Монгол, Хятадын хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойн хүрээнд “Монгол Хятадын экспо” гурав дахь удаагийн үзэсгэлэн худалдаа ӨМӨЗО-ын Хөх хот, Улаан цав хот, Тонляо хотод 2019 оны есдүгээр сарын 5-наас 10-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Арга хэмжээний үеэр Монголын үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулж, борлуулах юм байна. Мөн энэ үеэр хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг эрэлхийлсэн хурал, зөвлөгөөн, худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд хийгдэнэ.

Үзэсгэлэн болох 11000 м2 талбайд 400 аж ахуй нэгжийг оролцуулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ нэг аж ахуй нэгжид 9 м2 талбайд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломж олгож байгаа юм. Оролцох зөвшөөрөл хүсэж байгаа аж ахуй нэгжийн бүртгэлийг Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн танхим, Мишээл экспо, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоонд наймдугаар сарын 2-ноос 12-ны хооронд бүртгэх аж. Өнөөдрийн байдлаар үзэсгэлэнд 20 гаруй аж ахуй нэгж бүртгүүлээд байна.

Харин сүү сүүн бүтээгдэхүүн, гахайн мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд оролцуулахыг БНХАУ-ын зүгээс хоригложээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)