“Морин хуур-2018” наадмын гран при шагнал Х.Мөнх-Ертөнцөд очлоо

Дууны шилдэг уран бүтээл шалгаруулах 32 дахь удаагийн “Морин хуур” наадам мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд гурван үе шаттай болж, төгсгөлийн шийдвэрлэх шалгаруулалт болон шилдэг бүтээлийн жагсаалтад орсон дууг шүүгчдэд болон үзэгчдэд хүргэх нэгдсэн тоглолт Соёлын төв өргөөнд өнгөрсөн бямба гарагт боллоо. 

Монголын хөгжмийн зохиолчдын холбоо уг наадмыг 10 дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулав. БСШУСЯ дэмжиж, “Total music” компани ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа. Энэ удаа Морин спорт, уяачдын холбоо наадмын гран при шагналтан болон ангилал тус бүрт тэргүүлсэн хөгжмийн зохиолчдод хурдан удмын даага бэлэглэсэн нь уран бүтээлчдэд гэнэтийн бэлэг болж чадсан юм.

Наадмын гран при шагналтан болон ангилал тус бүрийн тэргүүн, дэд, гутгаар байрын эзэд, үзэгчдийн нэрэмжит шагналтныг тодруулахаар түрүүчийн хоёр даваанаас тунаж үлдсэн дуунуудыг цувруулан сонсгох байдлаар концертыг явуулсан юм.

Мэргэжлийн төрлийн дуунуудыг сонсох эхний хэсгийн салхийг Х.Мөнх-Ертөнцийн хөгжим, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын үг “Нар зүгийн эх орон”-ыг дуурийн гоцлооч Э.Анхбаяр дуулж хагалснаар нэгдсэн тоглолт эхэлсэн. Энэ хэсэгт шүүгчид зургаан дуу сонсоод дүнг тэр даруйд нь гаргаж, уран бүтээлчдэд шагнал гардуулав.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн хөгжим, Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлэг, ДБЭТ-ын гоцлол дуучин Г.Энхнарангийн дуулсан “Амгалан эх дэлхий минь” хэмээх бүтээл үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэв. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч А.Энхтайваны хөгжим, яруу найрагч Х.Лхагважавын шүлэг, чөлөөт уран бүтээлч Б.Уранзолбоогийн дуулсан “Ээжээ саналаа” дуу тусгай шагналтай бүтээл боллоо. 

Х.Мөнх-Ертөнцийн хөгжим, яруу найрагч,Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын үг, дуурийн гоцлооч Э.Анхбаярын дуулсан “Нар зүгийн эх орон” дуу тусгай байрт шалгарчээ. Х.Мөнхбаярын хөгжим, яруу найрагч Ц.Төртайваны үг, дуучин, Гавьяат жүжигчин У.Далантайн дуулсан “Халхын таван уул” гутгаар байр эзэлсэн бол Д.Түвшинсайханы хөгжим “Алтан өд” шагналт яруу найрагч Х.Соёмбын үг, дуучин Б.Монголхүүгийн дуулсан “Наран мэлмийт эх орон” дуу дэд байрын бүтээлээр тодорлоо. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгийн хөгжим, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, ЦДБЧ-ын дуучин, Гавьяат жүжигчин Б.Батбаатарын дуулсан “Тусгаар тогтнол” дуу наадмын мэргэжлийн төрлийн ангиллын тэргүүн байрын бүтээлээр шалгарав. Энэ төрлийн шилдэг бүтээлүүдийн шагналыг Ардын жүжигчин, хөгжим судлаач П.Хаянхярваа гардуулсан юм.

Үүний дараа наадмын нийтийн дууны төрөлд хэний ямар бүтээл шилдэгт багтсантай танилцах мөч ирлээ.

Хөгжмийн зохиолч Г.Ширчинбаатарын ая, яруу найрагч Ш.Бадарчийн үг, дуучин, Гавьяат жүжигчин Б.Батбаатарын дуулсан “Хайрын хайлан” бүтээл үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэв. Хөгжмийн зохиолч Д.Алтангэрэлийн ая, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадашийн үг, дуучин Б.Мөнх-Эрдэнийн дуулсан “Ижий шаргал говь”, мөн Х.Мөнх-Ертөнцийн ая, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын үг, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Намайг санаж буй” бүтээлүүд мөн үзэгчдийн шагнал хүртлээ. А.Энхнарангийн хөгжим, Л.Цэнд-Аюушийн үг, дуучин Д.Эрдэнэсувдын дуулсан “Ээж минь” болон хөгжмийн зохиолч С.Машбилэгийн хөгжим, үг, ҮУИТ-ын дуучин Ц.Түмэнжаргалын дуулсан “Мартагдашгүй монгол соёл” дуу тусгай байранд шалгарсан юм.

Хөгжмийн зохиолч, Гавьяат жүжигчин Г.Тэрбишийн хөгжим, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ж.Ганчимэгийн үг, уртын дуучин С.Цогтсайханы дуулсан “Бурхан ээж” дуу гутгаар байрт, Б.Цэрэндондовын хөгжим, “Алтан өд” наадмын шагналт Н.Батжаргалын үг, дуучин С.Ариун-Эрдэнийн дуулсан, “Амьдрал жаргалтай” дуу дэд байрт шалгарлаа. Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дорлигийн хөгжим, яруу найрагч Ч.Түмэндэмбэрэлийн үг, ЦДБЧ-ын дуучин Ц.Даваадоржийн дуулсан “Чамтайгаа” дуу тэргүүн байр эзэллээ.

Төгсгөлд нь 32 дахь удаагийн “Морин хуур” наадмын эстрад дууны төрөлд хэний ямар бүтээл шилдэг болсонтой танилцъя. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжим, яруу найрагч Н.Болормаагийн үг, дуучин Б.Нямдэлгэрийн дуулсан “Эрдэнэт Монголоо дуурсгана” гэсэн бүтээлүүд үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ. Э.Эрболдын хөгжим, яруу найрагч Н.Очирбатын үг, “Найз” хамтлаг болон дуучин Х.Жигүүр, Г.Дэлгэрцогт, Э.Эрболд, Г.Дарханбаатар нарын дуулсан “Найз” дуу тусгай байрт шалгарав. 

Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн хөгжим, яруу найрагч А.Бямбасүрэнгийн үг, дуучин С.Мөнх-Эрдэнийн дуулсан “Би монгол бүсгүй” дуу мөн тусгаар байр эзэллээ. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн аялгуу, яруу найрагч Ш.Оюунгэрэлийн үг, дуучин, Соёлын тэргүүний ажилтан Х.Оюунбилэгийн дуулсан “Залбирал” дуу гутгаар, “Айзам” хамтлагийн хөгжимчин О.Хүрэлбаатарын ая, яруу найрагч, “Алтан өд” наадмын шагналт Х.Соёмбын үг, Б.Энхсайханы дуулсан “Үеийн үед”: “Маш нууц” киноны дуу дэд байрт шалгарав. Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн ая, Б.Төмөр, Г.Энхтуяа нарын үг, дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин “Камертон”-ын Л.Ган-Эрдэнэ нарын хамтран дуулсан “Энхийн элч Монгол туургатан” дуу энэ төрлийн тэргүүн шагнал хүртлээ.

“Морин хуур” наадмын гран при шагналтнаар хөгжмийн зохиолч, уг наадмын төрөл бүрт бүтээлээ сойж, аль алинд нь дээгүүр “давхисан” хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц тодорч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас уламжлал болгон олгодог морин хуур дүрсэлсэн цул мөнгөн шилжин явах цом, ерөнхий ивээн тэтгэгч “Тотал мюзик” компанийн дуу бичлэгийн, таван сая төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжөөр шагнуулав.

Наадмын төгсгөлийн шатны шалгаруулалт, шилдэг бүтээлийн тоглолт Соёлын төв өргөөнд өдрийн цагаар болсон тул танхим үзэгчээр дүүрээгүй ч уран бүтээлчид, тэднийг дэмжигчид олноор цугласан байлаа.

Наадмын нийтийн дууны төрлийн шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан хөгжим судлаач, Консерваторын багш С.Энхбулагтай уулзаж энэ төрөлд бүтээлээ өрсөлдүүлсэн хөгжмийн зохиолчдын хувьд ахиц дэвшил юу байна, анхаарал татам сонин содон зүйл байсан, эсэхийг асуусан юм. Тэрбээр “Зохион байгуулагч Монголын хөгжмийн зохиолчдын холбоо уралдааны удирдамжид хөгжмийн зохиолчид дуу бүтээх уламжлалт, таван эгшигт хөгөөр бичсэн дуунууд түлхүү ирүүлэхийг заасан байсан. Уг шаардлагад нийцэх дуу бараг байгаагүй. 

Энэ нь өнөө цагт нийгэмд ноёлж буй сэтгэлгээ болон хөгжмийн зохиолчид цахилгаан төхөөрөмж ашиглан бичдэг болсонтой холбоотой ч байх. Олон дунд нэр заах бүтээл байсан л даа. “Аккордионы” хэмээх Г.Тэрбиш гавьяатын хөгжим, ҮУИТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Цогтсайханы дуулсан “Бурхан ээж” дуу уламжлалаа шингээхийг оролдсон, сонсголонтой бүтээл болсон байна лээ. Сүүлийн үеийн залуу дуучид жишээ нь Э.Чулуунцэцэг, Х.Мөнгөнчимэг, Д.Намсрайноров нарын олонд хүргэсэн бүтээлүүдийн хэрийн, тэдгээрээс илүү гарах дуу энэ удаагийн наадмын нийтийн дууны төрөлд байгаагүй гэж хэлж болно” гэсэн юм.

Наадмын эстрад дууны төрөлд гутгаар байр эзэлсэн хөгжмийн зохиолч, Консерваторын багш, Х.Алтангэрэлтэй холбогдож бүтээлийнх нь талаар тодрууллаа.

-Хөгжмийн том хэлбэрийн бүтээл бичиж мэргэшсэн хөгжмийн зохиолч эстрад төрөлд “морь уяад” аман хүзүүджээ. Яруу найрагч Ш.Оюунгэрэлийн шүлэгт хөгжим бичсэн байна. Түүнийг танилцуулах уу?

-Нас тогтсон, үнэн үгтэй бүтээл туурвидаг хүн. Түүний “Залбирал” гэдэг шүлэгт хөгжим бичсэн юм.

-Шашин, гүн ухааны сэдэвтэй юм аа?

-Гүн ухааны гэх үү, сэтгэлгээний маягтай. Дуучин Х.Оюунбилэг эгч сайн дуулсан. Хоолойн цараа шаардсан мэргэжлийн том дуу гэж болно.

-Эстрад төрөлд хамааруулах нь зөв юм уу?

-Зөв байх аа. Гүн ухааны сэдэвтэй дууг хоолойн цараа, чадлаар амилуулсан. Эстрад төрөл гэхээр шалдар булдар үгтэй, хөгжим хөнгөмсөг байна гэсэн үг биш болов уу.

-“Морин хуур” наадамд хэд дэхээ оролцов?

-Анх удаа хамтарсан бүтээлээр өрсөлдлөө.

-Яагаад хамтарсан гэж хэлэв?

-Х.Оюунбилэг эгч сэтгэл гаргаж, ур чадвар заан дуулсан болохоор хамтарсан гэж үзэж байгаа юм. Шүлэг, хөгжим хоёрыг нийлүүлээд дуу болгож амилуулах гэдэг амар биш ээ.

Нэгдсэн концертын үзэгчдийн төлөөлөл, өмнө нь олон жил шүүгчээр ажиллаж байсан хөгжим судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишигийн сэтгэгдлийг сонсоход “Мэргэжлийн дууны төрөлд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгийн, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлэгт хөгжим бичиж төрүүлсэн дуу сэтгэгдэл төрүүллээ. Энэ дууг ЦДБЧ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ж.Батбаатар найрал хөгжим, найрал дуутай дуулсан нь бадрангуй өнгө аястай, бахархал төрүүлэм бүтээл болжээ” гэж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)