Монгол эзэнт гүрний баатрууд “амилжээ”

Монголын эзэн гүрний үеийн Гүр хан Жамуха хээр, зэс тогоонд цай чанаж суугаа нь яг л бодит мэт харагдана. Түүний зовхины үрчлээсийг хүртэл маш нарийн урлажээ. Монголын үндэсний музейд өчигдөр нээлтээ хийсэн “Хубилай хаан ба монгол жанжид” үзэсгэлэнгийн нэг хэсэг нь энэ юм. Эл үзэсгэлэнг Хубилай хааны мэндэлсний 805 жилийн ойд зориулж дэлгэсэн бөгөөд үзмэрүүдийг “Мөнх тэнгэрийн цаг” төрийн бус байгууллага, “Чингис хаан” вакс баримлын музейнхэн хамтарч 3-4 жилийн хугацаанд урлажээ. Тэд Хубилай хаан, Өүлэн эх, Хасар, Зэв, Мухулай, Боорчи, Тулуй жанжны лааны тосон баримлыг яг л амьд мэтээр бүтээсэн байв. Мөн XIII-XIV зууны үед цэргүүд хэрэглэдэг байсан усны сав, шаазан таваг, ялтсан гутал, хөө хуяг, нум сумыг шилэн хоргонд дэлгэсэн нь сонирхол татсан юм.

“Чингис хаан” вакс баримлын музейн захирал Д.Дэлгэрмаа “Монголын нууц товчоо”-нд 400 гаруй хүний төрхийг дүрсэлсэн байдаг. Түүнд үндэслэн баатрын дүр төрхийг гаргахдаа бөгөөд түүхч судлаачдаас зөвлөгөө авсан. Бид дэлхийд анх удаа Хубилай хааны дүрийг лааны тосоор урлалаа. Төмрийн дархчууд, зураач, оёдолчид чухал үүрэг гүйцэтгэсэн. Бас нэг зүйл онцлоход, тухайн үед ашиглаж байсан хувь хүний дардас буюу тамгыг баатруудын хуяг дуулга дээр буулгасан нь үзэгчдийн сонирхлыг татах биз ээ. Энэ ажилд түүхийн ухааны доктор Б.Нямаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин нар зөвлөгөө өгч, хамтарч ажиллалаа. Хубилай хааны баримлыг Европын жуулчид их сонирхож, асуудаг. Тиймээс хоёр жил судалж, гурван сарын хугацаанд урласан. Уг лааны тосон баримлуудыг зүсэж гэмтээхгүй бол 15-20 жил засварлах шаардлагагүй” гэв. Музейн ерөнхий зөвлөх, профессор О.Сүхбаатар “Манай үзмэрүүд гадаад, дотоодын иргэдэд түүхэн мэдлэг олгох чухал ач холбогдолтой. Эл баатруудын эдлэл хэрэглэл, хувцсыг урлахдаа “Монголын нууц товчоо”-г нарийн судалж, түүхэн зургуудыг шүүж, археологийн олдворуудыг дуурайлган хийсэн” хэмээн тайлбарлаж байлаа.

Бэлтгэсэн: О.Алуунгуа 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)