Монгол хүүгийн тоглосон цувралыг “Nickelodeon” сувгаар үзээрэй

С.Чингүүн хэмээх 13 настай монгол хүү АНУ-ын телевизийн “Nickelodeon” хүүхдийн сувгийн бүтээсэн “All that” инээдмийн цувралын гол дүрд тогложээ. Тэрбээр 12-15 насны 20 мянга гаруй хүүхдээс шалгарч, гол дүрд нь сонгогдсон байна. Ташрамд сонирхуулахад, “Nickelodeon” сувгийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг “All that”-ыг анх 1994 онд үзэгчдэд хүргэж байсан бөгөөд 25 жилийн дараа шинэчлэн хийсэн нь энэ ажээ.

Өсвөр насны найзуудын адал явдал, хөгжөөнтэй түүхийг өгүүлэх телевизийн бүтээлийн гол дүрд тоглосон С.Чингүүн АНУ-ын Чикаго хотод өсжээ. Тэрбээр “The second city” хэмээх драмын дугуйланд суралцдаг бөгөөд есөн настайдаа анхны уран бүтээлдээ тоглосон байна. Өдгөө Чикаго хотын Залуучуудын чуулга болон “Laugh out loud” театрын үндсэн уран бүтээлчээр ажилладаг гэнэ. Тэрбээр “Хүүхдийн жүжигт гурван жил тоглосон. Хичээлийнхээ хажуугаар дугуйландаа явж, амралтын өдрүүдээр театрт өнждөг. 

Өнгөрсөн хугацаанд Холливудын дэлгэцийн олон төрлийн кино, телевизийн цувралын дүрийн шалгаруулалтад оролцсон. 2018 оны зун тус телевизээс АНУ даяар зарласан 14 хоногийн тусгай сургалтад тэнцэж, 12 хүүхэдтэй хамт хамрагдсан. Энэ оны 1-3 дугаар сард тус цувралын дүрийн сонгон шалгаруулалт үргэлжлэхэд би тэнцсэн. Дөрөвдүгээр сараас бэлтгэл ажил эхэлж, өнгөрсөн сараас зургаа авхуулсан. Зургийн ажил наймдугаар сар хүртэл үргэлжилнэ. Цувралд өөр өөр онцлогтой долоон найзын тухай өгүүлнэ. Намайг монгол гэхээс илүү Азийн төлөөлөл гэж үзэгчид харж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Нью-Йорк явж, “People”, “The today show”, “Build series” зэрэг олны танил, нэр хүндтэй нэвтрүүлэгт оролцсон” гэсэн юм. Хөөмий, морин хуур сонирхон хичээллэдэг монгол хүүгийн тоглосон “All that” цувралыг энэ сарын 15-наас эхлэн бямба гараг бүр үзээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)