МОНГОЛ УЛС өрсөлдөөнд бэлэн үү

“Coal Mongolia 2015” олон улсын чуулга уулзалт өчигдөр эхэллээ. “Хар алтны салбарт хөрөнгө оруулагчдын” гэх тодотгол энэ чуулганыг ямагт дагаж ирсэн боловч энэ жилийн хувьд эл чимэг хэтэрхий гангадах мэт санагдана. Танхимд цугласан гадаадын хөрөнгө оруулагчдыг тоолж болохуйц цөөн байв. Хэлэлцэж буй сэдвийн далайц ч хумигдаж, хүнд үеийг хэрхэн даван туулахыг л чухалчилжээ. Томчуудаас нь эхэлж тоочвол, Тавантолгойн уурхайд хөрөнгө оруулахаар зэхэж буй Хятадын “China Shenhua Energy” компанийн төлөөлөгчид чуулганд оролцохоор аль эрт бүртгүүлээд байсан ч гэрээг нь УИХ хэлэлцэхээр татсан тэр үдэш энд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байх юм.

БНХАУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун “Coal Mongolia 2015”-д оролцох урилгыг хүлээн авсан хэмээн эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар тодотгосон боловч өчигдөр хүрэлцэн ирээгүй. Харин “Sumitomo”-гийн бие төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн нь харагдсан. Уул уурхайн тоног төхөөрөмжийн голдуу, гадаадын цөөн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл л энэ жилийн “Coal Mongolia”-г тоожээ. Товчоор хэлбэл, Монголын нүүрс мөнхийн сонирхол биш гэдгийг энэ удаагийн чуулган нотоллоо.

Энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын компаниуд үүдээ барьсан, үйл ажиллагааны зардлаа хумихаар цомхтгосон мэдээлэл өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд цахим ертөнцөөр тасраагүй. Нүүрсний нүсэр зах зээлийн ашиг, орлогын далайц багассаар байгаа учраас тэр. Эх орноороо жишээлэн тайлбарлая. Монгол Улс өмнөх жилүүдэд нүүрсний салбараас өндөр үзүүлэлт хүлээж, өөдрөгөөр төсөөлж ирсэн. Харин өнөө жил төсөв хийгээд төлбөр тооцоонд “даруу” үзүүлэлтүүд зонхилжээ.

Уул уурхайн компаниуд энэ онд уулын ажлын төлөвлөгөөгөө 14.4 хувиар бууруулсан. 21.1 сая тонн нүүрс олборлож, 15 саяыг нь экспортолно гэж тэд төлөвлөсөн байх юм. Экспортын хэмжээ ийн 23 хувиар буурснаар, нүүрсний салбараас цутгах өрсөлдөөнд бэлэн үү төсвийн орлого ч хумигдаж, 133 тэрбум төгрөг болж дундарчээ. Байгалийн баялагтай орнууд санхүүгийн капиталыг бусдаас сорж авах бололцоог олгодог суперцикл өндөрлөснийг шинэ он гарснаас хойш бид олонтаа сонсож байгаа. Тэгвэл энэ шинэ хэмнэлд 173.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, Азийн Кувейт болох ирээдүйтэй Монгол Улс яаж зохицох вэ? “Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хамгийн том асуудал бол төмөр зам” хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид тайлбарлав.

Экспортолсон гурван тонн нүүрс тутмын нэгийг нь нийлүүлдэг “Energy Resources” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл түүнийг батлан өгүүлж, хилийн чанад дахь хэрэглэгчдэд нүүрсээ хүргэж өгөх шаардлага сүүлийн үед үүсээд байгааг учирлалаа. Өнгөрсөн жилийн байдлаар Ухаахудагийн уурхайгаас нэг тонн нүүрсийг олборлоод, Тяньжиний боомтод хүргэхэд 127 ам.доллар зарцуулж байжээ. Харин зах зээлд нэг тонн нүүрсний үнэ 100 ам.долларт дөнгөн данган хүрч байгаа. Өөрөөр хэлбэл, Хятадын нутгийн гүний, далайн эргээ түшин байрласан төмөрлөгийн үйлдвэрүүдэд нүүрс хүргэхэд ямар ч ашиггүй, монголчууд ямагт алдагдал хүлээнэ.

Төмөр замын дотоод сүлжээг нэн даруй байгуулах, улмаар өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр байгуулсан түүхэн гэрээнүүдээ нэн даруй ажил хэрэг болгох шаардлага үүсээд байгаа гэдэгт оролцогчид санал нэгдэж байлаа. Ийм давуу талуудыг бүрдүүлэхгүй бол нүүрсээ дэлхийн бусад орнуудаас өндөр өртгөөр тээвэрлэдэг Монгол Улс зах зээлээс хамгийн түрүүнд шахагдах эрсдэл бий гэнэ. Тиймээс тээвэр, ложистикийн хүндрэлүүдээ шийдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг төрийг зүгээс олгож өгсөн тохиолдолд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бийг Г.Батцэнгэл захирал тэмдэглэв.

Хятадын хил дагуу, Өвөрмонголын жижиг зах зээлд нүүрсээ хямд үнээр нийлүүлээд өдөр хоногийг өнгөрөөж болох ч далайн боомт дээр Австрали, Канад, Мозамбикийн нүүрстэй өрсөлдөх нь монголчуудын гол зорилго билээ. Өрсөлдөхийн тулд “Шинэ стратеги хэрэгтэй” хэмээн Монгол Улсын сайд М.Энхсайхан чуулганы үеэр хэлсэн үгэндээ цохлоо. “Орлогоо урьдын түвшинд хадгалахын тулд өртөг зардлаа бууруулж, олборлолт, тээвэрлэлт, борлуулалтаа нэм” хэмээн тэрхүү шинэ стратегиа тэрбээр томъёолов. Тэрбээр “Тавантолгой ба суперцикл” илтгэл тавьж дууссаных нь дараа “Суперцикл дуусаж, нүүрсний үнэ мөд өсөхгүй юм байна. Тавантолгойг одоо ашиглах хэрэг байна уу” хэмээх гэнэн гэмээр асуулт оролцогчдын дундаас гарсан юм.

Хариуд нь Монгол Улсын сайд М.Энхсайхан “Бид баавгай байсан бол сайхан цаг иртэл ичээндээ орж болох юм. Дэлхий нүүрсний нөөцөө барж дуустал ичээндээ унтъя гэвэл бидэнд 100 жил хэрэгтэй. Бид баавгай биш тул өрсөлдөж байж л дэлхийд гарна” гэлээ. Монгол Улсын нүүрсний хамгийн том төслийн хувьд Тавантолгойн талаар энэ чуулганы үеэр онцлон ярилцсан. “Том төслүүдийг УИХ татаж, шийддэг нь олон улсад байдаг л практик. Тухайлбал, Европын холбооноос Грект эдийн засгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсний дараа тусламжийн хөрөнгийг чухам юунд зарцуулахыг Парламент нь шийдэхээр өөртөө татан авч байсан.

Гэхдээ одоо маш эгзэгтэй цаг үед ирээд байна. “Тавантолгой” 30 жилийн турш хэрэгжих төсөл учраас УИХ хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх сайн шийдвэр гаргах байх гэж найдаж байна” хэмээн М.Энхсайхан сайд онцолсон. Тавантолгойн нүүрсний уурхайд хөрөнгө оруулна гэх итгэл тээж, Японы “Sumitomo” арлын орны том зах зээлд маркетингийн кампанит ажил өрнүүлээд эхэлжээ. “Coal Mongolia 2015” чуулган өнөөдөр эрчим хүч ба хийн зах зээл дэх Монгол Улсын боломж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, өртөг хэмнэх бололцооны талаарх асуудлуудыг хөндөнө.

БАЙР СУУРЬ

БОДИТОЙ, ХӨРСӨНД БУУСАН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙСЭН

Р.ЖИГЖИД (Уул уурхайн сайд):

-Дотоодын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд Уул уурхайн яамнаас тээврийн зардлыг багасгах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүнд мөрдөх стандарт, ангиллыг мөрдүүлэхээр болсон. Цаашдаа эрдэс баялгийн бирж байгуулна. Нүүрсний үнийг томоохон хөрөнгийн бирж бус, бүс нутгийн чанартай жижиг биржүүдээр зарладаг. Бид өдгөө урд хөршийн биржийн үнийг жишиг болгож байгаа. Одоогоор нээлттэй тендер зарлаж, бирж байгуулах ажлыг зохион байгуулах төсөл боловсруулахаар судалж эхэлсэн.

Ингэвэл бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зах зээл дэх ижил төстэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвартай болно. Нүүрсний салбараас энэ онд улсын төсөвт 132 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Борлуулалт, экспорт, үнийг өнгөрсөн оныхоос нэлээд багаар тооцож, бодитой, хөрсөнд буусан төлөвлөлт хийсэн гэж үзэж байгаа. 2015 онд 21.1 сая тонн нүүрс олборлож, 15 сая тонныг нь гаргасан.

Өнгөрсөн онд 19.5 сая тонныг экспортолсон. Үнийг нь ч бууруулж, коксжих нүүрсний тонн тутмыг 82.5 ам.доллараар тооцсон. Томоохон төслүүдээ урагшлуулж хөрөнгө оруулагчдыг тогтоохын тулд хууль эрх зүйн орчноо тогтвортой, ойлгомжтой болгох ёстой. Гадаад зах зээлд хийж буй үйл ажиллагаагаа маш сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Үүнээс гадна хууль эрх зүйн орчинд бодитоор гарч буй нааштай үр дүн, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эрх хэмжээ, бололцоог нь зөв танилцуулж, ойлгуулах нь чухал юм.

ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЭХ ГАЗРЫН ОРХИГДСОН АРАЛ БОЛЖ МАГАДГҮЙ

Л.НАРАНБААТАР (Эрдэс баялгийн эдийн засагч, судлаач):

-Бид БНХАУ-ын түншүүдтэйгээ ойлголцох ёстой. Учир нь бид тус улсын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч зах зээлд гарна. Харамсалтай нь “Coal Mongolia 2015” чуулганд “Шинхуа” компанийн төлөөлөгчид ирэхээр урилга авсан ч УИХ-ын хаврын чуулганы нээлтийн дараа оролцохгүйгээ мэдэгдсэн. Мөн тус улсаас манай улсад суугаа Элчид сайд оролцохоо мэдэгдэж байсан ч ирсэнгүй. Улстөрчдийн популизм ийм байдалд хүргэж байна.

Иргэний хөдөлгөөнийнхөн гудамжинд гарч хөрөнгө оруулагчдыг хөөлөө гэж ярьдаг ч үнэндээ ордон дотор суудаг хэд нь хөөдөг болчихсон. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ганцхан нүүрсний салбарын биш хайгуул, олборлолтын шатны хөрөнгө оруулагчдыг ч үргээснээс болж валютын хомсдол үүсэж, Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралд орсон. Энэ алдаанаасаа суралцаж, хууль эрх зүйн орчноо сайжруулан сүүлийн 2-3 жилд хичээж ажиллалаа.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль баталж, хайгуул, олборлолтын лицензүүдээ олгож эхэлсэн нь сайн хэрэг. Муу тал гэвэл УИХ-д сууж буй нөхдүүдийн талцлаас болж манай улс тодорхойгүй хугацаагаар эх газрын орхигдсон арал болж магадгүй. Тавантолгойн бүс нутагт сүүлийн таван жилд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан. Ойрын 2-3 жилд дөрвөн тэрбум ам.доллар татах боломжтой. Одоо гэрээнээс хамаарах нөхцөл байдал үүслээ. Хөрөнгө оруулалтын орчин сайн байгаа.

ТЭЭВРИЙН ЗАРДЛАА 40 ХУВЬ БАГАСГАХ БОЛОМЖТОЙ

Н.АЛГАА (Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч):

-2010-2011 онд нүүрсний зах зээл экспортын орлогоор Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлоготой тэнцэх хэмжээний үр ашигтай дэд салбар байсан. Тухайн үед Оюутолгойн ордыг ашиглалтад оруулж, борлуулалт эхлээгүй байв. Нүүрсний үнэ тэр үеэс даруй хоёр дахин, өнгөрсөн жилийнхээс 20 хувиар буурлаа. Үүнээс болж монголчууд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх сорилттой тулгарч байгаа. “Coal Mongolia 2015”-ын үеэр хөндөгдөж буй гол сэдэв энэ. Өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд бид зардлаа бууруулах, чанараа дээшлүүлэх, тогтвортой ханган нийлүүлэгч байх ёстой гэсэн гурван зүйлд анхаарч ажиллах хэрэгтэй болж байна.

Өртөг зардлын хувьд манай нөхцөлд тээврийн зардал өндөр. Олон дамжлагаа цөөлж, тээврийн зардлаа 40 хувиар багасгах боломж бий. Үүнийг ашиглаж чадахгүй маргасаар таван жил өнгөрсөн. Өнгөрсөн жил арай гэж шийдсэн ч талууд өөр өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэсээр маргаан бүрэн эцэслээгүй л байна. Манай хууль тогтоомжууд хоорондоо зөрчилтэй, үл нийцэж буй нь ийм байдалд хүргэлээ. Хуулийг өөр өөрөөр тайлбарлах биш, бүгд нэг мөр, адилхан ойлгодог болгох шаардлагатай.

Б.ЦЭЦЭГСҮРЭН, Ч.МӨНХЗУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)