Морин тойруулгын хашаанд маш гоё бүтээлүүд байна

Тэнгэр хураа татахгүй байсаар сэрүүн орж буй энэ өдрүүдэд нийслэлийнхний сэтгэлийг татах олон арга хэмжээ ар араасаа хөвөрч буйн нэг нь Монголын урчуудын эвлэлээс зохион байгуулж буй “Улаанбаатар-2018” олон улсын дүрслэх урлагийн наадам юм. Монгол, ОХУ, БНХАУ-ын кураторууд ажиллаж, Монголын урчуудын эвлэлийн “Арт”, “UB art”, “Цагаан уул”, “Q”, “976”, “MN 17”, “Best”, “Өв”, Хаан”, “Норфей” гэсэн 10 галерей Монголын шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэнг зэрэг гаргах тус наадмын гол павилион нь Яармаг дахь “Морьтны хөшөө” ажээ.

Хуучнаар бол Морин тойруулгын хашаа ийм нэртэй цогцолбор болсон юм байна. Олон улсын наадмын гол павилионыг зорьж очлоо. Гурван давхар байшин дүүрэн зураг, урлал байх агаад үзэж буй хүн бараг алга. Урьд өдөр нь нээлт болоход үзэгч олноор бужигнасан гэнэ. Уран зураг, дүрслэх урлаг сонирхогчдын хайртай олон уран бүтээлч энд туурвилаа дэлгэжээ. Төрийн шагналт, барималч Л.Ганхуяг, зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Энхтайван, зураач, урлаг судлаач М.Батзориг, морины сэдвээр дагнадаг М.Эрдэнэбаяр, үс, үр хөврөл сэдвээр зурдаг Ж.Мөнхцэцэг, эвлүүлэг хэлбэрээр бүтээдэг н.Нандин-Эрдэнэ гээд нэр дурдаж болно.

Морин тойруулгын гэдгээр нь хүмүүс сайн мэддэг тэрхүү талбай томтой хашааны голд үл анзаарагдам орших ногоон байшингийн гадаа дүрслэх урлагийн олон улсын наадамд уран бүтээлчид нь оролцож буй улс орнуудын төрийн далбаа намирах нь тэнд арга хэмжээ болж буйг илтгэнэ. Түүнээс биш уг байшинд тийм гоё үзэсгэлэн нээгдсэн тухай мэдээлэл олон нийтэд төдийлөн хүрээгүй мэт.

Уран зургаас гадна анхаарал татаж, сэтгэл гижигдэх баримал, инстоляц хэд хэд байх аж. Жишээ нь, морин тэрэг гэж юу байдгийг монголчуудын уламжлалт технологи болох бургас сүлжих аргаар, том хэмжээтэй хийгээд “Нүүдэл” хэмээх нэр өгчээ. Энэ нь монгол ахуй, соёлын ойлголтыг олон үггүй тодорхойлсон аж. Тэнд “Энэ юу юм бол” гэж харахаар сонирхолтой, зарим талаар төөрч будилж мэдэх олон ч бүтээл байна лээ. Зорьж очоод хараарай, амьдралын тухай бодол тань уран бүтээлч бүрийн санаа оноо, хэллэг, илэрхийллээр баяжна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)