Морин цэргийн наадам Монголд болох нь

Зэвсэгт хүчинд 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ж.Бадамбазар олон нийтэд танилцууллаа. Тэрбээр “ЗХЖШ нь өнгөрсөн онд Төрийн цэргийн номлол, Орон нутгийн хамгаалалтын, Дайчилгааны тухай хууль, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник, хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам зэрэг эрх зүйн баримт бичгийг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. 

Зэвсэгт хүчин нь гадаадын нийт 36 улстай хамтын ажиллагаатай бөгөөд түүний дотор ОХУ, БНХАУ, Украин, Беларусь, Турк гэсэн таван улстай цэрэг-техникийн хамтын ажиллагаатай. Цэргийн хамтын ажиллагааны хувьд 2018 онд Индонез, Филиппин, Уругвай, Бангладеш улстай цэргийн хамтын ажиллагааг эхлүүлсэн” хэмээлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг дэлхийд таниулж буй нэг зүйл болох энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 16 700 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар цэргийн 1120 алба хаагч гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Зэвсэгт хүчний салбарын улс орноо дэлхийд сурталчлах томоохон арга хэмжээний нэг нь Олон улсын цэргийн наадам. Энэ наадмын хүрээнд зохион байгуулсан танкийн биатлон, хээрийн гал тогоо, мэргэн буудагчийн тэмцээнд манай цэргийн алба хаагчид амжилттай оролцсон. Ирэх жил болох дээрх наадмын хүрээнд манай улсын нутаг дэвсгэрт “Аравт” морин цэргийн уралдааныг хийхээр зохион байгуулагчид нь хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Энэ оны наймдугаар сарын 3-15-нд “Аравт”-ыг зохион байгуулахаар болсон бөгөөд армийнх нь бүрэлдэхүүнд морин цэрэг байдаг дэлхийн 18 улсад тэмцээнд оролцуулах саналаа илгээжээ. Цөөнгүй орон алба хаагчдаа оролцуулахаа мэдэгдээд байна. Үүний бэлтгэл ажил болгож өнгөрсөн намар анх удаа “Аравт” морин цэргийн уралдааныг зохион байгуулж Зэвсэгт хүчний 032, 232 дугаар ангийн гурван багийн 30 алба хаагч оролцсоныг бид уншигчдадаа сурвалжлан хүргэсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)