“МОНДУЛААН ТРЕЙД”-ИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХЭН ЗОГСООХ ВЭ

“Мондулаан трейд” компанийн хууль бус үйл ажиллагаа газар авчээ. Төв аймгийн Заамар сумын нутагт алт олборлох тусгай зөвшөөрөлтэй тус компанийнхан лицензтэй талбайнхаа солбилцлоос гадагш, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хөрс хуулж, алт олборлосоор байна.

Тус компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хөрсийг хуулжээ. Улмаар нэгдүгээр сарын 16-наас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл шороо зөөж, угаасан байна.

Үйл ажиллагаагаа түр завсарлаад байсан тэднийхэн өнгөрсөн 9-10-нд шилжих шөнө өнөөх газраасаа шороо дахин зөөж, алт угаажээ.

“Мондулаан трейд” компанийнхан зэрэгцээ оршдог “Авдарбаян” компанийн лицензтэй талбай руу ч гар дүрээд амжсан аж. Тус компанийн ерөнхий захирал Ц.Ганхуяг “Манай лицензтэй талбайн хоёр ч хэсэгт цөмрөн орж, алт олборлосон” гэж баталж буй юм.

Тэрбээр эзэмшиж байсан ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлөө 2012 онд “Мондулаан трейд” компанид хуулийн дагуу шилжүүлж байжээ. Газар орны нөхцөл, орон нутгийн хэрэгцээнд авсан талбайг мэддэг тул Ц.Ганхуяг энэхүү хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, холбогдох хяналт шалгалтын байгууллагад гомдол гаргаад буй.


Ц.Ганхуяг нь нэгдүгээр сард “Мондулаан трейд” компанийн хууль бус үйлдлийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байсан удаатай. Энэ талаарх мэдээллийг нийтэлсний дараа “Мондулаан трейд” компаниас манай сонинд хандан мэдэгдэл ирүүлсэн юм.

Үүнд “... Ц.Ганхуяг гэгч нь манай компанийн тухай олон нийтэд илт буруугаар ойлгуулахыг хичээсэн, гэм буруутай мэт харагдуулахыг оролдсон, компанийн нэр хүндэд халдаж, дайрч давшилсан, гүтгэсэн агуулга бүхий мэдээллийг цацлаа... “Авдар баян” компанийн захирал Ц.Ганхуягийн тараасан мэдээлэл нь сэтгүүл зүйн ёс зүйг үл тоомсорлосон, өөрсдийн ашиг сонирхолд зохицуулан бодит байдлыг илт гуйвуулан олон нийтэд хүргэж байгаагийн илрэл бөгөөд олон нийт, хамтран ажилладаг байгууллага, түнш, харилцан үйлчлүүлэгч нарын маань дунд эргэлзээ төрүүлж, манай компанийн ажил хэрэг, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна” гэсэн байв.

Үнэхээр Ц.Ганхуяг нь гүтгэгч үү. Хэрэг явдалтай холбоотой баримт сэлтийг сөхвөл нэг хүнээр тогтохгүй, засаг захиргааны нэлээд олон албан тушаалтан гүтгэгч болж таарах нь байна.

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын захирамжаар байгуулагдсан М.Мэндсүрэн ахлагчтай, М.Хүрэлбаатар, Ж.Даш-Яйчил, М.Цогжавхаа, Д.Болормаа (Заамар сумын Засаг дарга) А.Оюунтуяа, Э.Өлзийсайхан нарыг багтаасан ажлын хэсэг “Мондулаан трейд” компанийн хөрс хуулалт хийсэн талбайд нэгдүгээр сарын 7-нд ажиллажээ.

Ингэхэд 5.9 га талбайн шимт хөрсийг хуулснаас 4.8 га нь аймаг, сумын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт хамаарч байсан аж. Ажлын хэсгийнхэн “Мондулаан трейд” компанийн лицензтэй талбайг тэмдэгжүүлж, уурхайн үйл ажиллагаанд сумын Засаг дарга Д.Болормааг байнга хяналт тавьж ажиллахыг даалгасан байна.

Мөн лицензгүй талбайд үйл ажиллагаа дахин явуулсан тохиолдолд Цагдаагийн газарт мэдэгдэж, зохих арга хэмжээ авахуулахыг үүрэгджээ. Ингээд хууль зөрчсөн компанийг 13 сая төгрөгөөр торгож, хөндсөн талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр болсон аж.

“Мондулаан трейд” компанийнхан хийх ажлаа олж ядсандаа лицензгүй талбайд хөрс хуулаагүй нь ойлгомжтой. Шалгалт шүүлэг дууссаны дараахан л алт олборлож эхэлжээ.

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан нэгдүгээр сарын 23-нд “Мондулаан трейд” компанид хяналт шалгалт хийж, хууль зөрчсөн үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох арга хэмжээ авахуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн байна.

Энэ тухайгаа ч “Авдарбаян” компанийн ерөнхий захирал Ц.Ганхуягт мэдэгджээ. Гэсэн ч хууль бус үйл ажиллагаа нь албан бичиг дээр л “зогсож”, амьдрал дээр үргэлжилжээ. Тус компанийнхан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайгаас шороо зөөж, алт угаасаар буйг нь Ц.Ганхуяг гэрэл зураг, дүрс бичлэг зэргээр баталгаажуулсан байна.


Хяналт шалгалт хийж, хууль мөрдүүлэх үүрэгтэй мэргэжлийн хяналтынхан ч уурхайн талбайд очиж ажиллахгүй байгаа аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан “Тэр компанийг шалгасан. Үйлдэл нь эрүүгийн шинжтэй учраас цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн тайлбар өглөө.

Энэ оны нэгдүгээр сарын 23-нд гаргасан шийдвэрээ хэлж буй нь тэр. Төрийн байгууллагууд бичиг цаас дамжуулж, цаг алдаж байтал хууль зөрчигч алтыг нь аваад арилах нь байна. Заамар сумын Засаг дарга болон холбогдох албаныханд удаа дараа хандахад үл ойшоон, уурхайн талбайд очиж ажиллахаас удаа дараа “бултсан” гэнэ лээ.

Сумын Засаг дарга хууль дагаж мөрдүүлж, төрийг төлөөлж ажиллах үүрэгтэй. Тэгэх л гэж татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа. Төр захиргаа, хууль хяналтын байгууллагын ажилтнууд эс үйлдлээрээ “Мондулаан трейд” компанийн хууль зөрчсөн ажиллагааг дэмжиж байгаа юм биш үү?

Хуулийг уландаа гишгэсэн “Мондулаан трейд” компани хэдий хэмжээний алт олборлож, хэр их ашиг олсныг хэн тогтоох вэ? Ямар хариуцлага ногдуулах вэ? Хуулийн дагуу бүх алтыг нь улсын орлого болгож, нөхөн сэргээлт хийлгэн, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Ш.Лхамсүрэн захиралтай “Мондулаан трейд” нь зуух үйлдвэрлэж, худалддаг байгаад, 2010 оноос уул уурхайн салбарт хөл тавьсан компани юмсанж.

Т.ЭНХБАТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)