттай болсноор Хятадаас импортолж буй мотоциклыг дагалдуулж дуулга ирэх болжээ. Гэвч бас л чанарын шаардлага хангахгүй, хүний эрүү, хүзүүг хамгаалахгүй, хагарахад машины салхины шил шиг жижиг хэсэг болж бутрах ёстой дуулга нь шовх үзүүртэй “зэвсэг” болж хувирч байгааг орон нутгийн замын цагдаагийн олон алба хаагч өгүүлж байна.

ХҮҮХДЭЭ САНАМСАРГҮЙГЭЭР ХӨНӨӨЧИХӨӨД ХАЛАГЛАН СУУГАА ЭЦЭГ ЭХИЙГ ЯАЛТАЙ ВЭ

Хөдөө орон нутагт гарч байгаа мотоциклын ослын олонход хүний амь, эрүүл мэнд хохирч байгаа юм. Гэхдээ нууцлаад ахуйн хүрээндээ дараад өнгөрөх нь цөөнгүй. Ийм нэгэн эмгэнэлтэй баримтыг эш татъя. Зах хязгаар нутгийн, сумын төвөөсөө алслагдсан нэгэн хаваржиж байсан малчин залуу хол саахалтынхаа айлаар буугаад мордохдоо дөрөө чангалжээ. Ингэхдээ хоёр охины дараа гарсан ганц хүүгээ урдаа сундалж явсан аж. Энэ үед мотоциклынх нь хайлшин обуд бут үсэрч онхолдсон гэнэ. Ингээд согтуудаа, бүрэн бус хоёр дугуйтай хөлөг унаж яваад газар дээрх ганц хүүгээ алдсан байна. 

Ослын дараа хүүгийнхээ амьгүй болсон цогцсыг тэврэн халаглах эцэг өөрийгөө л хараан сууж байгаа нь гачлантай хэмээн орон нутгийн замын цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэг байцаагч өгүүлсэн юм. Энэ ослыг тухайн үед дарах гэж оролдсон ч хүмүүсийн ам дамжсаар цагдаагийнхны сонорт хүрч, хүний амь хохирсон хэргийг шалган тухайн эцэгт хариуцлага тооцсон аж. Тухайн үед харанхуй шөнө, бүрэн бус буюу ямар ч гэрэлтүүлэггүй мотоциклтой, асаагуурынхаа арын ёлтгор гэрлээр замаа гэрэлтүүлмэр аядаж яваад ургаа чулуу мөргөснөөс ийнхүү осолдсон аж. Энэ мэт осол байнга гардгийг орон нутагт ажиллаж буй замын цагдаагийнхан хэлж байна. Хүүхдээ хонио эргүүл гээд мотоциклоо унуулж явуултал онхолдож эрэмдэг болсон тохиолдол нэлээд бий аж.

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагчтай холбогдоход “Бүрэн бус тээврийн хэрэгсэл, тэр дундаа ямар ч гэрэлтүүлэггүй мотоцикл унаж яваад автомашинд мөргүүлэх, юм мөргөж осолдох явдал их гарч байна. Өвлийн хүйтэнд мотоцикл унахыг хориглочихоод байхад хүртэл хөлөглөж яваад осолд орох тохиолдол гардаг. Сум, аймгийн төв, суурин газарт цагдаагийн хяналттай газарт хамгаалах малгай өмсдөг атлаа сумаас холдоод тайлж ганзагалж давхиад осолд орж тархи, нуруу нугасандаа гэмтэл авч байна. Хятад мотоциклын хүндийн төв нь дээрээ байдаг учраас тогтвор муутай. Тиймээс амархан осолддог юм билээ” хэмээсэн юм.

Мотоцикл унаж давхиад осолдож буй өөр нэг шалтгаан нь манайхны ур чадвартай холбоотой аж. Хүүхэд хөгшидгүй хоёр дугуйт моторт хөлөг унаж давхиад байдгаас биш, сургалтад хамрагдан тодорхой ур чадвар эзэмшин “А” ангиллын үнэмлэх авч байж хөдөлгөөнд оролцдог гэдгийг төдийлөн мэддэггүй. Тиймдээ ч 26 977 иргэн жолооны эрхийн “А” ангиллын үнэмлэхгүйгээр мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. “А” ангиллын үнэмлэх олгох сургалт явуулж байгаа курсууд ч ур чадвар эзэмшүүлэх гэж “гурилддаг”-аас ч болдог бололтой. 

Тиймээс холбогдох мэргэжлийн хүмүүс нь Тээврийн цагдаагийн албаныханд мотоцикл эзэмшигчдийг “А” ангиллын сургалтад хамруулж, үнэмлэхжүүлэх чиглэлээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Засаг даргатай хамтарч ажиллах, мотоциклыг оношилгоонд оруулж байх чиглэлээр саналаа хүргүүлсэн юм байна. Импортоор оруулж ирж, хил, гаалиар ямар ч хяналтгүй нэвтрүүлж буй мотоцикл эдэлгээний явцад обуд хагарах, рам тасрах, тоормосны систем ажиллахгүй болох зэргээс шалтгаалсан осол хамгийн их гарч байгаатай холбоотойгоор ийнхүү оношилгоонд оруулж байх саналыг мэргэжилтэн, судлаачид дэвшүүлсэн аж.

Харин ТЦА-наас зохион байгуулж буй “Мотоцикл” арга хэмжээний хүрээнд төв, орон нутгийн алба хаагчид бүртгэлгүй мотоциклын судалгаа гаргаж, улсын бүртгэлд хамруулах, мотоцикл хэрэглэгчдийг сургалтад хамруулж үнэмлэхжүүлэх ажлыг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Засаг дарга, Авто тээврийн үндэсний төвийнхөнтэй хамтран зохион байгуулах саналыг ажил хэрэг болгосон байна. Түүгээр ч зогсохгүй мотоциклын овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгогч туузан наалтыг урд, хойд, хажуу талд нь нэмж нааж эхэлжээ. Мөн мотоциклын жолооч иргэдийг гэрэл ойлгогчтой хантааз, хамгаалах малгай өмсөж хэрэглүүлэх ажил ч орон нутагт идэвхтэй өрнүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)