“Монгол Улс өөрийгөө хамгаалах чадвартайг дэлхийд харуулсан”

2019 оны наймдугаар сарын 28. Дорнод аймаг. Хэрлэн сум (Чойбалсан хот). Монгол дайчдын хөшөө. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын ёслолын хүндэт зочид хараахан ирээгүй байна. Түүхэн ойн босгон дээр сэргээн засварлуулсан хүрэл хөшөө хүн зоноо хүлээнэ. Харин хөшөөнд өргөх гэсэн бололтой хүндэтгэлийн цэцэг дамжилсан хоёр хөгшин айсуй. Тэд бол хилийн цэргийн албанд 30 шахам жил хүчин зүтгэсэн Д.Ганхуяг, Т.Отгонтөр нар. Гэвч тэднийг тэнд цэцгээ өргөхийг албаныхан зөвшөөрсөнгүй. “Арга хэмжээ дууссаны дараа цэцгээ байрлуулаарай, ах нар аа. Албан ёсны жагсаал хийхэд цэцэг тань саад болох гээд байна” хэмээн залуу хархүү аргадна лээ, тэднийг. Хоёр хөгшин ч хүлээхээс төвөгшөөсөнгүй, бүх ёслолыг нь дуусгаад хүндэтгэлтэй гэгч нь цэцгээ өргөлөө.

Мөнгөнморьтоос ирсэн өсвөрийн дайчид

Үнэхээр ч тэнд хөдөлгөөн ихтэй өнжсөн. Хөлд нь цэцэг тээглэж мэдэхээр байсан. Дорнодчууд домогт ялалтын баярыг догдлон догдлон тэмдэглэдэг юм билээ. Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Түүхт ялалтад ард түмэн, ар тал, арми цэргийн гүн бат холбоо шингэсэн юм. Дорнод аймгийн ард иргэд эх орноо батлан хамгаалах нэгэн зорилгод нэгдэж, фронтод байлдаж байсан Монгол, Зөвлөлтийн армийн баттай ар тал болж чадсанаараа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Энэ бол Дорнод аймгийн мөнхийн бахархал, эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан баатарлаг хөдөлмөрийн онцгой гавьяа” хэмээн хэдэнтээ онцолж байсан.

Ойн баярын хүрээнд зохион байгуулсан онцлох арга хэмжээний нэг нь тус талбайд болсон, Монгол, ОХУ-ын цэргийн ёслолын жагсаал байв. Жагсаалыг зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал

Б.Амгаланбаатар командалсан бөгөөд тэрбээр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржид илтгэснээр хоёр орны цэргийн алба хаагчид ёслолын жагсаалаар алхсан юм. Монгол, Оросын иргэд ч хүндэтгэн жагссан. Тэдний дунд Халхын голын байлдаанд баатарлагаар амь үрэгдсэн дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсдөөс гадна “Спасибо Россия” хэмээх талархлын уриатай лоозон барьсан тус аймгийн залуучууд байлаа. Халхын голын байлдаанд хэрэглэж байсан автомашин, техник хэрэгслийг сэргээн засварлах уралдаанд шалгарсан залуус зассан машинаа унаж, цугласан олонд сонирхуулсан. Хоёр орны цэргийн уран бүтээлчид төдийгүй Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тоглолтоо толилуулсан. Мөн зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулсан, цэрэгжилтийн “Дөл” тоглолтын шилдэг оролцогчид, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Чита хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл, “Дайчин алдрын замаар” аяллын дугуйчид болон Төв аймгийн Мөнгөнморьт сумын сурагчид морьтойгоо оролцов.

8-13 насны найман сурагч Мөнгөнморьт сумаасаа мориор гарснаас хойш долоон өдрийн дараа Дорнодод ирж, баярын жагсаалд оролцож байгаа нь энэ аж. Тэдний нэг нь охин. Сумаасаа Халхгол руу 300 гаруй км аялах тэдэнд ядарч, шантарсан шинж алга. Мөнгөнморьт сумын сургуулийн ахмад багш Д.Буянбат өсвөрийн дайчдын морьтой аялал хийх эл санаачилгыг гаргаж, удирдаж яваа юм байна. Өсвөрийн дайчид эзэн Чингис хааны нутгаар дайрч, Халхын голын байлдаан болж, ялалтын тугаа мандуулсан газрыг зорьж ирснээ ам уралдан хуучилсан. Тэд бүгд хурдан морь унадаг нь холын аялалд гарахад нь давуу тал болжээ. Халхголоос Мөнгөнморьтдоо ирэхэд хичээл эхэлчихсэн, бараг есдүгээр сарын 10 болчихсон байх ч багш нь зэмлэхгүй, харин ч бахархана гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Үүнээс гадна Монгол дайчдын хөшөөний эсрэг талын индэрт шигтгэмэл цуврал зургийн цогцолборыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас бүтээжээ. Уг бүтээл нь Халхын голын байлдааны ялалтын сэдэвт шинэ зууны анхны монументаль зураг бөгөөд зураач Д.Будбаярын загвараар залуу уран бүтээлчид хийсэн байна. Цуврал бүтээлийн эхний хэсэгт 1939 оны дайны байдлыг дүрсэлжээ. Тэнгэрт онгоц, газарт Монгол, Зөвлөлтийн цэрэг, дайчид хамтдаа буу мөрлөн дайтаж буйг тэндээс харж болно. Харин дараагийн хэсэгт энх цагийн амьдралыг дүрсэлжээ. Ялалтын дараа цэрэг эрс саарал шинелиэ тайлж, эх орны бүтээн байгуулалтад шамдан орох бөгөөд энэ энх цагийн хөгжил, дэвшлийг бүтээхэд Зөвлөлтийн нөхөд мөн л харамгүй сэтгэлээр тусалж байгаа харуулах аж.

Энэ бүхнийг үзэж сонирхсоны дараа ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, Орос, Монголын хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулийн удирдагч, дэслэгч генерал Нусулев Михаил Яковлевич баатарлаг дайчдын дурсгалыг хөгшид, нялхасгүй хүндэтгэж буйд сэтгэл хөдөлж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрбээр “Монгол Улс өөрийгөө хамгаалах чадвартайг өөрсдөдөө төдийгүй дэлхийд харууллаа” гэж байлаа. Ташрамд дурдахад, тэрбээр Афганистан, Сирид байлдааны ажиллагаа удирдаж байжээ.

АВИАЦЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилалт Хэрлэн сумд, зэвсэгт хүчний 327 дугаар ангийн талбайд болсон. Энэ удаагийн сургуулилалтыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийж буйгаараа онцлог. Уг ялалтын 75 жилийн ойгоор Орос, Монголын цэргийн хамтарсан хээрийн сургуулилалт мөн тэнд болж байсан юм. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дорнод аймгийн удирдлага, ахмад дайчин Я.Өсөх, зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, тус сургуулилалтын Монголын талын удирдагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, сургуулилалтын ОХУ-ын талын удирдагч, дэслэгч генерал Нусулев Михаил Яковлевич нар оролцсон. Сургуулилалтын дараа хоёр талын цэргийн 1500 гаруй алба хаагч, 400 орчим техник хэрэгсэлтэйгээ жагсаж, зочид, төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн юм. Дэд сайд Т.Дуламдорж уг сургуулилалтын хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэх болон бэлэн байдлын чадвараа дээшлүүлдгийг дурдаад, ОХУ-ын нисэх хүчнийхэнд онцгойлон талархал илэрхийлсэн. Энэ удаа авиацын бүрэлдэхүүнийг өмнөх сургуулилалтаас нэмэгдүүлж, ОХУ-ын зэвсэгт хүчний “Ми-8 АМТШ” загварын нисдэг тэрэг дөрөв, “Ми-24” загварын нисдэг тэрэг дөрвөн нэгж оролцжээ. Хамтарсан сургуульд оролцсон ОХУ-ын цэргийн нисэхийн бүрэлдэхүүн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аж. Ойн баярт хүрэлцэн ирсэн хүндэт зочид Зөвлөлтийн нисэгчдийн хөшөө буюу Бунхан толгойд цэцэг өргөж, эрэлхэг дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэсэн.

Ташрамд дурдахад, Халхын голд дэлхийн хамгийн том агаарын тулаан болсон гэж үздэг аж. Тэнд тэд 20 мянга гаруй удаа нислэг үйлдэж, 258 онгоцоо алдсан талаар эх сурвалжуудад тэмдэглэжээ. Харин эсрэг тал 646 онгоцоо алдсан гэдэг. Улмаар ЗХУ 28 нисэгчдээ Баатар цол хүртээсэн байна.

Халхын голын байлдаанд оролцсон дайчдын цогцсыг хоёр орны хамтарсан баг хайх ажиллагааг уг сургуулилалтын хүрээнд явуулсан бөгөөд ЗХУ-ын 13 цэргийн шарилыг олсон байна. Тэднийг энэ үеэр хүндэтгэлтэйгээр оршуулжээ.

Түүхт ялалтын 80 жилийн ойн медалиар генерал Нусулев Михаил Яковлевич, ахмад дайчин Ц.Чимэдцэрэн нарын хүнийг шагнасан. Дэд сайд Т.Дуламдорж “Халхын голын байлдаанд оролцож халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг манай ард түмэн, төр, засаг гүнээ хүндэтгэж ирсэн. Ахмад үеийнхээ гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх, хөрш болон найрамдалт орнуудын хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, залуу, хойч үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд уг ялалтын ойн арга хэмжээ ач холбогдлоо өгч ирсэн” хэмээн тэмдэглэж байлаа. Ахмад дайчин Ц.Чимэдцэрэн бол түүхэн ойг тохиолдуулан бүтээсэн “Дайнд оролцсон охид” баримтат киноны баатруудаас өдгөө энх тунх байгаа цорын ганц дүр. Халхын голын байлдаанд Дорнод аймгийн Баяндун сумын 16 басган оролцсоны нэг нь эл буурай. 95 настай тэрбээр 1939 оны тавдугаар сард анхны тулалдаануудыг харснаа олонтоо хуучилдаг. Сувилагчаар ажилласан тэдгээр 16 охины хоёр нь 14, мөн хоёр нь 15 настай байж. 15 настнуудын нэг нь Ц.Чимэдцэрэн.

ДАЙНД ОРОЛЦСОН ОХИН

Ц.Чимэдцэрэн

Түүхэн ялалтын 80 жилийн ойн хүрээнд “Халхын гол-Энхийн дуулал” цэргийн сэдэвт дууны уралдаан зохион байгуулсан. Тус уралдаанд Дорноговь, Дорнод аймгийн театр, чуулгын уран бүтээлчид, ЦДБЭЧ, ХЦДБЧ, УДБЭТ зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагынхан, ардын авьяастнууд бүтээлийн болон дуулаачийн төрлөөр шилдгүүдээ тодрууллаа. Сүүлийн таван жилийн хугацаанд төрсөн, цэрэг, эх орны сэдэвтэй 80 гаруй бүтээлийг өрсөлдүүлж, дуулаачийн төрөлд УГЗ Д.Дорлигийн хөгжим, СТА Г.Ганбатын шүлэг “Домогт Халхын гол” дуугаар ЦДБЭЧ-ын дуучин Г.Мөнхбат тэргүүн байр эзлэв. Мөн бүтээлийн төрөлд УГЗ Д.Дорлигийн хөгжим, СТА Г.Ганбатын шүлэг “Домогт Халхын гол” тэргүүн байрыг хүртлээ. Уг уралдаанд ЦДБЭЧ-ын удирдлага, хамт олон найрал дуучид, Эстрад симфони найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ амжилттай оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)