Монгол, Хятадын хамтын ажиллагааны цахим багийн анхны хурал боллоо

COVID-19 цар тахлын эсрэг Монгол, Хятадын хамтын ажиллагааны цахим багийн анхны видео хурлал энэ сарын 21-нд боллоо. Хурлыг Монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газар, Хятадын талаас тус улсын ГХЯ-ны Азийн газар ахлан оролцов.

Мөн хоёр улсын эрүүл мэнд, хил, гааль, мэргэжлийн хяналт, боомт, худалдаа, тээвэр, иргэний нисэхийн асуудал хариуцсан төв байгууллагын төлөөллөөс гадна Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөххот дахь ЕКГ, Шанхай хот дахь ЕКГ, Эрээн хот дахь Консулын газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Замын-Үүд дэх ЕКГ-ын төлөөлөл оролцжээ.

Хамтын ажиллагааны шинэ механизмын гол зорилго талууд цахимаар холбогдож, "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, оношлох, тусгаарлах, эмчлэх болон хорио цээрийн дэглэм, хяналт шалгалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар харилцан мэдээлж, туршлага солилцоход оршиж байгаа юм.

Цар тахлын аюул арилаагүй энэ үед өвчнөөс сэргийлэх, хамгаалах хяналтыг чангатгаж, хоёр талын эрүүл мэндийн байгуллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнчлэн хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо болон бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар зөвшилцөж, гарц шийдэл олох, шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

COVID-19 цар тахал нь дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ноцтой нөлөөлж, олон салбарын хэвийн байдал алдагдаж, хөл хорио, хориг хязгаарлалтын журамд шилжсэн нь улс орнуудын эдийн засгийн хөгжилд ихээхэн хохирол, алдагдал учруулж байгаа билээ. Тиймээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаагааг идэвхжүүлэхэд энэхүү механизм чухал ач холбогдолтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)