Морин өртөөний 1000 км замыг туулав

Дэлхийн хамгийн хол, өртөөчилсөн морин уралдаан болох “Mongol derby” арав дахь удаагаа болов. Уралдааны үеэр гадаадын 45 тамирчин Монгол орны нутгаар өртөөчлөн аялсан юм. Тэд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас гараагаа эхэлж, монгол мориор 1000 км уралдан, ес хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хангал нуурын эрэг дэх барианы газарт ирэв.

2009 оноос эхэлсэн тус тэмцээний оролцогчийн тоо жил бүр нэмэгдэж буй. Бартаат замын хамгийн хол зайд уралддаг гэдгээрээ 2010 онд “Гиннесийн ном”-д бичигджээ. Өнгөрсөн онд 43 тамирчин оролцсон бол энэ жил 45 тамирчин хүчээ сорьсон юм.

Тамирчид цаг агаар, байгалийн ямар ч нөхцөлд зогсолгүй явах ёстой бөгөөд 40 км тутамд морио сэлгэж, 25 өртөө дамжаад барианд ирдэг. Тэд өдөрт 13-15 цаг уралдах ёстой. Хугацаа дуусахад өртөөндөө ирж амжаагүй бол хээр хонодог гэнэ. Энэ удаагийн тэмцээнд Австралийн тамирчин Адриан Корбой, Их Британи улсын эмэгтэй тамирчин Аннабель Нешем нар түрүүллээ.

Эртний монголчуудын эхлүүлсэн морин өртөөний замыг туулах зарчмаар тус тэмцээнийг зохион байгуулдаг. Хүчээ сорихоор мэдүүлэг өгсөн 40 хүн тутмаас нэгийг нь сонгож, тэмцээнд оролцох эрх олгодог аж. Тамирчдыг тэмцээн эхлэхээс өмнө гурван өдрийн эрчимжүүлсэн сургалтад хамруулдаг байна.

Энэ үеэр тэмцээний талаарх бүх мэдээллийг өгөхөөс гадна, эмчийн туслалцаа яаж авах, өртөөнүүд хаана байрласныг танилцуулна. Оролцогч бүр байршил тогтоогч ашиглаж, нэг өртөөнөөс дараагийн өртөө хүрэх зүг чигээ олохоос гадна тусгай бэлдсэн талбайд морьдтой танилцаж, эмээллэж, чөдөрлөж сурдаг аж.

XIII зуунд дэлхийг байлдан дагуулж байсан Чингис хаан болон түүний цэргүүд дэлхийн талыг морьтойгоо туулсан замыг мэдрэх гэсэн морин спортын тамирчдын дунд хамгийн нэр хүндтэй нь эл тэмцээн аж. Ааш араншинг нь мэдэхгүй 25 өөр мориор 1000 км туулна гэдэг тамирчдаас асар их тэвчээр, ур чадвар шаардах нь гарцаагүй. Тэдний талаас илүү хувь нь барианд орж чадаагүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)