“Морин хуур”-ын шилдгүүдийг ирэх сард тодруулна

Манай улсын урлаг, соёлын салбар дахь олны анхаарлыг татдаг арга хэмжээнүүдийн нэг нь оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам билээ. Эл наадмаас зуун дамнасан сонгодог бүтээл, үзэгчдийн талархал хүртэж, сэтгэлд хоногшсон шилдэг дуу ар араасаа төрсөөр ирсэн. Энэ удаагийн буюу 33 дахь “Морин хуур” наадмын II шатны шалгаруулалтыг өнгөрсөн баасан, бямба гарагт үзэгчдэд нээлттэй зохион байгуулсан юм. Энэ шатанд мэргэжлийн, эстрад, нийтийн гэсэн гурван ангиллын 40 дуунаас шилдэг 20-ийг нь тодруулж, сүүлийн шат буюу нэгдсэн тоглолтод оролцуулах боллоо. Эдгээр уран бүтээлээс төрөл тус бүрт эхний гурван байрын бүтээлийн эзнийг тодруулах бөгөөд тэдгээрээс гран при шагналтныг шалгаруулдаг учиртай. Уг нь эл наадмыг хавар, сар шинийн баярын үеэр зохион байгуулдаг уламжлалтай ч цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн улмаас хойшлуулан өдийд явуулж буй нь энэ. Наадмын шагналтнуудын гала тоглолтыг ирэх сарын 14-нд Төв аймгийн “Монгол туургатан” театрт 38 дахь удаагийн “Алтан намар” хөгжмийн наадамтай хамтатган зохион байгуулах юм.

Тайзан дээр дуучин, Улсын филармонийн дарга С.Баттулга хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булганы “Ижий бидэн хоёр” дуугаар тоглолтыг эхлүүллээ. Филармонийн найрал дуучид, Морин хуурын чуулга, симфони найрал хөгжимчид хэдийн байраа эзэлсэн байв. Удирдаач дохиураа дохих тэр агшинд хөгжим эгшиглэнэ. Ямар тансаг аялгуу вэ. Нүдээ анилаа. Дуулж эхлэхэд нь ижийгээ бодов. Үр хүүхэд ээжтэйгээ байхдаа хамгийн амгалан бас жаргалтай байдаг даа. Яг л тийм мэдрэмж. Дууны бадаг бүхэн ээждээ одоо л хайртай гэж хэл гэх шиг. Дахилт хэсэгт найрал дуучид хүч нэмэх нь илүү сүрдмээр сонсогдоно.

Түүнчлэн цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Дарханбаатар, “Дархан бэрийн дуу”-гаараа олны танил болсон Ч.Алтантүлхүүр, “Айргийн дугараа”-ны Л.Банзрагч нар хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийг тайзнаас хүргэхийг сонслоо. “Санаа заяатай Монгол” бүтээлийг С.Сэрчмаа дуулав. Оны шилдэг дуу шалгаруулах уралдаанд сойсон бүтээлүүдийг дуучид ийнхүү нэгэн дор сонордуулахыг сонсох сонирхолтой аж. Шүүгчдийг нууц байдлаар ажиллуулсан. Тэд дууны хөгжим төдийгүй шүлэг, дуучны ур чадварыг шүүн тунгаах үүрэгтэй. Үзэгчдийн алга ташилт ч уран бүтээлчдэд өгөх оноонд нэмэртэй. Сонирхуулахад, шилдэг 40 бүтээлийн олонх нь эх орон, элгэн нутаг, ижий, аавын тухай ажээ.

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос санаачлан 1987 онд анх зохион байгуулсан “Морин хуур” наадам цар хүрээгээ тэлсээр өдгөө олон оролцогчийг хамрах болжээ. Энэ жил Соёлын яам, нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран явуулж буй юм байна. 32 жилийн өмнөх анхны наадмаар хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж “Мөнгөн далай” дуугаараа тэргүүлж, морин хуураар шагнуулж байсан бол үүний дараа хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Зүүдэн бороо” дуугаараа түрүүлсэн аж. Гурав дахь удаагийн наадамд Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа “Нарны дуулал”-аараа манлайлж байж. Эдгээр уран бүтээл одоо ч гэсэн ард түмний дунд үнэ цэнээ алдаагүй хэвээр. Нэгэн жарны бүтээл туурвисан хөгжмийн зохиолчид бий. Тус наадамд гурвантаа гран при шагнал хүртсэн гурван хөгжмийн зохиолч байдаг аж. Тэд бол Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гаввяат зүтгэлтэн Б.Шарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр нар.

Энэ наадмын мэргэжлийн дууны төрөлд 33, нийтийнхэд 34, эстрад дууны төрөлд 17 бүтээл гээд нийт 84 дууг “уралдуулжээ”. Шалгаруулалт онцлогтой. Хоёрдугаар шатанд “сойх” уран бүтээлийн зохиогчийг таниулахгүйн зэрэгцээ шүүгчдийг үзэгчдийн дунд суулгасан байна. Мөн үзэгчдийн дэмжлэгийг харгалзан үзсэн. Дуучны ур чадвар, уран бүтээлээ олонд хүргэж байгаа байдал гол шалгуур нь. Хоёрдугаар шатанд үлдсэн дуучид Улсын филармонийн тайзыг хоёр өдөр эзэгнэж, ая дуугаа өргөн барьсан юм. Оролцогчид дууныхаа төрөл жанраас хамааран ятгын, хийлийн дөрвөл, Морин хуурын чуулга, найрал дуучдын хамт дуугаа сонсгов. Тэр нь тийм, энэ нь ийм гэхийн аргагүйгээр бэлтгэлээ сайтар хангасан нь илт. Дуучид эрч хүч, баяр бахдал дүүрэн, нүүрэндээ баярын мишээл тодруулж байлаа. Дуучин бүр өөрийн гэсэн хэв маягтай аж. Эл шатанд хоёроос олон зохиолчийн бүтээлийг эгшиглүүлсэн дуучин цөөнгүй байлаа. Тухайлбал, ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга гурав, мөн тус театрын гоцлол дуучин Б.Монголхүү хоёрыг дуулсан юм.

“Морин хуур” наадамд дуугаа сойсон хөгжмийн зохиолч болон дуучны сэтгэгдлээс хүргэе.

Х.АЛТАНГЭРЭЛ (Консерваторын багш, хөгжмийн зохиолч):

-Би 10 жил эл наадамд оролцож байна. Энэ удаа “Зуурд л үгүй жаргая” дуугаа мэргэжлийн дууны төрөлд уралдууллаа. Шүлгийг нь СУИС-ийн багш Д.Даваасүрэн бичсэн юм. ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү дуулж, Консерваторын оюутны найрал дуучид, Филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран үзэгчдэд хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд чамгүй амжилттай оролцож ирсэн гэж боддог. Тухайлбал, “Дарьгангын хээр тал” дуугаараа I байр эзэлж байлаа. Шүлгийг нь яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо бичсэн. Мөн “Бурхдын дээд ижий” дуугаараа тусгай байр эзэлсэн. Эстрад дууны төрөлд “Залбирал”-аараа “айргийн гуравт давхисан”. Ер нь энэ наадмыг ажиглахад дуунууд жилээс жилд чанаржиж, симфони найрал хөгжимчдийн болон найрал дуучдын гүйцэтгэл мөн тэр хэмжээгээр сайжрах төлөвтэй байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар өнгөрсөн жилээс эхлэн Улсын филармонитой хамтран ажиллаж эхэлсэн. Мөн Соёлын яамыг сэргээн байгуулснаар нэгдсэн зохион байгуулалттай сайхан болж байна. Бүтээл минь шилдэг 20-д шигшигдээд, баяртай байна. Эцсийн шатны шалгаруулалт бүхнийг шийдэх тул хүлээх л үлдлээ.

Ө.УЯНГА (ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин):

-Жил бүр болдог “Морин хуур” наадам бол дууны маш том баяр. Хөгжмийн зохиолчдын сүүлийн нэгээс хоёр жилд туурвисан бүтээлүүдийг өрсөлдүүлэх журамтай. Энэ удаагийн наадамд дөрвөн хөгжмийн зохиолчийн бүтээлээр уралдаанд оролцож, гурав нь шилдэг 40-д тунасан. Бүгд мэргэжлийн дууны төрлийнх. Дуулахад эвтэйхэн байхын сацуу хүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн үгтэй, сайхан дуунуудыг үзэгчдэд, шүүгчдэд хүргэлээ. Миний дуулсан хоёр дуу шийдвэрлэх шатны шалгаруулалтад тэнцсэн сайхан мэдээтэй байна. Тэгэхээр хөгжмийн зохиолч М.Хатанбаатарын “Ганга нуурын гангар хун”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын хөгжим “Эр хүн танаа” гэсэн хоёр сайхан дууг “Монгол туургатан” театрт эгшиглүүлэхээр боллоо.

Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)