Монгол уулчин Манаслуд мөрөө гаргав

Дэлхийд хамгийн өндөр, аюултай уулст зүй ёсоор тооцогддог 15 оргил бий. Тэдгээрийн нэг нь Манаслу (далайн түвшнээс дээш 8163 метр). Австрали улсын Сидней хотод ажиллаж, амьдардаг Б.Батболд өнгөрсөн сарын 25-ны 06.30 цагт оргилд амжилттай авирч, төрийнхөө далбааг мандуулжээ. Тэрбээр Манаслуд ийн мөрөө гарган, 8000 метрээс дээш өндөр оргилд хөл тавьсан монгол уулчдын тоог нэгээр нэмэв.

Манаслуд авирсан олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд Балба улсын таван хөтөч, Ирландын нэг, Канадын нэг, БНХАУ-ын хоёр, Пакистаны нэг, Монголын нэг, нийт 11 уулчин багтсан байна.

Өндрөөрөө дэлхийд долдугаарт жагсдаг, “Сүнснүүдийн уул” хэмээх нэртэй уг оргилд 1956 онд анх Тошио Иманишигаар ахлуулсан Японы уулчдын баг авирчээ. Дэлхийн алдартай уулчид “Эверестийг гол зорилгоо болгодог хүмүүст энэ оргил гайхалтай туршлага хуримтлуулахад хамгийн тохиромжтой” хэмээн үздэг байна.

Уулчин Б.Батболд 2008 оны гуравдугаар сард Австралийн Костюшко (далайн түвшнээс дээш 2228 метр), мөн 2017 оны дөрөвдүгээр сарын 30-нд Мера Пикт (далайн түвшнээс дээш 6476метр) хүүгийнхээ хамт авирч байжээ.

8000 метрээс дээш өндөр оргилд хөл тавьсан монгол уулчдын нэрийг жагсаалаа.

  1. Эверест 8848м, МУГТ, ОУХМ Г.Өсөхбаяр-2005 он
  2. К2 8611м, МУГТ, ОУХМ Б.Гангаамаа-2018 он
  3. Лхотце 8516м, ОУХМ Ж.Бямбасүрэн-2018 он
  4. Чо Оюу 8201м, МУГТ, ОУХМ Л.Болдбаатар-2001 он
  5. Манаслу 8163м, Б.Батболд-2019 он
  6. Шиша Пангма 8013м, ОУХМ Ө.Батманлай-2013 он

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)