Монгол Улс хэрэгцээнээсээ давсан онгоцны түлш үйлдвэрлэх боломжтой

ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн гишүүн улсууд болон бусад үйлдвэрлэгч олборлолтоо бууруулах, эсэхийг өнгөрсөн долоо хоногийн эцсээр хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадсангүй. Коронавирусийн тархалттай холбоотойгоор улс орнуудын эрэлт буурна гэсэн хүлээлтээс шалтгаалж “хар алт”-ны үнэ хямдарч байгаа тул тэд үйлдвэрлэлийн хэмжээг хэлэлцэхээр уулзсан юм. Үйлдвэрлэгчид шийдэлд хүрээгүй талаарх мэдээлэл цацагдсаны дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямдарлаа. Импортлогч орны хувьд энэ бол манайд сайн мэдээ, уг нь. Зах зээлд уг таваарын ханш өсөхөд Монголд жижиглэнгийнх нь үнээс гадна бараа, бүтээгдэхүүнийх нэмэгддэг жамтай гэхэд болно. Харин өнөөгийнх шиг буурахад дагаж хямдардаггүй гэх шүүмжлэл гардаг. Иймээс ч газрын тосны импортоос бүрэн хамааралтай манай улсын хувьд үүнийг шийдэх нэг гарц нь газрын тос боловсруулах үйлдвэртэй болох билээ. Энэ нь дотоодын хэрэглээгээ хангах, тогтвортой, импортынхоос хямд үнэтэй шатахуунаар автомашинаа “хооллох” боломж олгох төсөл юм.

Монгол Улс жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумд барихаар төлөвлөсөн. Уг үйлдвэрийн барилга, угсралтын ажлыг ирэх дөрөв, тавдугаар сард эхлүүлэх нөхцөл бүрдсэнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК мэдээлсэн. Тодруулбал, EPC-1 буюу технологийн бус байгууламжийн инженерчлэл, худалдан авалт, барилга, угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад Энэтхэг улсын “Жей эм си”, “Кей и си”, “Афконс” компани оролцон, тендерийн материалаа хүлээлгэн өгсөн юм. Энэхүү үйлдвэрийн төсөлд зориулан Энэтхэгийн Засгийн газраас нэг тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг бид мэднэ. Тус улстай байгуулсан хэлэлцээрт боловсруулах үйлдвэрийн ерөнхий гүйцэтгэгч нар нь Энэтхэгт бүртгэлтэй компани байхаар тусгасан байдаг аж. Уг тендерийн үнэлгээний ажлыг Монгол, Энэтхэгт зэрэг зохион байгуулж буй агаад шалгарсан компанитай нь “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” гэрээ байгуулснаар барилга, угсралтын ажлыг эхлүүлэх гэнэ. Товчхондоо, газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц төлөвлөлтийн шатнаас бүтээн байгуулалтынх руу “үсэрнэ” гэсэн үг.

“Тосон уул XIX”, “Тамсаг XXI” талбайгаас олборлосон тосыг адил хэмжээгээр авч, боловсруулах уг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар дотоодын шатахуун, шатах, тослох материалын (шингэрүүлсэн шатдаг хий, Аи-95 бензин, дизель, онгоцны болон зуухны түлш) хэрэгцээг 80-100 хувь хангах тооцоо гарчээ. Тухайлбал, “Евро-5” үзүүлэлттэй, өндөр чанартай шатахуун үйлдвэрлэх нь. Ингэснээр манай зах зээлд газрын тос, бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэх зэрэг стратегийн ач холбогдолтой. Монгол Улс ОХУ-аас жилд 1.2 тэрбум орчим ам.долларын газрын тос импортолдог дүн бий. Энэ мөнгө ч дотоодод үлдэх юм. Ташрамд дурдахад, манай улсын нийт импортын 25 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлдэг аж. Манай улс 2019 онд 46.6 мянган тонн онгоцны түлш импортолсныг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болохоор байна. Тэгвэл боловсруулах үйлдвэрээс жилд онгоцны 80 мянган тонн буюу хэрэглээнээсээ давсан түлш нийлүүлэх нь. Тиймээс манайх бусад орны агаарын тээврийн компанид онгоцны түлш борлуулах боломж бийг ч мэргэжилтнүүд дуулгав. 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй, жилд 8000 гаруй цаг (8750 цаг ажиллах боломжтой) ажиллах боловсруулах үйлдвэрт гидрокрекинг технологи ашиглахаар сонгосон бөгөөд экологид үзүүлэх нөлөө, хог хаягдал бага гарах зэргийг нь харгалзан үзжээ. Уг технологийг уян хатан гэхэд буруудахгүй. Аль бүтээгдэхүүнийг, ямар хэмжээтэй үйлдвэрлэхээ тохируулах боломжтой учраас тэр. Уул уурхайн салбар хөгжиж буй өнөө үед дизель түлшийг арай илүү, магадгүй цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдсэн үед авто бензинийг бага үйлдвэрлэх үү гэдгээ тохируулах учраас эдийн засгийн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлж технологийн горимоо өөрчлөх боломж олгоно гэсэн үг.

Хэрэв “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компанид боловсруулах тосыг үнэ төлбөргүй өгвөл хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг улам хямдаар нийлүүлэхэд нөлөөлөх юм билээ. Албан бус мэдээллээр, нэг литр шатахууныг 1700 гаруй төгрөгөөр борлуулж магадгүй сураг бий. Гэхдээ инфляц, материалын өртөг, бүтээн байгуулалтын явц зэргээс шалтгаалж дээрх тоо өөрчлөгдөх магадлал тун өндөр. Нэгэн геологич “Монгол Улсын газрын тосны ашиглалтын баталгаат нөөц 43 сая тонн. Үүнээс олборлосноо хасвал 35 орчим сая тонн болно” хэмээн ярив. Тиймээс ч газрын тосны нөөцөө нэмэгдүүлж, үйлдвэрт нийлүүлэхийн тулд хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг тэрбээр тэмдэглэсэн. Нөөцөө нэмэгдүүлэх боломж бий хэмээн үзэж байгаагаа мөн илэрхийлсэн юм. Ташрамд дурдахад, “Petro Matad” компанийн өрөмдсөн “Цэн тогоруу” цооногоос газрын тос өөрийнхөө даралтаар ундран гарч ирснийг бид өнгөрсөн аравдугаар сард мэдээлсэн. Өдгөө тус компани нөөцийн тайлангаа бэлтгэхээр ажиллаж байгаа гэнэ. Тэгвэл газрын тосны XIX, XXI талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна дачин Тамсаг” компанитай олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх талаар холбогдох мэргэжилтнүүд хэдийн ярилцаж эхэлсэн билээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна цахилгаан станц (35 МВт хүчин чадалтай), төмөр зам (Сайншанд өртөөнөөс үйлдвэр чиглэлийн, 27 км урттай), авто зам (17.5 км), агуулах, ачиж буулгах болон усан хангамжийн байгууламж, түүхий тос дамжуулах хоолой, 550 айлын 15 орон сууц, худалдаа, үйлчилгээний төв барихаар төлөвлөж буй. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, зөвлөх инженер Д.Алтанцэцэг “Цогц төсөл хэрэгжүүлэх учраас төлөвлөх, харилцан тохиролцох зэрэгт их хугацаа зарцуулах шаардлагатай болж байгаа” хэмээн ярилаа. Тэд үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ- ийг Энэтхэгийн “Engineers India limited” (EIL) компанитай хамтран боловсруулсан бол өдгөө үйлдвэрийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц болох төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажлыг бүрэн дуусгасан бөгөөд ажилчдын орон сууцын хотхоны бүтээн байгуулалт үргэлжилж байгааг дээрх компанийнхан дуулгалаа. Бүтээн байгуулалтын оргил үед Энэтхэгийн 8000 орчим ажилчин оролцох нь. Тэгвэл манайд 550 гаруй ажлын байр бий болох аж. Тэдний 200 нь инженер, 350 орчим нь техникийн болон туслах ажилчин байх гэнэ. Нэгдсэн хөтөлбөрийн дагуу тэднийг бэлтгэн, үйлдвэр барих үе шатанд бүхий л үйл ажиллагаанд оролцуулж, дадлагажуулахыг зорьж буй юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)