Монгол цэргүүд зэвсэглэсэн цагдаа нарыг саатуулж, хүний амь аварлаа

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүд хүний амь аварлаа. Тодруулбал, тус улсын Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна энэ сарын 11-ний 14.50 цагт зэвсэглэcэн иргэд ирж, “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын ажилтныг барьцаалахыг завджээ. НҮБ-ын баазын гаднах зэвсэггүй бүсэд үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Н.Пунцагийн ахалсан “Зүчи” эргүүлийн бүлгийнхэн тэднийг эсэргүүцэж, зугтах замд нь саад хийжээ. Улмаар НҮБ-ын Батальоны ажиллагааны удирдлагын төвд шуурхай мэдээ хүргүүлсэн аж. Үүний дагуу тус төвөөс ажиллагааны төлөвлөлтийн офицер, ахмад Б.Цээноровоор ахлуулсан шуурхай бүлэг ажилласан байна. Зэвсэглэсэн этгээдүүдээс барьцааны хүнийг суллахыг шуурхай бүлгийнхэн шаардсан аж. Гэтэл зэвсэгт этгээдүүд хүмүүнлэгийн ажилтанд буу тулгаж, хүч хэрэглэн мотоцикл унуулан, зугтахыг завдсан гэнэ. Манай энхийг сахиулагчид цагийн байдлыг шуурхай үнэлж, зэвсэглэсэн этгээдүүдийн замд техникээр өртөөлчилсөн хаалт хийж, аврах ажиллагаа зохион байгуулжээ. Зэвсэглэсэн этгээдүүд энэ үеэр агаарт зургаа, бүлгийн машин руу гурван удаа буудсан байна. Харин манайхан хариу буудалгүйгээр тэднийг буулгаж авав. Энгийн хувцас өмссөн зэвсэгт этгээдүүд Өмнөд суданы IV дивизийн цэргийн алба хаагч болон орон нутгийн цагдаа нар байжээ. Энэ үйл явдлын дараа мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахара, IV дивизийн захирагч, хошууч генерал Карло Куал Руаи нар ирж батальоны удирдлагатай уулзсан гэнэ. Уулзалтын үеэр хошууч генерал Карло Куал Руаи болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлэн монгол цэргүүдэд талархахын зэрэгцээ уучлал хүссэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)