Монгол ээжүүдийн эрүүл мэнд доройтжээ

Монгол ээжүүд гэртээ араг түшиж, ажралгүй амарждаг байсан үе тийм ч эртнийх биш. Дөрвөн цагт дураараа нүүдэллэж, мал ахуйгаа адгуулан амьдарсаар ирсэн бид тэр хэрээр л бие хаа эрүүл чийрэг, энх тунх, урт удаан насалдаг байж. Нүүдэлчин амьдралаас холдоогүй ч суурин соёл руу тэмүүлж, хотжилтын буруу хэмнэлд идэгдэхийн хэрээр “яс сайтай” гэгддэг эрүүл монгол хүн үгүйрэхийн зовлон айсуй. Энэ нь XXI зуунд араг түшээд амарж гэсэн үг биш. Ерөөс манай ээжүүдийн эрүүл мэнд сул дорой болсныг хэлэх гэсэн хэрэг. Тэр дундаа жирэмсэн эхчүүдийн лагшин байнга чилээрхүү, амны хөндийн үрэвслээс эхлээд цусны даралт ихсэх, бэлгийн замын халдварт өвчин, дотор эрхтний эмгэг өөрчлөлт, таргалалт, цаашлаад цөөнгүй нь хавдартай байна. Эдгээрээс аль нэг нь, эсвэл хоёр, түүнээс олон өвчин эхчүүдэд зэрэг оношлогдох болсныг эмч нар хэлэх боллоо.

Суурь өвчнөөс гадна жирэмсэн эхчүүдийн дунд бэлгийн замын халдвар их байгаа нь эмч нарын санааг хамгийн их зовоодог асуудал

Гэр бүл зохиож, үр удмаа үлдээнэ гэдэг хамгийн хариуцлагатай бөгөөд хүн болж төрсний нэгэн гавьяа билээ. Гэвч манай эцэг, эхчүүдийн зарим нь үүнд айл гэр болж тоглохоос өөрцгүй мэт хандах нь холгүй гээд хэлчихвэл үнэнээс нэг их зөрөхгүй. Ээжүүд ирээдүйд мэндлэх үрийнхээ төлөө эхлээд биеэ эрүүлжүүлэх наад захын ойлголт, мэдлэггүй байгааг албаныхан шүүмжилдэг. Жирэмслэхээсээ өмнө нөхөртэйгөө урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн өвчин илэрвэл илааршуулсныхаа дараа гэр бүлээ төлөвлөж сурах хэрэгтэй болжээ, бид.

Харамсалтай нь, манай охид, бүсгүйчүүдийн олонх нь хүүхэд төрүүлэхээсээ өмнө 2-3 төрлийн суурь өвчтэй болж “амждаг” гэнэ. Амны хөндийн өвчлөлөөс эхэлье. Бие давхар эмэгтэйчүүдийн олонх нь “Жирэмсэн болсны дараа шүд үйрчихлээ, цоорчихлоо” гэж эмч нарт хэлдэг аж. Тэгсэн хэрнээ шүдээ эмчлүүлдэггүй, энэ нь урагт сөргөөр нөлөөлнө гэдэгт бат итгэдэгтэй холбоотой. Харин АНУ-ын Детройтын эрүүл мэндийн сургуулийн Амны хөндий ба эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн тэнхимийн дэд профессор Милан Мэйбэри эхчүүдийн энэ үзэл, хандлагыг эсэргүүцэж, жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх эмчилгээний удирдамж хүртэл боловсруулжээ. Түүний судалснаар, эхчүүдийн амны хөндийн нян, халдвар нь хүүхдэд халдах өндөр эрсдэлтэй. Хэдийгээр хүүхэд шүдгүй төрдөг ч халдварын улмаас “өргөснүүд” нь цухуйж гүйцмэгц цоорол үүсгэдгийг тэрбээр тогтоожээ. Нэг ой дөнгөж өнгөрөв үү, үгүй юү хүүхдүүдийн шүд хорхойтдог нэг шалтгаан нь энэ аж. Тиймээс жирэмсэн үедээ рентген зураг авхуулахаас бусад буюу чулуу түүлгэх, ховил битүүлэх, шүд авхуулах, сувгийн эмчилгээ хийлгэхэд аюулгүй болохыг Милан Мэйбэри зөвлөж байна. Хэрвээ жирэмсэн эх хорхойтой шүдээ эмчлүүлэхгүй бол ургийн хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй жин багатай, дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ.

Суурь өвчнөөс гадна жирэмсэн эхчүүдийн дунд бэлгийн замын халдвар их байгаа нь эмч нарын санааг хамгийн их зовоодог асуудал. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өндөр байгаа. Үүний уршгаар 2019 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол бүртгэгдээд буй. Тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 48.1 хувь нь жирэмсний хяналтад огт ороогүй, үлдсэн нь эмчийн хяналтад байсан ч тэмбүүгийн шинжилгээ хийлгээгүй байна. Өнгөрсөн онд 78 199 эмэгтэй жирэмсний хяналтад хамрагдсаны 12 орчим хувь нь заасан хугацаанаас хойш эмнэлэгт хандсан нь уг эрсдэлийг улам нэмжээ. Хяналтад байсан эмэгтэйчүүдийн 97.7 хувь нь тэмбүүгийн шинжилгээ хийлгэсний 1600 нь уг өвчний халдвартай гарч. Үүнээс гадна эхчүүдийн дөрөв орчим хувь нь цус багадалттай, 0.8 хувь нь сүрьеэтэй байсан гэнэ.

2019 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 59 618 эмэгтэй жирэмсний хяналтад оржээ. Тэдний 91.6 хувь нь хяналтын үзлэгийн дагуу трихомониазын сорил тавиулж, 91.1 хувь заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд, 98.4 хувь нь тэмбүүгийн ийлдэс оношилгоонд хамрагдсан байна. Тэгэхэд 961 нь трихомониазтай, 256 нь заг хүйтэн, 1151-т нь тэмбүүгийн бактери илэрсэн аж. Эдгээр нь эхийн эрүүл мэнд гэхээсээ хүүхдэд маш муу нөлөөтэй. Амьгүй болон жин багатай, эсвэл дутуу төрөх магадлалыг хамгийн их нэмдэг шалтгаан энэ.

Нөгөөтээгүүр, 2000 оноос хойш жирэмсэн эхчүүдийн дунд энэ мэтчилэн халдварт болон халдварт бус өвчний тохиолдол нэмэгдсэн нь хийсвэрээр төрөх үндсэн шалтгаануудын нэг болжээ. Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн 1990 оноос өмнө монголчуудын идэж, уудаг хоол, хүнс голдуу байгалийн гаралтай байсантай холбоотойгоор эхчүүд эрүүл чийрэг байсан гэдэг. Харин өдгөө хүнсний аюулгүй байдал алдагдаж, агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тул жирэмсэн эхчүүдэд төрөл бүрийн аминдэм нэмэлтээр хэрэглүүлдэг болсон. Ингэснээр ураг хэвлийдээ хэт томорч, цөөнгүй нь хийсвэр хагалгаа хийлгэн, улмаар эхийн эрүүл мэндийг доройтуулах нэрмээс болж буйг судлаачид хэлэв. ДЭМБ-ын тайланд дурдсанаар, тухайн улсын нийт жирэмслэлтийн 5-15 хувийг мэс заслаар төрүүлэхэд хэвийн гэж үздэг. Харин манайд энэ тоо хоёр дахин их байдаг.

Жил ирэх тусам ээжүүдийн эрүүл мэнд муудсаны гайгаар жирэмсний явцад төрөх замын элдэв өвчин, эхэс түрүүлэх, эсвэл амаржих хугацаанаас өмнө ховхрох, зүрх, судасны эмгэгт өртөх, жирэмсний хордлоготой удах, хүүхэд хөндлөн байрлах зэрэг эрсдэл цөөнгүй тохиолдох болжээ. Мөн амаржих явцад болон түүний дараа олон янзын хүндрэл гарч, эх эндэх шалтгаан болсоор байгаа аж. Тодруулбал, 2018 онд жирэмсний болон төрөх үеийн, төрсний дараах хүндрэлийн 65 064 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 844 ногдож байгаа нь өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Тэдний 39.2 хувь нь жирэмсний үед, 49.3 хувь нь төрөх явцдаа, 2.3 хувь нь төрсний дараа бие нь муудсан бол үлдсэн нь өөр шалтгаантай чилээрхжээ. Голдуу татах, ухаан балартах, цус алдах зэрэг эхийн аминд ноцтой хүндрэл гардаг гэнэ. Эдгээр шалтгааны улмаас өнгөрсөн жил 21 эх эндсэн бол 2019 он гарснаас хойш 13 ээж ийм шалтгаанаар нас барсан нь харамсалтай. Эхийн эндэгдлийг 100 000 амьд төрөлтөд насны бүлгээр авч үзэхэд, 25-29 насныхны дунд 37.3, 40-өөс дээш насныханд 148 байгаа нь улсын дүнгээс 10-121 тохиолдлоор өндөр үзүүлэлт аж.

Тиймээс хүүхэд төрүүлэхээр төлөвлөж буй гэр бүлд эмч нар дараах зөвлөгөөг хүргэсэн. Нэн тэргүүнд суурь өвчнөө эмчлүүлэх, бэлгийн замын халдвар илрүүлэх шинжилгээ тогтмол өгч, бүрэн илааршуулах, ураг тээх хугацаандаа аль болох өөрт тохирсон дасгал, хөдөлгөөн хийж, эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр эрхлэхгүй байх, эрүүл хооллох, хорт зуршлаас холуур байхыг анхааруулав.

Засгийн газрын 78 дугаар тогтоолоор “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталсан. Үүний хүрээнд 2017-2021 онд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг тасалдуулахгүй гэж амласан. Түүнчлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэх замаар эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахыг зорьж буй. Төрийн байгууллагуудын хичээл зүтгэлийг үгүйсгэхгүй ч одоо болтол жил бүр 300 гаруй эх гэртээ амаржиж, төрөхийн ямар нэгэн эрсдэлтэй нүүр тулсаар. Эмэгтэйчүүдийн суурь өвчин, жирэмсний хугацаан дахь элдэв хүндрэлүүдээс гадна эмч нарын буруутай үйлдлээс болж эх эндэх тохиолдол гардгийг ч энд тэмдэглэхэд илүүдэхгүй биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)