"“Монполимет” ХХК улсад 13.6 тэрбум төгрөг төлөх ёстой байсан ч шүүхээс хэрэгсэхгүй болгосон"

Нэр бүхий хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар АТГ-т хандлаа. Тэд "Монполимет" ХХК-ийн 10 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанк Эрсдлийн сангаараа хаах асуудалд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид ашиг сонирхлын үүднээс хандсан эсэхийг тогтоолгох аж.

Хуульч Д.Хишигбаяр: Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Монполимет" ХХК болон Монголбанкны асуудал олон нийтийн шуугиуллаа. Үүнтэй холбоотой асуудлаар нэр бүхий хуульчид АТГ-т хандахаар боллоо. Тухайлбал, "Монполимет" ХХК болон Монголбанк 2003 оны хоёрдугаар сарын 28-н болон 2005 оны есдүгээр сарын 1-н, 2006 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд арилжааны ерөнхий гэрээ байгуулсан. Мөн 2007 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар алт олборлогч компаниудтай байгуулж байсан арилжааны гэрээг дуусгавар болгосон. 2006 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Монполимет” компанитай байгуулсан арилжааны гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн байгаа. Мөн гэрээг цааш сунгасан.

Улмаар “Монполимет” компани нь Монголбанкинд буюу Монгол төрд төлөх ёстой 13.6 тэрбум төгрөгөө төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол нэхэмжлэл гаргасан байдаг.  

Уг нэхэмжлэлтэй холбоотойгоор “Монполимет” компаниас 2016 онд тайлбар ирүүлсэн. Уг тайлбарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 75.2.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэсэн байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр 230 тоот шүүхийн шийдвэр гарсан байдаг. Ингээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Монгол төрд төлөх байсан 13.6 тэрбум төгрөгийн асуудлыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. 

Уг нь хуулиар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй ч Монголбанкны удирдлагууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй. Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэмэмжлэл гомдол гаргасан нь Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгуулахаар АТГ-т хандаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)