Монгол, Японы Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт гарын үсэг зурав

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх 309 сая иений санхүүжилт бүхий Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар өчигдөр гарын үсэг зурав. Зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна. 

Тодруулбал, тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй төрийн залуу албан хаагчдыг Японы их, дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог аж. Тус хөтөлбөрийн хүрээ өргөжиж 2016 оноос хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдах боломжтой болсон юм. Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 20 хүнийг сонгон шалгаруулж, арлын орны их, дээд сургуульд магистр, докторт суралцуулах нь. Үүнээс 18 нь төрийн албан хаагч, хоёр нь хувийн хэвшлээс хамрагдах гэнэ.

Ташрамд дурдахад, манай улс дээрх хөтөлбөрт 2001 оноос хамрагдсан бөгөөд 340 оюутан Японы их, дээд сургуулиудад суралцжээ. Тэд ихэвчлэн санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр суралцсан байна.

Ц.Ундрал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)