Монгол хүүхдийн анхаарал төвлөрөх чадамж дунджаас доогуур байна

Хүүхэд, залуусын хөгжлийн түвшнийг тодорхойлох цогц судалгааг Боловсролын хүрээлэнгийнхэн Монголд анх удаа хийжээ. Үүнд 6-21 насныхныг хамруулж, танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын хөгжил, чадамжийг нь тодорхойлсон байна. Нас бүрээс 260-265 хүүхэд, залуусыг сонгон, хамруулсан эл судалгаагаар “Монгол хүүхэд, залуусын анхаарал төвлөрөх чадвар дунджаас доогуур” гэсэн дүгнэлт гарчээ.

Харин нийгэмшлийн түвшин нь танин мэдэхүй, бие бялдрын хөгжилтэй харьцуулахад дээгүүр байжээ. Хүүхэд, залуучуудын хөгжлийн түвшин эцгийнх нь эрхэлж буй ажил мэргэжил, боловсролтой салшгүй холбоотой нь тогтоогдсон аж. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын харилцааны чадвар хүүхэд нийгэмших, танин мэдэхүйн чадвар нь хөгжихөд чухал нөлөө үзүүлдэг гэнэ.

Судалгааны үр дүнд үндэслэн, цаашид сургуулиудын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг засаж сайжруулах, сурагчдын төлөвшилд онцгой анхаарах цогц бодлого боловсруулах шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан аж. Судалгааг цаашид гурваас цөөнгүй удаа монгол хүүхэд, залуусын хөгжлийн түвшнийг нарийвчлан, бүрэн тодорхойлох юм байна.


Бэлгэсэн: М.Оч

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)